Авлигын хэргээр хоёр хүнийг баривчилжээ

Авлига, албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүнийг баривчлан, цагдан хорьжээ. Авлигатай тэмцэгчдийн хараанд орсон эхний хүн бол Говь-сүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Түүнийг төсвөөс аймагт хуваарилсан их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэмээн шалгаж байгаа бололтой. Мөн аймгийнхаа газрыг хууль бусаар бусдад зарсан, төрийн өмчийн орон сууцыг хувьдаа авсан гэх үйлдлүүд нь илэрчээ.

Ж.Баянмөнхийн эхнэрийн нэр дээр байдаг “Нарлаг Чойр” компанийн үйл ажиллагаа, санхүүгийн баримтыг нь шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн Шивээговь сумын “Илчлэг шивээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өвөр монгол найздаа хууль зөрчин өгөхийг оролдсон гэх мэдээлэл ч байгаа юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, 273 дугаар зүйлийн 1 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татагджээ. Ж.Баянмөнхийн дараа Говь-Алтай аймгийн Аудитын газрын дарга С.Төмөрхүүг албан тушаалаа ашиглан авлига авсан өгсөн гэх хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэрбээр аудитын шалгалтаар илрүүлсэн зөрчлийг бусдаас их хэмжээний шан харамж авч дарагдуулж байсан гэнэ.

Г.ЯЛГУУН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих