Автомашинуудыг Изотоп конторын гадна талбайд цэвэрлэсэн
Япон улсаас цацрагийн бохирдолтой 33 машин манай улсад орж ирээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Цацрагийн бохирдолтой машиныг саармагжуулах, цэвэрлэгээ ариутгалын ажлыг Аврах тусгай ангийн албан хаагчид гардаж гүйцэтгэсэн байна. Энэ талаар Аврах тусгай ангийн Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, харуулын мэргэжилтэн хошууч М.Дамдинсүрэн, Тандалтын бүсийн дарга, ахлах дэслэгч Х.Өлзийхутагтай ярилцлаа.
-Цацрагийн бохирдолтой машинуудыг хаана, ямар аргаар цэвэрлэж, саармагжуулалт хийсэн бэ?
-Манайд цацрагийн бохирдлыг саармагжуулах, цэвэрлэх ариутгах ажиллагаа явуулах тусгай зориулалтын байр сав гэж байдаггүй. Цөмийн энергийн газрын харьяа цөмийн үүсгүүр, хаягдлыг хагалдаг ганц газар нь Изотоп контор юм. Тиймээс энэ конторын гадна талбайд тусгай зориулалтын банн барьж цацрагийн бохирдолтой автомашинуудын цэвэрлэгээ ариутгалын ажлыг хийсэн. Гадаа шууд цэвэрлэгээ хийвэл мэдээж бохир ус хөрсөнд нэвчих хор нөлөөтэй. Тиймээс тусгай зориулалтын долоон давхар гялгар материал ашигласан. Ажиллагаа дуусаад шалгаж үзэхэд эхний гурван үе цоорсон байсан. Машины эд анги тайлах задлахад мэдээж урагдана. Харин үлдсэн дөрвөн давхар хамгаалалт бүтэн байсан учраас бохирдолтой ус хөрсөнд нэвтрээгүй цэвэр ажилласан гэж хэлж чадна.
-Ямар бодисоор цэвэрлэгээг хийсэн бэ. Цэвэрлэгээ ариутгал хийсэн усаа яасан бэ?
-Аврагчдын өмсч хэрэглэж байсан хамгаалах костюм, бээлий, түлхүүр, багаж хэрэгсэл гээд бүх зүйлийг хуурай хог хаягдлын саванд хийж битүүмжлээд Изотоп төвд хадгалахаар хүлээлгэж өгсөн байгаа. Энэ төв Монголын Улсын хэмжээнд цацрагийн бохирдол, үүсгүүр бүхий зүйлийг хадгалдаг ганц газар юм. Шингэн бохирыг мөн тусгай аргаар соруулж аваад ууршуулж хатууруулаад зориулалтын тусгай хамгаалалттай саванд хийж хадгална. Ингэж хадгалсан тохиолдолд ард иргэд, байгаль орчинд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй. Манай аврагчдын үндсэн үүрэг энэ машинуудын цэвэрлэгээ ариутгал, идэвхит сулруулалтыг хийх юм. Цацрагийн бохирдол суларсан эсэх хяналт шалгалтыг Цөмийн энергийн газар хийдэг. Натри биокарбонит буюу содын уусмал, хурган чихрийн уусмал, нимбэгийн хүчил, сүүлийн үеийн техникийн шингэнүүдийг ашиглан цацрагийн бохирдлыг нь саармагжуулж, идэвхийг нь сулруулж байгаль дахь фонд нь оруулж өгсөн. Цацраг идэвхт бодис өөрөө тодорхой хэмжээгээр байгаль дээр байдаг. Энэ хэмжээнд нь хүргэж саармагжуулалт хийсэн гэсэн үг. Энэ уусмалууд нь манай зах зээлд нэлээд үнэтэй байдаг л даа.
-Цэвэрлэгээ дутуу болж, цацрагийн бохирдол машины зарим эд ангид нь үлдэх эрсдэл байгаа юу?
-Машины эд анги бүрийг нь задалж цэвэрлэгээ хийсэн. Ариутгалаа хийсний дараа хэмжилт хийж үзээд иргэдэд буцааж өгсөн.
-Хүндрэлтэй зүйл гарсан уу?
-Мэдээж гаралгүй яахав. Зуны халуунд хамгаалах костюм өсөөд бүтэн өдөржин ажиллахад олигтой байхгүй. Нэгэнт хувцсаа өмсөөд объект руу орсон албан хаагч завсарлага авах эрх байдаггүй. Дөрвөн цаг тасралтгүй ажилладаг. ОХУ-д үйлдвэрлэсэн хамгаалах костюм өссөн. Энэ нь найдвартай хамгаалалт болж чадсан.
-Цэвэрлэгээний зардлыг тухайн машины эзнээр гаргуулсан гэсэн үү?
-Машин оруулж ирж байгаа иргэдээс гаргуулж байгаа. Хуулиндаа тэгж заасан байдаг. Иргэн машинаа цэвэрлүүлээд аваад явчихна. Харин цаана нь цэвэрлэгээ хийсэн хаягдлыг боловсруулах, хадгалах ажил, цацраг дээр ажилласан хүмүүсийн эрүүл мэнд гэх мэт олон зүйл үлдэж байна. Мөнгө ярих нь чухал биш. Учир нь энэ ажил өөрөө маш эрсдэлтэй юм. Магадгүй алдаа гаргаад хэн нэгэн аврагч цацрагийн хордолт авчих ч юм бил үү. Хэрвээ хордолт авлаа гэхэд өнөөдөр мэдэгдэхгүй. Цацраг идэвхт бодис нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй аюултай зүйл. Гэхдээ хамгийн чухал нь эрсдэл их байсан ч манай аврагчид мэргэжлийн өндөр түвшинд сайн ажилласан гэж дүгнэх байна.
-Дэлхийн бусад улс оронд энэ жишгээр цэвэрлэгээ ариутгал хийдэг үү?
-Бусад оронд цацрагийн бохирдолтой зүйлсийг цэвэрлэж, ариутгадаггүй. Шууд устгалд оруулдаг. Ер нь цаашдаа олон удаа ийм байдлаар цацрагийн бохирдлын идэвхийг бууруулах ажиллагаа хийх нь буруу байх. Япон улс руу нь буцаагаад явуулах хэрэгтэй. Монголд цацрагийн бохирдолтой зүйлийг устгалд оруулах, цөмийн хаягдлыг булшлах газар байхгүй шүү дээ.
-Японоос экспортлохдоо энэ тал дээр ямар нэг хяналт тавьдаггүй юм болов уу?
-Аль ч улс экспортоор гаргаж байгаа зүйлдээ анхаарал тавих нь бага байдаг шүү дээ. Японоос манай улс руу орж ирэхдээ Хятадын хилээр дайрсан. Гэхдээ контейнерын цаанаас цацраг илрээгүй юм билээ.
-Сүүлд орж ирсэн арван машиныг гадаа цэвэрлээгүй биз дээ?
-Уг нь гадаа хүйтэн байгаа учраас дулаан байр гаргаж өгөх ёстой. Гэхдээ байр байхгүй учраас гадаа хүйтэнд цэвэрлэгээ, ариутгал хийсэн. Нойтон цэвэрлэгээ хийх боломжгүй учраас хуурай цэвэрлэгээ хийсэн. Хуурай цэвэрлэгээ хийхэд хэмжилт хийгээд бүх эд ангийг нь тайлаад цацраг байгаа хэсэгт нь хуурайгаар цэвэрлэгээ хийсэн. Гурван өдөр ажилласан. Мөн хаягдлаа бүгдийг нь устгасан. Зарим бохирдлын хэмжээ нь буурахгүй маш их хөдөлмөр зарсан шүү.
-Өмсч байсан бүх хувцсаа устгадаг уу. Тэнд ажилласан аврагчид цацрагийн хордол аваагүй гэдгийг яаж мэдэх вэ?
-Хамгаалалтын хувцсаа тайлж тусгай саванд хийж устгаад, харин дотуураа өмссөн албаны хувцсаа устгахгүй ариутгал хийнэ. Мөн нүүр гар, амаа зориулалтын шингэнээр зайлж цэвэрлэнэ. Өглөө ажилдаа орохдоо бүх аврагчдад цацрагийн дооз хэмжигт зүүж өгдөг. Үүгээр тухайн обьектод ажилласан хүн цацрагаар хордож уу, үгүй юу гэдэг нь гардаг юм.
-Гааль дээрээс цацрагийн бохирдолтой машиныг яаж авчирсан бэ?
-Машинуудыг тусгай гялгар уутаар битүү боогоод ачиж ирсэн байна лээ. Улаанбаатар хотын замаар ил авчирна гэж байхгүй л дээ.
-Хэдэн аврагч ажилласан бэ?
-Аврах тусгай ангийн 16 хүн, гурван техниктэй ажилласан. Бидний үндсэн үүрэг зөвхөн цацрагийн бохирдол дээр ажиллах ёстой биш. Монгол Улсад тохиолдож байгаа бүх байгалийн гамшиг, ослын дуудлагаар ажиллах ёстой. Сүүлд орж ирсэн автомашинууд атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж байх үед газар дээр нь байсан автомашинууд юм шиг байна лээ. Зарим эд анги дээр нь шаварлаг зүйлс наалдсан, тэр хэсэг нь илүү их бохирдолтой байсан зүйл ажиглагдаж байсан л даа.
Х.ЦЭНД-АЮУШ
URL:













