Нэг гишүүний туслах нь утасдаад “Клипээ битгий цац, мөнгө өгье” гэсэн
Поп опера чиглэлээр сүүлийн үед нэрд гараад буй “Увертура” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.
-Шино он гараад удаагүй байна. “Увертура” хамтлагийнхан энэ онд ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна вэ?
-Манай хамтлагийн хувьд өнгөрсөн жил ид гарааны жил байлаа. Ардчиллын 20 жилийн ойд зориулсан мюзикл тавигдах юм. Тэнд “To be or not to be” шоуны эхний байрт шалгарсан залуус, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, манай хамтлаг, бас дээр нь хэдэн уран бүтээлчид нэмэгдэж оролцох байх. Дандаа залуусаас бүрдсэн тоглолт болно. Мюзиклийг гуравдугаар сарын найманд тавихаар төлөвлөж байгаа. Хугацаа нь яг тодорхойгүй ч гуравдугаар сардаа багтааж тоглоно. УИХ-ын гишүүн Х.Баттулга ерөнхий зураачаар, ерөнхий продюссерээр нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Төрийн соёрхолт Д.Сосорбарам ах найруулагчаар нь ажиллаж байгаа. Мөн “Анир” студийн захирал хөгжмийн зохиолч А.Алтанхуяг хөгжмийн найруулагчаар нь ажиллахаар болоод ерөнхийдөө бэлтгэл ажлууд хийгдээд эхэлсэн. Яг одоогийн хийж буй зүйл гэвэл энэ л байх шив дээ. Энэ ондоо багтааж CD-гээ гаргаж тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Тухайн үед нь шийдээд явах байх.
-Хамтлаг байгуулагдаж байсан үеэ дурсахгүй юу. Анх Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуай та дөрвийг хамтлаг болгож ивээлдээ авсан гэж ярьдаг юм билээ?
-Бид Хөгжим бүжгийн коллежийг дуулаачийн мэргэжлээр төгссөн. Дөрвүүлээ нэг ангийн найзууд. Өөрсдөө хүсэл, зорилго сэтгэл зүтгэл нийлж 2010 онд “Увертура” хамтлагийг байгуулж байлаа. Анх “Анир” студийн найруулагч, хөгжмийн зохиолч Алтанхуяг ах дээрээ ирж санал тавихад зөвшөөрсөн. Одоо манай хамтлагийн продюссерээр ажилладаг. Д.Сосорбарам ахтай анх яаж холбогдсон бэ гэхээр тэрээр “Анир” студи дээр “Үлэмжийн чанар” CD-гээ бэлдсэн юм. Тэр үед дотно сайхан танилцсан. Ер нь Д.Сосорбарам ах залуу уран бүтээлчдийг их дэмждэг. Тэр ч үүднээсээ уран бүтээлийн ах, найз, багш маань болж явдаг. Түүнээс манай хамтлагийг байгуулсан гэвэл өөр хэрэг. Хуягаа ах маань “Увертура” хамтлагийг байгуулсан гэж ойлгож болно.
-”Цагийн аяс”, “Өнө мөнх орон” зэрэг уран бүтээлүүдээрээ олонд танигдлаа шүү дээ. “Өнө мөнх” орон дууны клипийг яагаад ТВ-ээр цацахыг хориглосон юм бэ?
-Анх бид поп опера чиглэлээр дуулмаар байна гэж Хуягаа ахад санал тавьж байсан. Тэр хүн өөрөө үндэснийхээ урлагийг энэ чиглэлд яаж холбох вэ гэж бодож явсан юм билээ. Гадны урлагийг хөхиүлэн дэмжих биш өөрсдийн ари, романсуудыг поп опера чиглэлээр дуулъя гэсэн санаан дээр бид нэгдсэн. Хамгийн анх Төрийн шагналт Б.Шарав гуайн хөгжим, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон” дууг анх олны хүртээл болгож байлаа. Энэ дууны клипийг цацахыг хориглохын хувьд хориглосон.
-Энэ клип гараад нийгэмд нэлээд цочроо өгсөн л дөө. Сонсогчдоос талархлын үгс сонссон нь дамжиггүй. Харин цаад хаалгасан хүмүүсээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?
-Тийм. “Өнө мөнх орон” дууны клипэнд хоёр сайдын гарын үсэг зурж байгаа дүрс гардаг. Анх клипээ бариад ТВ-үүдээр явахад хоёр сайдын гарч байгаа хэсгийг авчих, тэгвэл цацаж өгье гэсэн. Тухайн үедээ нэлээн шуугиан тарьсан. Бид “youtube” сайтад клипээ байршуулсан. Тэгсэн нэг хүн “Хориглосон дуу” нэртэйгээр ахин тавьсан байна лээ. Түүнийг нь 60 гаруй мянган хүн үзсэн байх жишээтэй. Хориглосон ч гэсэн ганц нэг ТВ-үүдээр явж байсан. Сонгууль дөхөөд ч тэр үү одоо бүр олон сувгуудаар явж байгаа харагддаг. Дөнгөж клип цацагдаж эхэлсний дараа нэг хүн утасдсан. Одоо нэрийг нь хэлээд яахав. Нэг гишүүний туслах нь залгаад хамтарч ажиллая. Наад клипээ одоо зогсоочих. Мөнгө төгрөг өгье гэж хоёр ч удаа ярьсан. Тэр үед нь за бодож үзье гээд орхисон. Эргэж бид тэр хүнтэй холбоо бариагүй. АНУ, Солонгост байдаг монголчууд энэ дөрөв клипнээсээ болж дарамтлуулж, хавчигдаж амьдрах эрхгүй болж байгаа гэсэн яриа гарсан байсан. Америк, Солонгост байгаа монголчуудын сайт байдаг юм билээ. Тэр сайтууд дээр тийм мэдээлэл гарсан байна гэсэн. Энэ дууг одоо л хүмүүс ерөнхийдөө ойлгож байна. Шинэ жилээр энэ дуугаа дуулаад өг гэсэн санал хэд хэдэн газраас ирсэн.
-Та бүгдийг эх оронч сэтгэлтэй залуус гэж ойлгож болох нь ээ?
-Тийм шүү. Бид их үндсэрхэг үзэлтэй. Энэ хоёр дууныхаа араас өөр уран бүтээлүүд гаргахаар зэхээд байна. “Цагийн аяс” бүтээлээрээ “Mongolian music awards”-аас дебют хамтлаг гэсэн шагнал авсан. Тэр шагнал бидэнд том урам бас хариуцлага өгсөн. Тийм болохоор муу уран бүтээл хийж болохгүй. Аль болох өмнөхөө давсан зүйл л биднээс гарах учиртай.
-Танай хамтлагийн дууны клипүүд маш сонин шийдэлтэй. Клипний санааг хэн гаргадаг вэ?
-”Анир” студийн ах нар болох Лхагважаргал, Мөнхбат гээд биднийг дэмждэг хүмүүс байдаг юм. Тэдний санаагаар бүтсэн клипүүд шүү дээ. Бид өөрсдийн санаагаа хэлэхэд хоёр ах маань нэмж баяжуулаад “Цагийн аяс”, “Өнө мөнх орон” хоёрын клип бүтсэн. “Цагийн аяс” өөрөө сайн дуу болохоор клип нь ч гэсэн аятайхан болсон. “Илүү сартай зун” киноны ард эгшиглэдэг Б.Шарав гуайн зохиосон аялгуу гэдгийг мэдэх байх. Дан дуу дуулагдаж байхаар дүрстэй бол хүмүүст арай өөрөөр хүрдэг. Дуу, дүрс хоёрыг нийтэд нь ойлгож байвал тэр жинхэнэ бүтээл боллоо гэж ойлгогддог. Таван мэдрэхүйгээрээ сонсоно гэсэн үг. Энэ хоёр дуу маань яах аргагүй манай хамтлагийг тодорхойлоод байгаа.
-”Увертура” хамтлагийнхан бусад уран бүтээлчидтэй харьцангуй олон уран бүтээл хийсэн байдаг. Ер нь их нээлттэй юм шиг санагддаг?
-Нээлттэйгийн хувьд тийм шүү. Шуранхай хамтлагийн Үүрийнтуяа, дуучин Идэржавхлан, Бат-Ундрах гээд олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тэд санал тавьж бид хамтарсан уран бүтээлүүд гаргасан. Тэдгээр дуунууд ч бас аятайхан уран бүтээл болсон. Ер нь нэг үеэ бодоход CD гаргах хэмжээний дуутай болчихож. Дөрөвдүгээр сараас CD-гээ гаргаж, намраас тоглолт хийх бодол байна. Өөрсдийн уран бүтээлээс гадна наадмын нээлтэнд зориулж Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын хөгжим “Энд Монгол байна” гэж дуу хийсэн. Оны өмнөхөн “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг бас дууллаа. Энэ мэтчилэн ямар нэг зүйлд зориулагдсан дуунууд байна.
-Захиалгын дуунууд тэгвэл нэлээдгүй байдаг юм байна. Нэг дууг хэдээр дуулдаг вэ?
-Биднийг тоож монгол төрийн том наадмыг манай хамтлагийн уран бүтээлээр нээсэнд баярласан. Хүннү гүрний 2220 жил, УДЭТ-ийн 80-н жилийн ойн хүрээнд тайзнаа заларсан “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг дуулуулсанд сэтгэл хангалуун байгаа. Манайхаас гадна олон том хамтлаг, дуучид байхад биднээр дуулуулна гэдэг нэр төрийн хэрэг. Өөр дуунууд дээр бол мөнгө өгдөг. Ийм том уран бүтээл дээр бид төлбөр авах ч утгагүй. Зүүнхараагийн нэг сүлд дууг сая төгрөгөөр дуулсан шүү. Тэр нутгийн ах захиалж хийлгэсэн.
-Шинэ жилээр танай хамтлаг хэдэн төгрөгийн орлого олсон бэ?
-Шинэ жилээр нэлээн явсан. Бид нар албан байгууллага бүр дээр өөр, өөр ханшаар дуулсан. 2011 онд манай хамтлаг олон албан байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажилласан. Тэр ч утгаараа сэтгэлийн бэлэг болгож үнэгүй дуулж өгсөн. Зарим нь ирэх онд тоглолт янз бүрийн зүйлд тусалъя гээд дуулуулж байсан. Нуугаад яахав. Зүгээр байгаагүй хөөрхөн ашиг олсон.
-Танайхныг “Нюанс” хамтлагийг залгамжлан гарах авьяаслаг залуус гэдэг юм билээ?
-Дуулах төрөл жанр нь адилхан л даа. Поп опера чиглэлээр дуулдаг. Бидний сайхан ах нар. Тэд ч бас дүүгээ гэж боддог. Нюансын ах нар Монголд анх поп опера чиглэлийг оруулж ирсэн. Тэдний энэ суурин дээр үндэсний поп операг бүтээхээр ажиллаж байна. Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг бас бидэнд өөрийн гэсэн сонгодог урлагаа таниулах ёстой. Тэд ур чадварын хувьд гайхалтай. Бүтэн 10 жилийн хөдөлмөр гээд боддоо. Энэ хугацаанд оносон ч бий. Алдсан нь ч бий. Бид алдааг нь залгамжлаад юм бүтээж чадаж байвал өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
-Ерөнхийлөгчтэй хамт Халимагаар явсан. Тэр сониноос дуулгаач?
-Ерөнхийлөгч Халимагаар албан айлчлал хийхэд “Хөсөгтөн” хамтлаг, ҮДБЭЧ-ын дуучин Амаржаргал, манай хамтлагийнхан явсан. Тэд манай нэг туургатан шүү дээ. Монголчуудыг очиход маш сайхан хүлээж авсан. Биднийг харахаараа их баярладаг гэсэн. Харахад яг л монгол хүн харж байгаа юм шиг их адилхан. Оросын нэг жижиг улс болоод явж байгаа юм билээ. 40-өөс дээш насныхан нь халимаг хэлээрээ ярьдаг. Бидний үеийнхэн эрлийз, жааахан хүүхдүүд нь болохоор бүр уусчихсан. Таг орос болчихсон байна лээ. Монголчуудад маш хайртай юм байна гэдгийг мэдэрсэн. Бид тэнд гурван тоглолт хийсэн. Манайхаар бол нэг жижиг суманд тоглосон. Мөн драмын театр нь бас нэг газар тоглолт хийхэд зааландаа багтахгүй шахам дүүрэн хүмүүс үзсэн.
Тоглолтын дараа хөгшчүүд нь ирж уулзаад уйлаад хуучин дурсамжаа ярьцгаасан. Их зовсон ард түмэн гэдгийг нь тэгэхэд л мэдэрсэн. Бид та нарыг байнга зүрхэндээ санадаг, бодож явдаг та нар бидний төрөл гэж байнга ярьдгаа ч хэлж байна лээ. Монголчууд маань харин тэднийгээ тоохгүй шахам юм билээ.
-Танай хамтлаг Халимаг дуу дуулаад баллаж өгсөн сураг байсан?
-Тэгсэн. Хамгийн сүүлийн тоглолт дээр хөгжмийн зохиолч Аркадей Манджеев гэж театрын дарга ахын дууг дуулсан. Энэ хүн монголоор бол Жанцанноров гуай юм даа. Энд С.Жавхлан дуулаад хит болоод байсан тэр дууг нь бэлдэж очоод дуулахад дагаж дуулаад гуравдугаар бадаг дээр нь бүгд босоод зогсчихсон орилолдоод бөөн юм болсон.
-Ерөнхийлөгчтэй хамт айлчлалаар явна гэдэг бас л тэр болгон хамтлаг, дуучдад тохиохгүй аз завшаан. Томоохон шалгуурын дүнд хамт явах болсон байх даа?
-Д.Сосорбарам ах анх явах санал тавьсан. Дараагаар нь Ерөнхийлөгчийн урлаг соёлын гэх юм уу ажлын албаны хүн ярьсан л даа. Түүнээс хойш хэд хэдэн арга хэмжээн дээр дуулсан чинь Ерөнхийлөгчийн ивээлд багтсан хамтлаг гэсэн цуу тарсан байна лээ.
-Ерөнхийлөгч нээрээ ивээлдээ авчихсан юм биш биз дээ?
-Тийм юм байхгүй ээ. Байхгүй.
-”Увертура” хамтлагийнхан ид бүтээж байгаа үедээ бие даан уран бүтээл хийгээд эхэлчихлээ. Бусад хамтлагууд шиг тарчих юм биш байгаа гэсэн яриа байна?
-Хамтлаг гэхээр заавал хамтаараа уран бүтээл хийнэ гэдэг утгагүй. Ганцаараа уран бүтээл хиймээр байвал хийх л хэрэгтэй. Манайхан чинь таван жил нөхөрлөөд хамтлаг байгуулах санаагаа гаргаж байсан. Бие биенийгээ дэндүү сайн мэднэ. Тийм болохоор тарна гэсэн ойлголт байхгүй. Бидний өмнө том зорилго байгаа түүндээ эхлээд хүрэх хэрэгтэй байна.
-Зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Монгол поп операг дэлхийд гаргах зорилго тавиад уран бүтээлээ хийж байна.
Э.ЭНХБОЛД
URL:




