“Их дуулга”: Н.Түвшинбаяр тавдугаар байрт шалгарлаа

Токиогийн Их дуулгын сүүлчийн өдөр хүнд жингийн барилдаанууд болж, манай таван бөх дэвжээнд гарсан ч олимпийн аварга Н.Түвшинбаяр л медалийн төлөө барилдав.

-100 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр эхний тойрогт Камеруны Муссима Эваныг, дараагийн даваанд олимп, дэлхийн медальт, Израилийн Ариэл Зеевиг тус тус юүко үнэлгээгээр хожин наймд үлдээд дэлхийн аварга Такамаса Анаид вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч цэвэр хожигдсон.

Ийнхүү тэрээр чансаандаа 60 оноо нэмлээ.

Энэ жинд барилдсан манай нөгөө бөх Б.Тэмүүлэн БНСУ-ын Ким Кён-Тэд 2 минут 17 секундэд цэвэр ялагдсан бол +100 кг-д Б.Төгөлдөр Голландын Луук Вербид вазари, юүко үнэлгээ алдан хожигдов.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал Европын АШТ-ий гурван мөнгөн медальт испани бөх Сесилья Бланкод вазари үнэлгээгээр, -78 кг-д П.Лхамдэгд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рүика Сатод мөн вазаригаар ялагдсан байна.

Ийнхүү Токиогийн Их дуулгад 16-уулаа оролцсон монгол жүдочдоос гурав нь медалийн төлөө барилдаж, дэлхийн аварга Х.Цагаанбаатар цорын ганц хүрэл медалийг хүртлээ.

Энэ сарын 16-18-нд БНХАУ-ын Чиндао хотноо жүдочдын энэ оны сүүлчийн тэмцээн болох бөгөөд үүний дараа 2012 оны нэгдүгээр сард Казахстаны Алматыд зохиогдох “Мастерс”-т оролцох жин жингийн шилдэг 16 бөхийн нэр тодрох юм. Одоогоор манай улсаас эрэгтэй найм (60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар, 66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг: С.Ням-Очир, -100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн), эмэгтэй дөрвөн (48 кг: М.Уранцэцэг, 52 кг: М.Бундмаа, 63 кг: Ц.Мөнхзаяа, -78 кг: П.Лхамдэгд) жүдоч “Мастерс”-т оролцох боломжтой байгаа билээ.

Б.Номин


URL:

Сэтгэгдэл бичих