“Хилийн чанадад ч иргэний бүртгэл хийнэ”

Гадаад улс руу зорчих, аялах, амьдрахад тулгардаг бэрхшээлтэй асуултад Консулын албанаас хариулж байна.

-Энгийн паспорт эзэмшигч иргэн ямар оронд визгүй зорчдог вэ?

-Одоо манай иргэд Белорусь, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад (Хонконг, Макао) зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчиж байна.

-Монгол иргэд Украин Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчдог гэдэг ч хил дээрээс буцаах тохиолдол гарч байна. Яагаад?
-1979 онд ЗСБНХУ-тай байгуулсан иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийн дагуу манай иргэд Украин Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчино. Гэхдээ албан ажлаар явж байгаа бол уригч талын албан ёсны урилга, албан бичиг, хувийн шугамаар явж байгаа бол урьж буй хүний албан ёсны урилга зэрэг баримт бичгийг эх хувиар нь хил дээр үзүүлэхийг шаарддаг. Монгол иргэд албан ёсны урилга байхгүй, эсвэл урилгын хуулбар авч яваа тохиолдолд Украины тал хил нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол гардаг.

-Гадаад оронд удаан хугацаагаар сурч ажилладаг монгол иргэн амралтынхаа хугацаанд ирээд Улаанбаатарт байгаа гадаад орны ЭСЯ-нд тухайн орны виз мэдүүлж болох уу?
-Хэрвээ та аль нэгэн гадаад оронд сурч ажилладаг, тэндээ байнга оршин суудаг бол оршин суугаа улсдаа байгаа тус орны ЭСЯ-нд виз мэдүүлэх хэрэгтэй.

-Шенгений визээр хичнээн оронд зорчиж болох вэ?

-Европын холбооны хуучин гишүүн улсууд Австри, Бельги, Герман, Голланд, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Люксембург, Норвеги, Португали, Финланд, Франц, Швед болон шинэ гишүүн улсууд Кипр, Латви, Литва, Мальт, Словак, Словени, Унгар, Чех, Щвейцарь, Эстонид Шенгений визээр зорчино.

-Буцах үнэмлэхээр онгоцны тийз захиалж болох уу?

-Буцах үнэмлэх нь эх орондоо очих нэг удаагийн зориулалттай баримт бичиг тул суугаа орныхоо эрх бүхий байгууллагаас гарах виз авсан байх шаардлагатай. Энэ тохиолдолд Та онгоцны тийз захиалж болно. Харин дамжин өнгөрөх улсдаа 24 цагаас дээш байх тохиолдолд тухайн улсын дамжин өнгөрөх (транзит) виз шаарддаг.

-Хилийн чанадад иргэний бүртгэл хийдэг үү?
-Иргэний бүртгэлийн тухай хуульд “Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу иргэний бүртгэлийг хийнэ.

-Буцах үнэмлэхээр Монгол руу буцахад дамжин өнгөрч байгаа улсынхаа болон Монгол Улсын хил дээр татвар төлөх үү?
-Буцах үнэмлэхээр нутаг буцаж буй иргэд Монгол хүртэл онгоцны тийз авсан байх шаардлагатай. Дамжин өнгөрч байгаа улс болон Монгол Улсын хил дээр ямар нэг татвар, торгууль төлөхгүй.

-Зарим оронд монгол хэлний албан ёсны орчуулагч байхгүй тохиолдол гардаг. Баривчлагдаж саатуулагдсан иргэн гадаад хэл мэдэхгүй, мэдсэн ч мэдүүлэг өгөх хэмжээнд сайн эзэмшээгүй, эсвэл зөвхөн эх хэлээрээ мэдүүлэг өгөх хүсэлтэй байвал албан ёсны орчуулагч шаардах эрхтэй юу? Орчуулагчийн зардлыг хэн хариуцах ёстой вэ?

-Тухайн оронтой байгуулсан эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд орчуулагчаар хангах асуудал туссан байдаг. Орчуулагчийн зардлыг цагдаагийн байгууллага гаргаж, шүүхээс нэхэмжилдэг.

-Гадаадад удаан хугацаагаар албаны шугамаар, эсвэл суугаа орны удаан хугацааны виз, зөвшөөрөлтэй амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдүүд суугаа орныхоо их, дээд сургуульд төрийн сургалтын сангийн зардлаар БСШУЯ-ны шугамаар улсын захиалга, хуваарьт орох, тэтгэлэг авах боломж бий юу? Бий бол ямар хууль журам, шаардлага үйлчилж байгаа вэ?
-БСШУ-ны сайдын баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д дотоодын их, дээд сургуулийн оюутнуудын дунд шалгалт зохион байгуулж, сонгон авна гэж заажээ.

М.Мөнхтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих