2019-2020 оны өвөл гэхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлүүлэх, үлдэгдэл 46.1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов. Үүнд нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулах юм. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна.
Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм. 2018, 2019 он бол утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд үзжээ. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Үүний хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар тооцож байна.
Б.Саруул
URL:













