НАТО-гийн цэрэг рүү дайрлаа хэмээн буруутгав

Косовогийн сербчүүдтэй мөргөлдсөнөөс үүдэн НАТО-гийн хоёр цэрэг шархадсан байна. Тэд галт зэвсгийн шархтай хэмээн цэргийн төлөөлөгчид нотолж байгаа боловч сербүүд зэвсэг хэрэглээгүй талаар онцолсон юм. НАТО-гийн энхийг сахиулах хүчнийхэн Косовка Митровица болон Зубин-Поток гэх хотуудын ойролцоо босгосон бэхлэлтийг зайлуулах гэж оролдсон бөгөөд сербүүдийн орхисон машин болон автобусыг замаас зайлуулсан байна. Гэвч үүний хариуд сербүүд энэ хэсгээс 500 метрийн зайнд дахин бэхэлгээ босгожээ.
Бэхэлгээг зайлуулах ажиллагаанд голдуу Германы болон Австрийн цэргийн хүчнийхэн оролцсон бөгөөд энэ үеэр сербчүүдийн талаас буудсан гэнэ. Хяналтын хоёр ч газрыг Албанийн засаг захиргааныхан булаан авах гэж оролдсоны дараа сербчүүд болон НАТО-гийн энхийг сахиулах хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсч эхэлсэн юм. Үүний хариуд нь сербүүд бэхэлгээ босгосон бөгөөд тэдгээрийг нь НАТО-гийн цэргүүд буулгах гэж оролдож байна.
1980-аад оны үеэр Косовод олонхи болсон албаничууд Югославаас тусгаарлах ёстой хэмээн үндэстэн хоорондын зөрчлийг анх үүсгэж байжээ. Тун удалгүй сөргөлдөөн жинхэнэ утгаараа дайн болон хувирсан бөгөөд аль аль тал нь ихээхэн хэмжээний хохирол амссан байдаг юм. Европ болон НАТО албанчуудын талд орсон билээ.
Косовогоос цэргээ гаргахгүй гэсний төлөө 1999 онд НАТО-гийн нисэх хүчин тэр үедээ Югославын нутгийг бөмбөгдөж эхэлсэн юм. 78 хоногийн турш бөмбөгдүүлсэн Белград буулт хийснээр Косовогийн бүс нутагт энхийг сахиулагчид орж иржээ.
Барууны орнуудын дэмжлэгтэйгээр Косово дахь засгийн эрх албанчуудын гарт орсон бөгөөд 2008 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тусгаар тогтнолоо зарласан юм. Энэ улсын тусгаар тогтнолыг дэлхийн 85 орон хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн дотор АНУ болон Европын холбооны орнууд багтаж байна. Гагцхүү Серби, Орос, Хятад болон хэд хэдэн орон тэдгээрийн дотор хориг тавих эрхтэй ОХУ болон БНХАУ багтдаг Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм.
URL:













