“Боломжийн үнээр хог ачна”

Цаг сайхан байжээ. Хогны мөнгөө хогоо ачихдаа хураадаг байхад аятайхан байж. Cap бүр найдвартай ачна, цэвэрлэнэ. Нэг cap өнжиж байсан удаа бараг байхгүй. Хааяа нэг машин техникийн саатлын улмаас өнжиж байсан бол их юм. Энэ мэт жижиг саатлыг арилгахын тулд өнгөрсөн жилээс хогны мөнгийг тогны мөнгөтэй хамт хураадаг болов. Гэтэл сахил хүртээд шал дордохын үлгэрээр мөнгөө авсан бол боллоо гэсэн сэтгэхүйгээр хандах боллоо, өнөө хог ачих үүрэгтэй нөхдүүд чинь.

Гэхдээ хог ачиж байгаадаа биш, мөнгө хурааж байгаадаа хамаг учир байгаа бололтой юм. Учир нь хог ачиж байгаа нөхдүүд хааяа нэг ирэхдээ хагас дутуу аччихаад яваад өгөх юм. Учрыг нь асууваас шатахуун нь хүрэлцэхгүй байгаа гэсэн. Цаанаас нь хуваарилж өгсөн мөнгө нь хүрээгүй хэрэг.

Ард түмнээс хогны мөнгийг нь хурааж авахдаа уургын морь шиг байж өгөхдөө ургаа хад шиг байгаа нөхдүүдийг ажлаас нь халвал таарна. Төр засаг энэ мэтээр иргэдээ шулж байх зуур шинэ бизнесийн санаа олсон нөхдүүд гэр хорооллоор явж зарлал нааж байна. Тэр нь “Хог ачина” гэсэн зар.

Тэгээд утастайгаа биччихсэн байгаа юм. Утасдаад асуусан чинь мөнгөө төлбөл хогийг чинь хуу хамаад цэвэрлээд, ачаад өгье гэж байна. Яг хэдэн төгрөгөөр ачих талаар нарийн ширийнийг нь асуусангүй. Ямар ч байсан цагаан сараас өмнө хог ачихгүй бол дахиж мөнгө төлж, хашаа хороогоо хогноос салгахаас өөр аргагүй болох нь.

Ер нь бол тэр хүмүүсийн хийж байгаа бизнес зөв. Ямар архи, тамхи үйлдвэрлэж, баар ажиллуулсан биш. Иргэдийг хогноос нь салгаж, хороо, дүүрэг, цаашлаад нийслэлийн хийх ажлыг өмнөөс нь хийж өгнө гэдэг буянтай ажил мөн биз дээ. Бүр санаагаар болдог бол хог ачих ажлыг хувийн компаниудад даалгаад өгчих хэрэгтэй. Тэд өөрсдөө унаа тэргээ гаргаад, тодорхой хэмжээний мөнгө аваад хогоо ачина биз.

Одоо бол бид хогны мөнгө гэж сард 2500 төгрөг өгч байгаа. Энэ мөнгөө тогны мөнгөтэй хамт хураачихаж байгаа юм. Өгөхгүй гэх арга байхгүй. Гэтэл бүхэл бүтэн таван сарын хугацаанд нэг ч удаа хог ачаагүй байдаг. Ингээд бодохоор нөхдүүд зүгээр 12500 төгрөг авчихсан байгаа юм.

Тэгсэн хэр нь хэзээ ачих нь мэдэгдэхгүй байна. Түүний оронд хувийн компанид гурван сард нэг удаа 10 мянган төгрөг өгөөд ачуулаад байвал арай дээр биз. Амралтын өдөр тааруулаад, найдвартай ачаад, цэвэрлээд өгнө. Хогондоо дарагдаж хагас жил суухын зовлонг үзэхгүй амар байлгүй. Гурван cap их байна гэвэл хоёр cap ч байсан яадаг юм. Үнэ мөнгөө аятайхан тааруулаад, компани нь ашигтай, иргэд нь ч сэтгэл хангалуун байвал барав биш үү.

Тийм учраас хог ачих бизнес хийж байгаа хүмүүсийг аль аль талдаа дэмжих нь зөв. Тэртээ тэргүй хот нөр их ажлынхаа хажуугаар хогоо ачиж дийлэхгүй байгаа юм чинь. Үгүй ядаж, хогын мөнгө хурааж авч байгаа хүмүүсээ зөв удирдаж, төвлөрсөн мөнгийг нь аятайхан тараахгүй байгаа хойно ийм бизнесийг арай хорихгүй байлгүй дээ.

Шинэ бизнесийн санаа хайгаад, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа зарим нэг хүнд хэлэхэд хог ачих бизнес хийгээд үзээрэй. Хогоо цэвэрлүүлчихээд гар татах хүн тун цөөн байх. Ядаж байхад ачих ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа энэ цагт.

Н.Пунцаг
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих