Хакер хийгээд далайн дээрэмчин, шилийн сайн эрсийн тухай
Компьютерийн гэмт хэргийн тухай ярихад компьютерийн хакерийн тухай тогтмол яригддаг. Хакер гэдэг нь компьютерийн систем рүү программчлалын аргаар хууль бусаар халдагчдыг хэлдэг.
1980-аад онд Майкл Синержи хэмээх хакер Америкийн үндэсний санхүүгийн агентлагийн систем рүү нэвтэрч ерөнхийлөгч Роналд Рейгэний мэдээллийн файл руу хандсан бөгөөд яг энэ үед түүнтэй зэрэг 63 хүн хандаж байхыг ажигласан байна. Харин Майкл Синержи тухайн системийн хамгаалалтын цоорхойг Холбооны Мөрдөх товчоонд мэдэгджээ.
1988 онд Америкийн үндэсний банкнаас компьютерээр дамжуулан 70 сая доллар хулгайлан шилжүүлж байгаад 3 хакер баригджээ. Францад нэгэн хакер валют солих машиний ханшийг алсаас компьютерээр өөрчлөх аргыг олон дараах аргаар их хэмжээний мөнгө олжээ. Тэрбээр эхлээд 5 долларыг 1 франктай тэнцэх болгоод 100 франкаа сольсноор 500 доллартай болж. Дараа нь 1 долларыг 5 франктай тэнцэх ханштай болгосноор 500 доллараа эргүүлэн сольж 2500 франктай болсон байна. Гэх мэтээр их мөнгө олжээ.
“Олон улсад “сүүдрийн сүлжээ” гэж нэрлэгдсэн Хятадын хакерууд Энэтхэгийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, Далай ламын 1500 гаруй цахим шуудан болон бусад чухал мэдээллүүдийг хулгайлсан байна” гэж ” Associated Press” агентлаг мэдээллээ. Торонтогийн Их сургуулийн судлаачид хакеруудын нэвтрэх үйл ажиллагааг илрүүлэн хойноос нь мөшгөснөөр кибер халдлага Хятадын Ченгду хотод байрлаж байсныг олсон байна. Хятадын хакеруудын үйл ажиллагааг тэд сүүлийн найман сар хянаж мөшгөж байгаа юм байна.
Энэ үйл ажиллагаанд Хятадын Засгийн газар холбоотой гэх баримт байхгүйн дээр Хятад улс үүнд холбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр аюулгүй байдлын шинжээчид Хятадад байрлалтай компьютерүүдээс ” Google” болон бусад компанийн компьютерууд руу нэвтэрснийг илрүүлсэн. “Ийм асуудал гарч байгаа тухай мэдээг бид сүүлийн үед олноор сонсож байна. Яагаад ийм асуудлууд гаргаж тавиад байгааг би мэдэхгvй байна. Бид интернетээр хууль бус үйлдэл хийхийг эсэргүүцдэг” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жианг Ю мэдэгджээ.
Далайн дээрэмчид… Энэ үг хүн бүхнийг айлган чичрүүлж байсан цаг үе хэдийнээ улиран одсон ч тэдэнд “хайртай”, тэдний адал паянг сонирхон нүд, чих тавьдаггүй хүн гэж үгүй байх аа. “Далайн дээрэмчин” гэхээр л толгойдоо арчуур ороон ар дагзандаа зангидсан, сохлуулсан нүдээ хар даавуугаар боосон, эсвэл модон хөл дээрээ хазганаж үс сахал, хир дагандаа дарагдсан үзлийн нөхөд ой тойнд буудаг билээ. Тэдний адал паян, халдлага дээрмийн тухай өгүүлсэн кино бүтээлийг хүмүүс хэзээнээсээ шимтэн сонирхсоор байгаа. Сүүлийн үеийн хамгийн алдартай, олныг байлдан дагуулсан ийм бүтээл бол Жонни Деппийн гайхамшигтайгаар тоглосон “Карибийн тэнгисийн дээрэмчид” билээ.
Тэд зах хязгааргүй тэнгис далайг аймшиггүй, хэзээ ч хөмөрч мэдэх гэр орноо болгон, оддоор л баримжаа хийн явж, дундад зууны үед тив дэлхийгээр аялан тэнэж арилжаа наймааны хөлөг онгоцуудыг уулгалан дайрч орхиод ор сураггүй алга болж орхидог…
Пиратууд, “шилийн сайн эрс” хэмээх тухайн цаг үедээ мянга түмэн эрсээс ганц нэгхэн нь л тодрон гарч байсан хүмүүсийн тухай домог яриаг хүн төрөлхтөн чих тавин сонирхсоор л байнам. Шотландаас дэлхийд алдаршсан зохиолч Роберт Льюис Стивенсоны “Эрдэнэ нуусан арал” роман, ялангуяа киног нь хүмүүс сайн мэдэх болов уу?
Нэгэнтээ тэрбээр өөрийн дагавар хүү Ллойдыг дуудаад нэгэн арлын газрын зургийг харуулахад хүү “энэ юу вэ” хэмээн шивнэн асуусан гэдэг. Хөвгүүн хойд эцгийнхээ элдэв зүйл зохион ярьдагт дассан байсан хэдий ч энэ удаад тэрхүү газрын зургийг жинхэнэ гэдэгт бараг итгэсэн гэдэг.
“Эрдэнэ нуусан арал” хэмээн Стивенсон мөн л шивэгнэн өгүүлснийхээ дараа газрын зураг дээр нэгэн хэрээс зурж тэмдэглэснээ “Яг энд алдарт далайн дээрэмчин Флинтийн эрдэнэсийг булсан байгаа” хэмээн тодруулан хэлсэн гэдэг.
Каперууд хэмээх “сайн эрс”
Зохиолч Кэррол охидоо зугаацуулахын тулд элдэв зүйл зохион ярьдаг байснаас хожим нь “Алиса үлгэрийн оронд” хэмээх алдарт зохиол мэндэлсний адил Стивенсоны дагавар хүүгээ зугаацуулсан зохиомжоос алдарт “Хөлөг онгоцны тогооч буюу Эрдэнэсийн арал. Хөвгүүдэд зориулсан өгүүллэг” роман төрсөн ажээ.
Ийнхүү “Хар эрүү сахал” хочит Роберт Тич зэрэг пиратуудын хамгийн харгис бодит удирдагчдын түүх цааснаа мөнхөрчээ. Зохиолд өгүүлэх “Хар эрүү сахал” зэрэг нь жинхэнэ цэвэр пират байсан бол харин ч бүүр эрх баригчдын “өнгөлөн далдлалт” доор байдаг пиратууд ч бас байжээ. Тэднийг каперууд / “кап” буюу “хошуу” гэсэн үг/ гэнэ. Ялангуяа далай тэнгисийн нарийхан хоолой дахь хошууны араас гэнэдүүлэн довтлох нь тэдний хамгийн дуртай тактик байжээ.
Европын тэргүүлэх гүрнүүдийн тасралтгүй үргэлжлэх өвөр хоорондын дайны улмаас олон хөлөг онгоцны ахмад, эзэд улс орныхоо хаад, вангуудаас каперийн гэрчилгээ баталгааг авснаар дайсагнагч гүрнүүд хийгээд төвийг сахисан улсуудын худалдааны хөлөг онгоцуудыг булаан эзэлж, дээрэмдэн олзолдог “ажилтай” болдог байж. КАПЕР НЬ ЭЗЭЛСЭН ХӨЛӨГ ОНГОЦ, ОЛЗ АШГАА УЛСДАА ТУШААЖ, ӨӨРИЙН ХУУЛЬ ЁСНЫ ХУВЬ ХИШГЭЭ ХҮРТДЭГ БАЙСАН гэнэ. Францад бол каперийг “корсар” гэдэг байж. Аль аль нь улс орондоо нэн хүндлэгдэх тул амжилттай довтолгоон, ялалтынх нь дараа тэднийг үндэсний баатрууд мэтээр хүндлэн угтдаг байсан ажээ.
Гэвч пират болоод каперийн ялгаа зааг тун эмзэг байсан учраас олон капер ердөө л жирийн дээрмээр “оршин тогтнох” болсон түүхтэй гэнэ.
“Миний алдарт дээрэмчин”
Фрэнсис Дрейк хэмээх алдарт капер 1552 онд /460 жилийн тэртээ/ хоёр хөлөгтэйгээр Америкийн эргийг анх зүглэсэн бол эргэж ирэхдээ алдарт капер нэгэнт болсон байж. Түүнийг хатан хаан I Елизавета гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авч, төлөвлөсөн элдэв шинэ авантюр санааг нь нухацтай сонсон хоёулахнаа уулзсаны дараа хатантны өргөөнөөс тэрбээр Хатан хааны флотын адмирал цолтойгоор гарч ирж байсан азтай нэгэн. Тэрбээр “Пеликан” хөлгөө “Алтан марал гөрөөс” хэмээн бэлгэдэн нэрлээд, испанийн хөлгүүдийн аранга болж, онгоцоо алт мөнгө, эрдэнэс, үнэт бараагаар дүүргэж явсан гэдэг. Испаничууд түүнийг “зөвхөн мөнгө л гэхэд 240 тонныг дээрэмдсэн” гэж Мадрид руу мэдээлж байжээ.
Дрейкийг зарим намтар судлаачид “жентэлмэн дээрэмчин” хэмээх бүлэгт оруулж тоолдог байна. Тэрбээр протестант шашинтан байсан хэдий ч заналт католик шашинт ганц ч испанийг хороогоогүй хэмээн гайхуулдаг байсан гэнэ. Мөн олзлогдогсдыг эрүүдэн шүүж зовоодоггүй, ердөө л хөлөг онгоцных нь бүх шургааг модыг тайрч хаяад зайлбаргүй сүйрэлд орхин оддог “энэрэнгүй нэгэн” байжээ.
Дрейкийн алдар суу агуу их болж, ХАТАН ХААНТАН ТҮҮНИЙГ “МИНИЙ АЛДАРТ ДЭЭРЭМЧИН” ХЭМЭЭН ӨХӨӨРДДӨГ БАЙЖ. Түүнийг Англидаа эргэн ирэхэд нь рыцарийн хэргэм зэрэг /одооны “сэр” зэрэг. Тухайлбал, Пол Маккартни, “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Алекс Фергюссон, алдарт хөлбөмбөгчин Бобби Чарльтон нарт лав олгосон/ хүртээж байжээ.
XXI зууны далайн дээрэмчид
Харин XXI зуунд ахмад Киддийн “үр удам” энд тэнд шалихгүй дээрэм тонуулаа үйлдсээр явна… Саяхан даа Сомалийн пиратууд бүтэн хагас сарын турш барьцаанд байлгасны эцэст мөс зүсэгч “Свитцер Корсаков” хөлгийг тавьж явуулсан.
Өнөө цагт пиратууд Зүүн болон Зүүн өмнөд Ази түүнчлэн Зүүн хойд болон Баруун Африкийн эрэг мөн Бразилийн ойролцоо дээрмээ хийсээр байна. Дээрх хөлгийг эзэмшигч “Switzer” компани 700 мянган доллар төлж байж далайчдаа суллан авчээ. Өмнөхөн нь 2007 оны 12 дугаар сард мөнөөхөн Сомалийн сайн эрс японы химийн “Голден Нори” танкерийн төлөө 500 мянгыг халаасалж байжээ. Мөн Өмнөд Солонгос, Тайвань, Дани зэрэг улсын хөлөг ийм халдлагад өртөж байсан гэдэг.
Гэтэл зах зээлийн жилүүдэд Монголд гадаад гүрнүүдийн каперууд улам идэвхжиж, тэдний нөлөө сүүдэр тусахгүй салбар ч гэж үгүй болж байна. Дэлхийн эзэрхэг гүрнүүдийн төрийн уламжлалт бодлого гэж нэг айхтар зүйл байна. Тиймээс ч дундад зууны үест өрсөлдөгчөө сулруулахын тулд тэдний эсрэг дээрэмчид, сайн эрчүүдээ / каперууд/ ч хөдөлгөн ашигладаг байсан уламжлалаа өнөөдөр ч тавилгүй “орчин цагжсан” хэлбэрээр ашигласаар байна гэж хэлж болно. Өрсөлдөгчөө сулруулж, үндэсний валютийнх нь ханшийг унагахын тулд хуурамч мөнгөн дэвсгэрт зах зээлд нь нууцаар нэвтрүүлэх алхам ч хийдэг байж. Тухайлбал Гитлерээс ч бүтэн зууны өмнө Наполеон Бонапарт Орос оронд довтлохынхоо өмнө Орост хуурамч рублийг их хэмжээгээр нэвтрүүлэх замаар эдийн засгийг нь туйлдуулах хорлон сүйтгэх ажил хийж байсан гэдэг.
Хуучин цагт төрийн өмнөөс хийдэг байсан дээрэм тонуулаа эзэрхэг гүрнүүд өдгөө ийнхүү хувийн компаниуддаа, эсвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэргийн зөвлөх гэх хүмүүст шилжүүлжээ.
Монгол Улс зах зээлд анх шилжих үеэсээ л гадаадын хөрөнгө оруулалтыг хөхин дэмжих төрийн бодлого баримталсан нь аргагүйдсэн л алхам байсан байх. Учир нь тэр үед Монголд үндэсний хөрөнгөтнүүд хараахан төрч гараагүй, хувийн өмчийн бэлэн хуримтлал бас туршлага байсангүй ээ. Ийм харанхуй бүдүүлэг орчин руу орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид нь нутаг орондоо амжилттай бизнес эрхэлж чадахгүй байсан бага болон дунд гарын бизнесмэнүүд төдийгүй бага гарын луйварчид байв. Тиймээс ч тэдний эрхэлсэн бизнес нь хамгийн амар хялбар аргаар мөнгө босгох чадвартай баар диско, хоолны газрууд байсан. Нийслэлд л гэхэд өдгөө тун олон хятад болон солонгос хоолны газар, саун, тоглоомны газрууд л нээгдсэн болохоос жижиг дунд үйлдвэрлэлд тэд хөрөнгөө оруулсангүй. Үндэсний баялгийг нэмэгдүүлэхгүй бөгөөд тэдний олсон орлого нь нутаг руугаа л ачигдаж байгаа.
Өдгөө харилцаа холбооноос өгсүүлээд эдийн засгийн бүхий л салбарт гадаадын каперууд дээрмийн үйлдлээ хийсээр л… “Мобиком” компани л гэхэд өнгөрсөн онд 90 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан боловч Монголд оногдсон нь татварт хураалгасан хэдэн цаас төдийхөн. Үүрэн телефоны бусад компаниуд ч ялгаагүй, яг ийм. За тэгээд “Сонгдо” эмнэлэг гэхэд л өдөрт асар их орлого олдгоосоо зөвхөн татварт л хэдэн төгрөг өгдөг. Бусад бүх орлого Монголын зах зээлд эргэлдэхгүй шууд л гадагшаа гарч байна.
Уул уурхайн салбар түлхүү хөгжөөд ирэхийн цагтаас өнөөх XXI зууны каперууд Монголд “зангуугаа татлаа”. Тухайлбал Паушок хэмээх капер Монголд алт олзворлож овоо ашиг унагамагцаа гэнэт эргээд л “Монголын төр түүний бизнесийг хууль бусаар хавчин шахсан тул өдий төдий хохирол амслаа” гээд Лондонгийн шүүхэд зарга өгөөд хэвтчихсэн. За тэгээд Хятад, Канад гээд олон орны каперууд өдгөө Монголыг хэрхэн сайн монжиж аваад бараа сураггүй алга болох вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа. Гадаад улс орнуудын эрх баригчид нь Монголд жаахан хэмжээний / олж буй ашиг унацтай нь харьцуулбал шүү дээ/ мөнгө зоосыг ихээхэн хүндэтгэлтэй байдлаар төрийн тэргүүн зэрэг хүмүүст гардуулан өгөх авч ар хударгаар нь хувийн хэдэн компаниараа дамжуулаад түүнээс ихийг дээрэмдэн авч байна.
Эдийн засгийн алуурчин Перкинсийн өчил
Гурван жилийн өмнө Жон Перкинсийн туулж өнгөрүүлсэн намтраасаа сэдэвлэсэн “Эдийн засгийн алуурчны өчил” ном хэвлэгдсэн даруйдаа дэлхий даяар олныг цочоож, тэр жилдээ “Нью-Йорк Таймс” -ын хамгийн их борлуулалттай номоор шалгарч, даруй гучаад орны хэлнээ орчуулагдсан юм.
Эдийн засгийн алуурчид гэдэг нь дэлхийн улс орнуудаас триллионоор нь доллар суйлдаг өндөр цалинтай эдийн засгийн зөвлөх, мэргэжилтнүүд юм.Эдгээрийг бас л ШИНЭ ЦАГ ҮЕИЙН КАПЕРУУД хэмээн нэрлэмээр байна.
Эдийн засгийн алуурчин нь санхүүгийн тооцоонд манипуляци засвар хийх, сонгуулийн үр дүнг урьдчилж зохицуулах, авлига, айлган сүрдүүлэг, аллагыг хэрэглэдэг. “Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Учир нь би өөрөө эдийн засгийн алуурчин байсан юм” гэж Ж.Перкинс бичжээ. Мөн тэрбээр Индонези, Панам, Экватор, Колумб, Саудын Араб, Иран зэрэг олон улсад том хэмжээний “эдийн засгийн” тусгай ажиллагаануудыг зохион байгуулдаг байсан тухайгаа маш дэлгэрэнгүй бичсэн байна.
“Тусламж” үзүүлдэг икс-орнууд /томоохон хөрөнгө оруулагч орнуудыг томъёолов/ гадаадын томоохон санхүүгийн болон Олон улсын байгууллагуудаас тусгаар орнуудад өгсөн мөнгийг том корпорациудын данс ба дэлхийн байгалийн нөөцийг хянаж байгаа хэдхэн гэр бүлийн халаасанд оруулдаг байна. Хэрвээ эрт цагийн каперууд улсдаа, хаан вантангууддаа хүчээ өгдөг байсан бол шинэ цагийнхны зарим нь МАСОН хэмээх бүлэглэлүүдэд зүтгэдэг бололтой. Дээр өгүүлээд буй хэдхэн гэр бүлийг л хэлээд байгаа хэрэг.
Масоны байгууллага гэдэг нь янз бүрийн цаг үед янз бүрийн нэрээр гарч ирж байсан, ижил язгуур үндэстэй албан ёсны болон нууц байгууллагуудын олон улсын сүлжээ юм. Масоны нөхөрлөл нь байгууллагынхаа хувьд улс төрд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй бөгөөд нөлөөлөхийг ч оролддоггүй гэнэ. Тухайлбал АНУ-ын 15 Ерөнхийлөгч нь масоны гишүүд байсан бөгөөд нөхөрлөл дотроо янз бүрийн байр суурь эзэлж байжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Линдон Жонсон масоны зөвхөн анхан шатны Сурагчийн зэрэгтэй байсан бол харин Эндрю Жексон, Харри Трүмэн нар Их Мастерийн зэрэгтэй буюу Теннесси болон Миссури мужийн Их танхимийг тэргүүлж байжээ. Харин Их Британид 1737-1907 онуудад масоны нөхөрлөлд 16 хаан хүү харьяалагдаж байснаас 4 нь хожим нь хаан ширээнд сууж байжээ. Өдгөө Английн масоны Нэгдсэн агуу танхимийг хаан хүү Кентийн Майкл тэргүүлж байгаа аж. Масоны хөдөлгөөн Америкийн нийгэмд ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг баримт бол Америкийн доллар дээр ч масоны тэмдэг байдаг нь пирамид доторх нүд юм.
Масонууд нь байгууллагынхаа хувьд өөрийн гишүүдийг улс төрийн энэ тэр байр суурь баримтлах буюу тодорхой улс төрийн нам, урсгалыг дэмжихэд хүргэсэн ямарваа шийдвэрийг гаргадаггүй аж. Түүнчлэн улс төрийн асуудлыг хэлэлцэх явдлыг масоны заншил ёсоор хатуу хориглодог байна. Эрт цагийн масоны дүрэм ёсоор масоны танхимд “шашин эсвэл үндэс угсгаа эсвэл төрийн улс төрийн бодлогын талаар ямар нэг хэрүүл маргаан байх ёсгүй” гэсэн байдаг.
Гэхдээ масоны гишүүд нь улс төрийн намд элсэх болон төрийн алба хашихад нь юу ч саад болдоггүй гэнэ. Гэхдээ заншил ёсоор бол улс төрийн албан тушаалд сонгогдсон масон нь танхимийн гишүүнээ орхиж, хуралдаанд суухаа зогсоон, татвараа төлөхөө больдог байна. Тухайлбал хаан хүү байхдаа масоны гишүүн болсон нэгдүгээр Павел хаан ширээнд суугаад тэдэнтэй тогтоосон холбоогоо тасалж байж.
Гэвч масончуудын улс төрийн хуйвалдааны талаарх сэжиг таамаг тасардаггүй бөгөөд өнөөгийн дэлхий ертөнцийг масончууд л удирдан залж явна гэсэн итгэл зарим хүнд байдаг аж.
Гүн ухааны үүднээс үзвэл масон гэдэг нь эзотерикийн ухааны нэгэн салаа салбар бөгөөд масон хүний оюун санааны дотоод хөгжилд голлон анхаардаг гэнэ. Ертөнцийг үзэх үзэлдээ масончууд Пифагор, Гермэс, Трисмегист, Күнз, Зороастр зэрэг эртний агуу их багш нараас олон зүйлийг өвлөн авсан байдаг гэх. Өнөөдөр масончуудын танхим байгуулагдаагүй улс орон гэж бараг үгүй бөгөөд дэлхий даяар хэчнээн масон байгааг хэн ч хэлж чадахгүй боловч хэдэн сая байгаа гэдэг нь л үнэн юм. Бусад улс орнуудад масоны танхимууд нь хандив буяны сан байгуулан, сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний төвүүдийг санхүүжүүлэх замаар нийгмийнхээ амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Зөвхөн АНУ-д л гэхэд масоны буяны байгууллагууд жилд хагас тэрбум долларыг эдгээр зорилгод зарцуулдаг байна.
Масончуудыг дундад зууны үеэс үе дамжсан язгууртнуудын зүгээс ивээн тэтгэж ирсэн уламжлалтай юм байна. Дундад зууны үед нууц хөдөлгөөн бүхий л Европыг хамарч, XVII-XVIII зуунд нууц нийгэмлэгийн гишүүдийг ” масончууд” буюу “чөлөөт чулуучид” хэмээн нэрдэх болсон аж. Еврейчүүд Палестинаас м.э 1 дүгээр зуунд хөөгдсөнөөс хойш энэхүү хуурамч сургааль Египетээс Испани хүртэл, Хятадаас Америк хүртэл аажмаар түгэн тархсан гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр масоны хөдөлгөөнд үүд хаалгаа болгоомжгүйгээр нээсэн улс бүрт хагарал бутрал нүүрлэн, Францад л гэхэд 14 дүгээр Людовикийг залгамжлагчид бүгдээрээ нууцлаг байдлаар үхэж байж. Тэрчлэн Шведэд 1792 онд III Густав ван хорлогдсоноос хойш эцэс төгсгөлгүй хувьсгал эхэлснээр энэ улсын дэлхийн алдар суу нь бөхсөн гэж үздэг байна. масончуудыг болгоомжгүйгээр улс орондоо нэвтрүүлсэн хаан бүр тэд алж хороон, ямагт хаант засгийн эсрэг тэмцэж байжээ. Хаант засаг түлхэн унагагдах бүрт улс оронд нь үндэстэн хоорондын болон шашин хоорондын дайн дэгдэж байж.
Дэвшил, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөл, үүрд мөнхийн энх тайван, оюун санааны төгөлдөршил гэх мэт “Нийт хүн төрөлхтний үнэт зүйлс” гэсэн уриа лоозонд нь хууртан ухаалаг, авьяаслаг, туршлагатай хүмүүс хүүхэд мэт хууртаж тэдний эгнээнд элсэн ордог байж. Тэдний халхавч болгосон эдгээр лоозон нь масончуудын жинхэнэ зорилгыг нуун далдалж байжээ. Зөвхөн дээд түвшний масончууд л “нууц нийгэмлэг” хэмээх аюулт зэвсэг нь юуны тулд бүтээгдэж буйг мэддэг байжээ. Энэ байгууллага нь төр улсыг эвдэн сүйтгэгч, ард олныг завхруулагчид байсаар иржээ. Өөрсдийн үүрэг зорилтоо тайлбарлахдаа тэд билэг тэмдгийг ашиглах нь олонтаа байж. Тэд хувьсгал ар араасаа дэгдсэн Францад үйлдсэн эвдэн сүйтгэлтээрээ бахархдаг байж, Парисийн коммунтай холбоотой байснаа 1871 онд ил тод зарласан байдаг. Хувьсгалч масончууд ялан дийлэх тутамд шашин шүтлэгийг аймшигтайгаар доромжлон, санваартнуудыг алж хороож байв. Орос дахь масончуудын сүм хийд, хаант засагтай хийсэн тэмцэл хоёр зуун жил үргэлжилж, ордны бүх эргэлтэнд оролцон, 1825 оны декабристуудын бослогыг бэлтгэсэн байдаг. Масоны хөдөлгөөнд оросын язгууртнууд, гар урчууд, тариачид ихээр татагдан орсон төдийгүй лам нар бүүр Цагаан хааны гэр бүлийнхэн ч холбогдох болжээ. XIX зууны сүүлчээс масоны хөдөлгөөн нь утга зохиол, уран сайхан, улс төрийн хүрээлэлд өргөн дэлгэрчээ. Эдгээр нууц нийгэмлэгүүдийн ард зоныг өдөөсөн явуулга нь хувьсгал болон дэлбэрч, хаант засгийг түлхэн унагаж иргэний дайнд хүргэсэн билээ…
Эдийн засгийн зөвлөмжийн нөгөө тал
Эдийн засгийн алуурчны үүрэг нь тусгаар улсуудад өндөр үнэтэй эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөмж жорын дагуу эдийн засгаа шинэчлэх, орчин үеийн зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эдийн засаг-нийгмийн багц реформ явуулахыг итгүүлэх явдал. Хэргийн гол нь эдгээр асар том төслийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас зайлшгүй их хэмжээтэй зээл авах ёстой. Тэдгээр зээлийн үндсэн нөхцөл нь икс-орнуудын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах явдал юм. Ингэснээр эдийн засгийн хоцрогдолтой хийх тэмцлээр халхавчлан икс-орнуудын ашиг сонирхлыг хамгаалахын хамт тухайн улсыг өнөөдрийн нэг туйлт ертөнц дээрх хамгийн том эзэнт гүрнээс хараат болгодог.
Эдийн засгийн алуурчин нь тухайн улсын лидерүүдийг икс-орнуудын худалдааны сонирхлын сүлжээний нэг хэсэг болгож, тэднийг үнэнч байлгадаг. Улс төр, эдийн засгийн урхи бэлтгэж, өрийн хавханд оруулна. Дэд бүтцийн хөгжилд зээл өгнө. Ард түмэнд нь хурдны зам, технопарк, цахилгаан станц, онгоцны буудал барьж өгснөөр тэдгээр лидерүүдийн улс төрийн байр суурь бэхждэг.
Зээлийн хөрөнгөөр тухайн улсад бүтээн байгуулсан икс-орнуудын инженер, барилгын компаниудын эзэд үлгэрийн мэт баяждаг. Үнэндээ санхүүжүүлж буй мөнгөний ихэнх нь хилээс гаралгүй икс-орнуудын барилгын компанийн дансанд нь ордог.
Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн болон цэргийн хэрэг гарсан үед тухайн улсын лидерүүдийг ашиглах боломжтой болдог. Мөн тухайн улсаас НҮБ-д тэдний хүссэнээр санал өгөх, цэргийн баазыг нь байрлуулах, нефть шатдаг хий зэрэг байгалийн баялгаа ашиглуулах зэргийг шаарддаг.
Хэрэв эдийн засгийн алуурчин үүргээ гүйцэтгэж чадаагүй бол тэдний оронд “цөөврүүд” сүүдрээсээ ил гарч ажиллаж эхэлнэ. Төрийн эргэлт гарч, эсвэл лидерүүд гэнэтхэн автомашины ослоор золгүй амь үрэгдэнэ. Хэрэв “цөөврүүд” гэрийн даалгавраа биелүүлж чадаагүй нөхцөлд цэргийнхнийг тийш нь илгээдэг.
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН НЬ ӨӨРИЙН УЛС, ЗАСГИЙН ГАЗАРТАЙГАА ЯМАР НЭГ ШУУД ХОЛБООГҮЙ, ХАМААРАЛГҮЙ БАЙХААР ХӨНДЛӨНГИЙН ХАРАГДАХ ГАРЦ ОЛЖЭЭ. 1960-аад оноос Олон улсын томоохон байгууллагууд бий болж, үндэстэн дамнасан олон улсын том корпорациудад чадварлаг Эдийн засгийн алуурчныг оруулах болжээ. Хэрвээ тэднийг баривал тэдний бохир ажил нь Засгийн газартай хамаагүй компаниудын хомхой шуналтай холбоотой хэрэг болох юм.
1972 онд түүнийг Панамд ажиллуулахаар томилон явуулсан байдаг. Панам жижиг орон бөгөөд Атлантын болон Номхон далайг холбосон сувгаараа алдартай юм. Панамын сувгийн бүс нутагт америкчууд тансаг байранд сууж, гольф тоглож, дээд зэрэглэлийн дэлгүүрээр үйлчлүүлж байсан бол сувгийн бүсээс гадна талд байгаа панамчууд модон оромжид хорогдож, хальж урссан бохир дунд амьдардаг байлаа.
Тийм ч учраас “Панамаас америкчууд гар” гэж шаардах нь энүүхэнд байжээ. Перкинс тэр үед Панамын нэрт Ерөнхийлөгч Омар Торрихостой танилцаж түүний оюун ухааныг биширч түүнтэй хувийн харилцаа тогтоосон байна. Торрихос “эдийн засгийн алуурчин”-ы тухай мэдлэгтэй, том гүрний тоглоомыг гадарладаг нэгэн байсан аж. Тэр Америкийн компаниудтай хамтарч ажиллавал асар баян болж болохоо ч мэдэж байжээ.
Гэсэн ч тэр тийм зам сонгоогүй юм. Тэр тусгаар улс байж, ядуу панамчуудын төлөө, Панамыг өр төлбөрөөс салгах арга замыг сонгож Панамын сувгийг үндэсний болгох, хоёр далайн төвшнийг нэг болгох, том том хөлөг онгоц уг сувгаар зорчиж болох төсөл боловсруулж түүндээ хөрөнгө мөнгө босгох гэж Дэлхийн банк, Америк дундын хөгжлийн банкинд төслөө гаргаж байж.
Тэгээд ийм зам сонгосныхоо төлөө учир битүүлгээр онгоцны ослоор нас барсан байдаг. Перкинс үүнийг санаатай аллага байсан гэдэгт итгэдэг бөгөөд Торрихостой сайн нөхрийн харилцаатай байсны хувьд эдийн засгийн алуурчны ажлаасаа сайн дураараа татгалзжээ.
Тэрбээр Америкийн “АВС телевизийн ” Democracy now!” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Бидний хийж сурсан ажил болоод гол зорилго бол Америкийн эзэнт гүрнийг байгуулах юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сүүлийн 50 жилийн турш цэрэг, дайны оролцоотойгоор хүн төрөлхтний түүхэнд энэ том гүрнийг байгуулж чадсан. Нэлээд амжилттай шүү. Энэ эзэнт гүрэн нь эдийн засгийн “алуурчид” -ын тусламжтайгаар эдийн засгийн ашигтай алдаа, луйвар, эрх мэдлээ ашиглах арга замаар байгуулагдсан. Энэ бүхний нэг хэсэг нь би өөрөө” хэмээн мэдэгджээ.
Хэдхэн жилийн өмнө дөө, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын алба хашиж суусан цагаач чех хатагтай Мадлен Олбрайт “Сибирийн энэ асар их баялгийг Орос улс цор ганцаараа эзэмшиж буй нь шударга бус хэрэг. Харин энэ баялгийг хүн төрөлхтөн адил тэнцүү эзэмших эрхтэй” гэсэн утгатай үг унагаж байхыг цэнхэр дэлгэцээр хараад их л цочирдон гайхаж байсан санагдана…
Орчин үед хакерууд клуб болон бусад зохион байгуулалттай ил далд олон байгууллагууд байгуулан ажиллаж хакеруудын арга улам хөгжсөөр байна. Компьютерийн гэмт хэргийн ертөнцөд орохыг хүсэгчид ч олон байдаг. Тухайлбал Германы хакерийн клуб өөрийн гишүүддээ хакерийн сургалт, семинар явуулдаг түүнчлэн хакер хийх аргын судалгаа хийдэг зэрэг үйл ажиллагаатай бөгөөд энэ клубт шинэ гишүүн элсэхийг хүсвэл элсэлтийн төлбөр болгон компьютерийн вирус зохиож хэрэв тэр нь шаардлага хангавал гишүүнээр элсдэг байна. Хакерийн ертөнц өөрийн гэсэн эрх зүйг томьёолон тодорхойлж компьютерийн мэргэжилтэнүүдийн хакер болох сонирхолыг өдөөх олон хэлбэртэй байдаг. Тухайлбал:
Хакерууд өшөө авах чадвартай. Жишээ нь хакер өөрийн буруугаас биш байдлаар ажлаасаа халагдвал өшөөгөө авч хэрэгтэй өгөгдөл болон техник хангамжийг программчлалын аргаар устгаж болох юм.
Хакерууд өөрийгөө хамгаалж чадна. Жишээ нь хакер ямарваа байгууллагад захиалгат программыг бичиж өгөөд төлбөрөө төлөхгүй бол программ хангамжийн бөмбөгийг байгууллагын компьютерийн системд тэслэхээр нээнтэглэж төлбөрөө баталгаатай төлүүлж болох юм.
Эдийн засгийн давуу байдлыг олно. Жишээлбэл мөнгө хулгай хийдэггүй юмаа гэхэд эсрэг өрсөлдөгчийн нууцыг олж авах, ингэснээр өрсөлдөх чадвартай болох зэрэг аргыг хэрэглэж болох юм.
Гэвч хакеруудын учруулах хор хөнөөл нь дээрх эдийн засгийн алуурчид /Economic Hit Man буюу “Хитмэн”/, каперуудынхтай харьцуулшгүй өчүүхэн, тэгээд ч манай Монголд ямархан ч сүүдрээ тусгах билээ дээ, чааваас.
Бүтэлгүй Кидд
Мөн алдарт ахмад Кидд мөн л капер байснаа “улаан дээрэмчин” болон хувирсан нэгэн байж. Тэрбээр олон дээрмийнхээ дараа нэгэнтээ 10 мянган паундын үнэтэй бөс даавуу ачсан “Кедахын худалдаачин” хөлгийг хоосолж орхижээ. Гэтэл хөлгийн эзэн болох армен худалдаачид тун чиг нөлөөтэй этгээдүүд байсан гэнэ. Тэднийг англи хүн хуурайлж орхисон тул Английн эрх баригчдаас хохирлоо төлөхийг шаардаж гарав / Одоо ч гэсэн хохирсон улс орнууд мөн ингэж хохироосон компанийнхаа эх орноос хохирлоо нэхэн шаардах нь зөв санж/ гэнэ.
Дуулиан шуугиан Лондонд хэдийнээ хүрч, парламент дахь сөрөг хүчин түүнийг нь өлгөн авах нь тэр. “Хэн түүнийг бүх зүйлээр хангаж зэвсэглэсэн билээ? Хэн муу далайн дээрэмчинд тэдэнтэй тэмцэх ажлыг итгэн даатгав?” хэмээн хилэгнэн шаардаж эхэлжээ.
Ийнхүү Америк руу зугатаасан Киддийг баривчлан авчирч шүүжээ. 1701 оны 5 дугаар сарын 12-нд ахмад Киддийг дүүжлэн хороож бүх нийтэд үзүүлэн болгон тавьсан гэдэг. Харин Стивенсоны зохиолын үйл явдал 1750 оны үед болж өнгөрсөн гэдэг.
Үүнтэй адилаар барууны эргүүлэгч хэмээх гүрнүүд энэ мэтээр олон зууны турш бусад тив, улс орнуудыг дээрэмдэх замаар өдгөөгийн өндөр хөгжилдөө хүрснээ хүлээн зөвшөөрч хоцрогдсон, тэдэнд дээрэмдүүлэн хохирсон улс орнуудад нөхөн төлбөр төлөх цаг нэгэнт болсон.
Тэгвэл эдийн засгийн алуурчин буюу каперууд нь өнөөгийн дэлхий дахинд тогтоод буй цөөн хэдхэн тэргүүлэгч улсын ноёрхлыг батжуулан хадгалах, үлдэх хэсгийг нь тэднээс хараат байдалд байлгах гэсэн дээрмийн үйл хэрэгт хүчин зүтгэсээр байна. Тэргүүлэгч гэгдэх улс гүрнүүд эдийн засгийн дээрмээ үндэстэн дамнасан корпорациуд, өөрийн хувийн компаниудаараа дамжуулан хэрэгжүүлж, тэдний аль бүхий л хууль бус ажиллагааг нь “хурууныхаа завсраар харж”, далдуур ивээн тэтгэж хамгаалж байдаг байна.
Барууны ертөнцөд хэн ч биш нөхдүүд Монгол зэрэг хоцрогдсон улс орнуудад ирж, богинохон хугацаанд асар ихээр баяжин “хоцрогдлоо арилгахаар” үхэлдэн зүтгэцгээж байна.
С.Энх-Амар
URL:













