“Арабын хавар” Арабыг өөрчилж чадах уу?
Шашин шүтлэг хийгээд уламжлалт ёс заншил, соёл иргэншил, ахуй амьдралаар дэлхийн улс орнуудаас тун өвөрмөц нь Араб. Бидний мэдэх, төсөөлөл, ойлголтоор лалын шашинд захирагдаж байдаг газар шүү дээ. Дэлхий нийтээрээ лалын ертөнц гэж нэрлэдэг. Зарим тоймчид далд ертөнц гэх нь бий. Магадгүй энэ далд ертөнц гэсний цаана их зүйл нууцлагдаж байж болох.
Ер нь нэг их туйлшраад байдаггүй, лалын шашны ёс жаяг, ном дэглэмийг ягштал баримталдаг Арабын ертөнцөд энэ оны хавар хүчтэй тэсрэлт болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Арабын орнууд баян тансаг гэсэн ойлголт түгээмэл.
Мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа хүнийг Арабын шах шиг гэж зүйрлэдэг биз дээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхийг хэдэн мянганаар хамтдаа бүтээлцсэн лалын ертөнц нуугдмал, амар тайван, ажин түжин амьдралыг хөтөлсөөр шинэ зуунтай золгосон ч алчуураар толгойгоо ороосон арабчуудаас ер нь болгоомжилсоор өдий хүрсэн нь түүхэн үнэн.
“Арабын хавар” хэмээн нэрлэгдээд байгаа хувьсгал, бас бослого, хөдөлгөөнүүд нь мөн чанартаа нэлээд хүнд, олон талтай үйл явдлууд, цаашдаа урт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай, нийгэм, эдийн засгийн хямрал гэж улс төр, лалын шашин судлаачид үзэж байна.
Хойт Африкийн хил залгаа хэд хэдэн орон, Арабын зарим орнуудад хаваржин бужигнасан үйл явдлуудад дан ганц эрх баригчийг сэнтийнээс нь буулгах гэсэн оролдлого бус араасаа сайн, муу үр дагавартай олон үе ажиглагдаж байгааг тоймчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна.
Эхлээд эрх баригчдад харшилтай тэмцэгч хэсэг байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэгтэл эдгээр тэмцэгчид, бослого, хөдөлгөөнд дургүйцлээ илэрхийлсэн хэсэг байна. Бүр цаашлаад энэ хоёр хэсгийг үл тоож ердөө л нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны гажуудлыг эсэргүүцэгчид дийлэнх нь болчихоод байгаа юм.
Гурав дахь хэсэг нь тун “осолтой” бүрэлдэхүүн. Улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог эсэргүүцнэ гэдэг олон зуун жил бат бөх, цайз хэрэм мэт байсан лалын ертөнц ганхаж байна гэсэн үг шүү дээ.
“Арабын хавар”-аар бусдад халдварласан эдгээр хувьсгал Тунис, дараа нь Египет, цаашилбал Арабын бүхий л ертөнцөд тарахдаа голдуу хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй давхцсан юм. Энэ нь улс төрийн гэхээсээ илүүтэй ахуй амьдралын буюу ард иргэдийн ядуу байдалтай уялдаж байгаа юм.
Тэгвэл энэ дүгнэлт Арабын ертөнц баян тансаг гэсэн ойлголтыг няцаана. Арабын ертөнц газрын тос, эрдэс баялаг арвинтай. Тэгтэл ард иргэд нь ядуу. Тэр их нефть, эрдэс баялаг хэний гараар хэний хэтэвчийг түнтийлгэж байна вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа биз.
Эндээс баячуудыг сэжиглэхэд хүрнэ. Өөрөөр хэлбэл зөөлөн сэнтийд залрагсдыг шүү дээ. Гэдэс өлсгөлөн цаашлаад өлсеж үхэхэд лалын шашин авралаа өгөхгүй гэдгийг сүсэгтэн олон нь мэдэрч эхэлсэн байна. Хунтайж, ерөнхийлөгч, сайд, дарга нар газрын хэвлийн баялгийн орлогыг тэгш хуваарилаагүй хүмүүсийг хараан зүхэж, тэдний эсрэг хөдөлсөн нь Арабын ертөнцийг бүхэлд нь босгосон гэж болно.
Өөр нэг томхон дэгээ, шалтгааныг олж харахад томруулдаг шил хэрэггүй болжээ. Үүнийг өдгөөгийн улс төрчид зарчмын гэж нэрлэх юм билээ. Мөн чанартаа зарчмын гэдэг үг “Монголоор” нохой үг, манж үг юм. Манай улс төрд ч зарчмын гэсээр байгаад буруутсан нь их шүү дээ.
Арабын ертөнцөд бужигнаад байгаа эдгээр орнуудын ихэнхэд нь олон жилийн тэртээх хувьсгалт дэглэм тогтсон хэдий ч одоо хувьсан өөрчлөгдөж, хувийн эрх мэдэл, ганц хүний шахам дарангуйлал болон хувирчээ. Тун энгийнээр хэлбэл ард түмнээ дарлан мөлжиж, төриин хүчирхийллээр хүлцэнгүй ноомой болгосон байна.
Цагийн жамаар залгамжлагч элит давхарга гарч ирсэн ч тэд засгийн эрхэнд байх хугацаандаа хүртэж болох бүхий л нийгмийн баялгаас ашиглахыг хүсч шунахайран улайран, манайханы хэллэгээр ханцуй шамлан зүтгэцгээсэн юм.
Арабын хаврын гурав дахь үе нь өнгөт хувьсгал бөгөөд эрх мэдэл болон нийгмийн баялаг, хувийн өмчийг дахин хуваарилах явдал юм. Хүчирхэг, бас хүлцэнгүй байлгахыг эрхэмлэдэг лалын шашинтнуудад энэ нь тун ч ярвигтай бүтэшгүй тэмцэл мөн. Гэвч турж үхсэнээс тэмцэж үхсэн нь илүү цаг үетэй лалын ертөнц нүүр тулаад байна.
Эдгээр хувьсгалт үйл явц өрнөж эхэлмэгц Арабын орнуудад олон жилийн турш дарагдаж байсан зүйл ил гарсан нь үндэстэн, шашны үзлийн зөрчил юм. Өнөө ядуу зүдүүгийн байдлаас ангижрахаас илүүтэй үйл явц руу энэ хувьсгал нэгэнт халин оржээ. Өнөөдөр Арабын орнуудад үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн хэрхэн өрнөж байгааг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Эдгээр бослого, хөдөлгөөнийг зарим тоймчид Арабын эсрэг тэмцэл хэмээн нэрлэх нь ч сонсогдож байна. Учир нь хүний эрх, эрх чөлөө нь байнга зөрчигдөж ирсэн ард түмэн толгойгоо өндийлгөж байгаа хэрэг. Өмнө нь ч цухалдаад байсан Ирак болон Сири дахь курдууд, Египетэд коптууд, берберууд, хойт Африкт амазиги, Персийн булан дахь персүүд.
Эдгээр үндэстний, ястнуудын бие даасан байдлын төлөөх чөлөөт тэмцэл Арабын ертөнцийг тэсрэлтийн ирмэгт аваачих нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ таамаглалыг Олон улсын тоймчид дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдэд баримт, нотолгоо, үйл явцын цар хүрээтэй нь тайлбарлан бичсээр байна.
Лалын шашинтнууд дан ганц Арабт биш дэлхий даяар цөөн, цөөнөөр ч гэсэн тархсан шүү дээ. Арабын орнуудад гарсан бослогын нөлөөнд автан АНУ-ын Нью-Йорк хотноо “Уолл-Стритийг эзлэ” хэмээх хөдөлгөөн жагсаал хийх болсноор удаж, олон хотод жагсаал өрнөж байгаа билээ.
Казахстаны Атырау хотод хоёр ч газар дэлбэрэлт болжээ. Лалын шашинтай улсуудын дотор харьцангуй амгалан тайван хэмээгддэг Казахстанд иймэрхүү үйлдэл гарсан нь хачирхалтай. Тэгтэл хоёр долоо хоногийн дараа Жамбыл мужийн Тараз хотод халдлага болж 7 хүн амь үрэгдэв.
Эдгээр үйлдэлүүд нь цөмийн зэвсгийн туршилтын талбай, сансрын нислэгийн төвтэй, хүчирхэг улсад “Арабын хувьсгалын” бяцхан оч үсэрсэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж, ажиглагчид тун ч гярхай харж байна, бас болгоомжилж, энэ талаар дорвитой тайлбар хийхээс зайлсхийж байна.
Эрх баригчид дарангуйлагчийн огцруулах, үнийн өсөлтийг бууруулах, баялгийг тэгш хуваарилах зэрэг нийгэм, улс төрийн шаардлагаар эхэлсэн бослого, тэмцэл зарим үндэстний эрх чөлөөний тэмцэл рүү хальж, лалын шашинт орнуудад нэлээд хүнд байдал үүсээд байгаа бөгөөд түүнийг зүгээр нэг “хувьсгал” гэдэг үгээр халхавчилж болохгүй нээ!
Нийгэм улс төрийн хөдөлгөөн цаашид хэрхэн өрнөх талаар хэлэхэд арай эрт байна. Гэхдээ ойрын ирээдүйд шашин, үндэстний байдлаар эдгээр орнууд хэдэн хэсэг болон хуваагдах магадлал тун өндөр. Ливи хоёр магадгүй олон хэсэг, Сири улс мөн ялгаагүй, дээрээс нь Саудын Араб орж байна.
Ойрхи Дорнодын газрын зураг тун удахгүй өөрчлөгдөж эхлэхэд эргэлзэх зүйлгүй гэдгийг “Арабын хавар” харуулсаар байгаа бус уу?!
П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”
URL:













