ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ Монголд таатайгаар эргэж байна
Гадныхан биднийг улс төр, эдийн засгийн зорилгоор зах зээлийн эдийн засагтай орон гэдэг боловч үнэн хэрэгтээ зах зээлийн зарчмаар худалдааны гэрээ хийж, тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа нэг ч орон алга. Ганц нэг ганзагын наймаа хийх сонирхолтой иргэд нь Орос, Хятадаас хэтрэхгүй л байна. Үндсэндээ бидний зах гэж хөөрөөд байгаа зүйл нь Хятадад түүхий эдээ нийлүүлж өдөр хоног өнгөрөөж байгаа Эрээний хямд бараа болж таарна. Дээр нь төрд шургалсан 150 мянга тэдний далбаан дор амьдарч буй 300 мянга, тэтгэвэр, тэтгэмжээр амьжиргаагаа залгуулж буй 300 мянган иргэн манай ажиллах хүчнийг бүрдүүлнэ. Эндээс харахад хөдөлмөрийн нөөцийн идэвхтэй арван хувь нь хүн амын 90 хувийг тэжээж байгаа нь харагдана. Яагаад нийгмийн баялаг асар хурдацтай өсч байна гэсэн асуулт гарна. Учир нь бид гэнэт олсон асар их баялгаа хотонд орсон чоно мэт урагш ачуулж байгаад гэнэ. Эрдэнэтийн зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр ямар үнэ, хэмжээгээр хил давж байгааг мэдэж байгаа хүн алга. Төрийн албан хаагчдын цалингаас гадна авлига авах боломж нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийг сүйрүүлж байна. Төр аварга том компаниуд байгуулж байгаа нь хувийн компани байгуулах орчинг хумьж байна. Дээр нь биржгүй, хувьцааны үр шимийг хүртсэн хүн байхгүй байгаа нь ирээдүйн уул уурхайн орлогоос иргэд хувь хүртэх найдварыг төрүүлэхгүй байна.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ
Дэлхийн эдийн засаг 1920 оноос хойш үзэгдээгүй томоохон хямралд өртөөд удаагүй байна. Ихэнх шинжээчид хямралын хүнд үеийг давсан боловч эдийн засаг сэргэхэд хугацаа хэрэгтэй гэж үзжээ.
Хориод жилийн өмнө эдийн засагч М.Фридман төрийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэж, түүний хэрээр хүнд суртлын нүсэр аппарат бий болж байгаа нь эдийн засагт сайн нөлөө авчрахгүй хэмээн сануулсан. Харамсалтай нь, дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд болон хөгжингүй эдийн засагтай орнууд эдийн засагтаа багахан хямралыг далимдуулж томоохон нөлөөллөө бэхжүүлсээр. Энэ нь эдийн засгийн хямралыг ужигруулахаар барахгүй дараагийн томоохон хямралын үүдийг нээж болох тухай зарим эдийн засагчид сануулж байна. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд манай эдийн засагт дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэх үлгэр дахин давтагдахгүй гэнэ. Учир нь ямар ч тохиолдолд одоогийн манай түүхийн эдийн нөөц дэлхийн эдийн засгаас хамаарахгүй болж хувирч байна. Дэлхийн зэс, алт, нүүрс, төмөр, гурил, махны үнэ, хэрэгцээ яаж ч буурсан монголчуудад хангалттай зах зээл байгаа гэнэ.
ТӨГРӨГ ДОЛЛАРТАЙ ӨРСӨЛДӨХ ҮҮ?
Сүүлийн хугацаанд хамгийн их хурдтай чангарсан мөнгөн тэмдэгтэд төгрөг тооцогдож байна. Нэг үе бид доллар хаданд гарч хамаг юм үнэд орж байсныг мартаагүй. Сонирхолтой нь тэр үед төгрөгийн доллартай харьцуулах ханш чангарсан ч, суларсан ч бараа үйлчилгээний үнэ өсдөг байв. Харин энэ удаа доллар хямдрахад гаднаас орж ирдэг цахилгаан бараа гурав дахин хямдарч, гадаадад суралцагчдын тоо гурав дахин нэмэгдэж байна. Анх удаа монголчуудын гурил дэлхийн зах зээлийн үнээс хямдарч, махны үнэ өсч байна. Онцгой татварын илүүдэл татварын хуримтлалаар бензиний үнийг тогтворжуулж чадсан нь Бямбасүрэнгийн Засгийн газраас хойш гарсан анхны үзэгдэл. Энэ нь доллар, төгрөгийн ханш, мөнгөний нийлүүлэлт, хүүгийн бодлогын хэрэгжилтийг зах зээлийн зарчмаар тогтоосны үр дүн гэнэ. Гэхдээ манай мөнгөн тэмдэгт доллар болохгүй тул төгрөгийн хэт чангаралт байнга ашигтай байхгүй. Бидний хэрэглээ удаан хугацаанд долларын бүсэд хамаарагдах тул хэт чангарсан төгрөг долларын ялимгүй савлагаанд өртөх аюул дагуулна. Энэ тохиолдолд дахин манай эдийн засагт савлагаа үүсэх магадлалтай гэнэ. Хятадууд олон жил долларын ханшийг зохиомлоор барьж эдийн засгаа томруулсны горыг удахгүй амсана гэнэ. Энэ аварга эдийн засаг жилд арван хувиар өсч байгаа боловч инфляци арван хувиас давсан нь өөрийн эдийн засгаас гадна Хятадын эдийн засагтай хэт интеграцчилагдсан аварга компаниудыг сүйрүүлэх аж. Энэ бол долларыг зах зээлийн бус ханшаар дээрэмдсэний гор аж. Манай эдийн засгийг хэт хямд доллар биш, тогтвортой ханштай төгрөг л хүчирхэг болгоно. Өнөөдөр бид өмнө нь зүүдэлж байгаагүй хоёр тэрбум ногооноо дараад хэвтэх биш, 200 тэрбумын долларын баялгаа эргэлтэнд оруулчихвал гадныхан доллараар биш төгрөгөөр бидэнтэй наймаа хийдэг болно. Энэ бүх боломжийг дэлхийн эдийн засаг бидэнд олгож байна.
АЛТ
Монголбанкинд жилд хорь шахам тонн алт тушааж байсан үе бий. Харин өнөөдөр гуравхан тоонныг тушаагдах мэдээ бий. Их хэмжээний алт тушаагдаж байсан үеэс хойш алтны уурхай гурав дахин нэмэгдэж, нинжа нар мянга дахин өсчээ. Энэ бүхэнд 68 хувийн татвар, хөрөнгө оруулалт, татварын тогтворгүй байдал нөлөөлсөн гэнэ. Албан бус тооцоогоор 100 мянган нинжа тус бүр өдөрт гурван грамм алт олборлодог. Энэ нь өдөрт 300 кг, сард есөн тонн, жилд 108 тонн алт Монголбанкинд тушаагдах боломжтой гэсэн үг юм. Харамсалтай нь дэлхийн зах зээлд алтны үнэ нэг грамм нь 55 мянган төгрөгт хүрсэн энэ үед тэр их хэмжээний алт хаана тушаагдаж байгаа мэдээ алга.
ЗЭС
Дэлхийн зах зээлд баталгаатай үнэ, хэрэглээ өсөх түүхий эдэд зэс тооцогдож байна. Өчигдөр нэг кг нь 12 мянган төгрөг хүрсэн зэсийн нөөц манайд 40-өөд сая тонн бий. Хэрэв жилд 100 тонн катодын зэс боловсруулхад тэрбум доллар олж, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л ДНБ-тэй тэнцэх ашиг олно.
НҮҮРС
Манай улсын нүүрсний баталгаажсан нөөц 160 тэрбум тонн. Харин дэлхий жилд 7.5 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ. Нэг тонн нүүрсний дундаж үнэ 120 доллар. Дэлхийн хамгийн том хэрэглэгч болох Энэтхэг, Япон, Хятадад манай нүүрс хүрэх бүрэн боломжтой болсон. Өнөөдөр бид 20 сая тонн нүүрс экспортолж байна. Удахгүй 50 сая тоннд хүрнэ. Ойрын хугацаанд хамгийн түрүүнд нүүрсний орлого орж ирнэ. Нүүрсийг дэлхийн аль ч хэсэгт хүргэх бүрэн бололцоотой. Орос, Хятадын аль боомтоор гаргах боломж бүрдсэн. Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орон болох Энэтхэг, Япон, Хятад улсад маргаашнаас гаргана. Өнгөрсөн онд байгалийн баялгийн экспортын 27 хувийг зэсийн баяжмал эзэлсэн бол 28 хувийг нүүрс эзэлжээ. 2013 оноос эхлэн зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх бол ирэх жилээс нүүрсний экспорт багаар тооцоход хоёр дахин нэмэгдэнэ.
МАХ, НООЛУУР, ГУРИЛ
Сүүлийн үед махны үнэ өссөн тухай ихээхэн шуугиан дэгдэж байна. Мах үнэд орсон хэмээн экспортлогчдыг буруутгаж зарим тохиолдолд хууль бусаар хүний өмчинд халдах тохиолдол гарлаа. Ерөнхий сайд С.Батболд гадаадад айлчлах бүртээ махны экспортыг нэмэгдүүлэх санал тавьж байна. Харин энэ удаад Ерөнхий сайдгүйгээр малчдад махаа үнэтэй зарах боломж гарсан. Гэвч албан тушаалтнуудын шоу болон эх орончдын жүжгийн улмаас энэ боломжийг ашиглаж чадахгүй бололтой. Монгол махны үнэ дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямдхан. Энэ хэрээр малчид ядуурсаар ирсэн. Хөдөөгийнхөн нийслэлийн хэн нэгнээс бараа чинь үнэтэй байна гэсэн шалтгаар үнийг хямдруулж байгаагүй. Өнгөрсөн жил арван сая малаа алдсан тэдэнд энэ удаад ахиухан үнээр махаа зарах эрх бий.
Монгол ноолуур үнэд орсон тухай таатай мэдээ байна. Энэ нь мөн л малчдад орлого авчирна. Уул уурхайн өндөр орлогыг сонирхож орж ирсэн жуулчдын тоо ихээр нэмэгдэв. Жуулчдын 80 хувь нь аяллын хажуугаар бизнес мэдээ цуглуулж явдаг гэсэн тооцоо бий. Өнгөрсөн онд ирсэн 500 мянган жуулчин Монголын мах, ноолуурын тухай ихээхэн мэдээлэлтэй болсон гэнэ. Энэ хэрээр Монголын мах ноолуурын сурталчилгаа дэлхий дахинд хэд нэмэгдсэн гэнэ. Цаашид мах, ноолуурын үнэ өсөхөөс гадна энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх өндөр магадлалтай гэнэ.
Дэлхийн зах зээлд гурилын үнэ өслөө. Өнгөрсөн баасан гаригт Блүүмбергийн мэдээлснээр нэг кг улаан буудайн үнэ 300 орчим төгрөг болов.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж ургац хэмжээ буурч байгаа нь цаашид ч гурилын үнэ өсөх магадлалтай гэнэ. Харин манай улс ургацын хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой ба монгол гурил бордоогүй гэдгээрээ бусад улсын гурилтай өрсөлдөх чадвартай гэж шинжээчид үзэж байна.
Х.БАТТӨГС
URL:













