Амьдралын захиалгаар гарсан хууль жолооч хийгээд иргэний амь нас, эд хөрөнгийг хамгаална гэв үү
Жолоочийн даатгалын тухай хууль өнгөрсөн намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын дөрөвт багтаж нэлээд ширүүхэн маргаан араасаа дагуулсны эцэст батлагдсан билээ. 2000 оноос хойш автотээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 5-7 хувиар өсч, 1990 онд 43.6 мянган автотээврийн хэрэгсэл байсан бол 2010 онд 255.9 мянга болж зургаа дахин өссөн. Авто тээврийн хэрэгсэл олшрохын хэрээр замын хөдөлгөөний нягтрал, түүнтэй холбогдон зам тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, Улсын хэмжээнд 2010 оны байдлаар зам тээврийн осол 8809 гарч, 320 хүн нас барж, 933 хүн гэмтэж, иргэн байгууллагад 2,033,665.01 мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. 2010 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 772.563 жолооч байна. 2007 онд 86.482, 2008 онд 89.023, 2009 онд 85.068, 2010 онд 74.908 автомашины жолооч хариуцлагын даатгалд хамрагдаж, түүнээс 1824, 1935, 2387, 2890 жолооч тус тус нөхөн төлбөр авсан байна.
Зөвхөн 2010 онд даатгалын компаниуд энэ төрлийн даатгалд 2,070,483,00 мян.төг хураамж авч, түүнээс 775,882.00 мян.төгрөгийн нөхөн төлбөр төлсөн байна. Харин авто тээврийн хэрэгслийн даатгалд 2007 онд 65.342, 2008 онд 54.488, 2009 онд 50.123, 2010 онд 52.794 даатгуулагч хамрагдаж, түүнээс 4036, 5581, 4993, 5394 жолооч тус тус нөхөн төлбөр авсан байна. Зөвхөн 2010 онд даатгалын компаниуд энэ төрлийн даатгалд 6,914,079,00 мян.төгрөгийн хураамж авч, түүнээс 3,096,546,00 мян. Энэ бүх баримтыг өгүүлэхийн учир нь хамгийн гол тооцоолол нь нийт автотээврийн ослын 80 гаруй хувь нь жолоочийн буруугаас шалтгаалан үүсдэг аж. Тиймээс даатгал хийлгэхийг хуульчилж Жолоочийн даатгалын хууль зайлшгүй батлагдах шаардлага бий болж энэ хууль батлагдан гарсан гэсэн үг юм.
Өнөөдөр улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагаа явуулдаг 15 компани энэ төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэй байгаа аж. Гэхдээ өнөөдөр манай жолооч нар даатгалд хамрагдахдаа тун хойрго байдаг нь алдаа аль аль талдаа байгааг илтгэж буй юм. Хэдийгээр даатгалд хамрагдахад багагүй мөнгө зарцуулах ч харин түүнийхээ шимийг хүртэж чадахгүй байх бий гэсэн эмзэглэл бараг л бүх жолоочид байдаг гэхэд нэг их хилсдүүлсэн болохгүй биз. Ганцхан жишээ татья л даа, Саяхан нэг жолооч “Би өөрийн машинаа даатгуулсан л даа. Иргэдийн хувьд даатгал нь хямд биш шүү дээ.
Яг үнэн хэрэг дээрээ ашиглахад төвөгтэй, ер нь хэрэг болдоггүй юм байна лээ. Өнгөрсөн намар эсрэг талын буруугаас машинтай шүргэлдсэн, Баруун дөрвөн замын уулзвар дээр. Даатгалын компаниуд яг мөргөлдсөн газраа хөдлөлгүй зогсож байгаа тохиолдолд төлбөр олгох ёстой гэсэн. Гэтэл дөрвөн замын голд байсан учир замын зохицуулагч хөдөлгөөн чөлөөлөхийг шаардсан, бусад жолооч нар ч бөөн юм болж таарна шүү дээ. Ингээд арга буюу шүргэлдсэн газраасаа хөдөлсөн. Тэгээд л даатгалаа авч чадаагүй. Үүнээс жишээлэхэд тэгж өндөр үнээр даатгуулах хэрэг байна уу” хэмээсэн юм. Тэгэхээр нөгөө дээр өгүүлсэн зүйл батлагдаж байх шиг.
Гэхдээ тэднийг буруутгах аргагүй билээ. Үнэхээр ч өндөр үнээр даатгуулчихаад түүнийхээ ид шидийг гаргахгүй бол даатгуулсны хэрэг юусан билээ дээ. “Жолоочийн даатгалын хууль”-аар жолооч өөрийнхөө сонирхол хүслийн дагуу даатгалд хамрагддаг байсан бол харин одоо тэд хүссэн хүсээгүйг үл харгалзан жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулахаар болчихоод байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагын гэсэн холимог даатгалын тогтолцоонд манай улс шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулна.
Түүнчлэн мэргэшсэн болон С, Д ангиллын жолооч нь өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй. Ерөөс дээр хэлсэнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асууддуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гуравдагч этгээдийн өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлоо заавал даатгуулах болсноор ийн хууль эрх зүйн орчин төгс утгаараа бүрдсэн гэсэн үг. Хамгийн гол нь даатгуулагч даатгагчаа өрөө сонгох эрхтэй. Өмнө нь жолооч өөрөө сайн дурын даатгалд хамрагдахдаа даатгалынхаа гэрээний нөхцөл хийгээд бусад асуудлаа даатгагчтайгаа харилцан тохиролцож даатгуулдаг байсан бол шинэ хуулиар энэ бүгдийг нэг бүрчлэн зааж өгсөн юм.
Өөрөөр хэлбэл ангилал бүрээр нь суурь хураамжийг нь тогтоочихсон гэсэн үг л дээ. Тодруулбал:
-А ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;
-В ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг;
-С ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг;
-Д ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг;
-Механизм ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг,
-Мэргэшсэн жолооч болон С, Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч 33000 төгрөг гээд маш нарийн хийгээд тодорхой зааж өгснөөр энээ тэрээ асуудал үүсэхгүй амар болж буй хэрэг юм.
Гэхдээ энэхүү даатгалын хураамжийг тогтоохдоо тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил, өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага, даатгалын гэрээний хугацаа гэх зэрэг долоо найман зүйлийг харгалзан суурь хураамжийг тогтоож байгаа ажээ. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл бол тухайн автомашин чиргүүлтэй эсэхээс хамаарч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан итгэлцүүр хэрэглэх журмаар нэмэгдүүлэх буюу хорогдуулахаар хуульд тусгажээ.
Тиймээс энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын хянан шалгагч Ц.Алтантуулаас тодрууллаа.
-Жолоочийн даатгалын хууль батлагдан гарснаар хүссэн хүсээгүй жолоч бүр даатгуулах болж байна. Гэтэл даатгуулах сонихолгүй жолооч олон байна ш дээ. Ер нь энэ хууль батлагдан гарснаар ямар давуу тал байна вэ, жолооч нарт?
-Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна. Даатгалын гэрээ байгуулснаар жолооч даатгалын баталгааг тээврийн хэрэгсэлд байнга байршуулан явна. Даатгалын гэрээ нь нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх ба даатгалын тохиолдол бүрт нэг удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ A, В, Механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг, С, Д ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг байхаар тооцон хуульд тусгалаа. Энэ нь даатгалын үнэлгээний доод хэмжээ ба даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхээр даатгагчтай тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэлт хэегийг сайн дурын даатгалын журмаар даатгуулах боломжтой.
-Жолооч ямар нэгэн осол аваарьт ороход хохирлын хэмжээ даатгалын мөнгөнөөс илүү гарсан тохиодолд ямар нэгэн нэмэлт мөнгө гаргах уу?
-Жолоочийн даатгалын тухай хуулиар хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг эд хөрөнгөд учирсан хохиролд олгох юм. Мөн сэтгэл санааны, хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол, даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол нь Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол даатгалын тохиолдолд хамаарахгүй. Үүнээс гадна жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн жолооч нь зуттаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор жолоочийн даатгалын санг байгуулахаар хуулинд заасан хэмээн тэрбээр хариуллаа.
Тэгэхээр жолооч та даатгалын компаний дампуурчих бий гэсэн сэтгэлийн зовлонг эдлэхгүйгээр өөрийн сэтгэлд нийцсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр даатгалдаа хамрагдаад бас ямар нэг осол аваарь гаргахад гарах эрсдэлийг тань тухайн даатгалын компани бүрэн хариуцах нь ээ. Нөгөө талаар хэн нэг нөхөр илүү дутуу даатгалын мөнгө идлээ уулаа гэсэн тамын тогооны үлгэрийг үүсгэхгүйн үүднээс даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох үүрэгтэй мэдээллийн нэгдсэн санг бий болгож даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулж байгаа гэнэ.
Тэгэхээр хэн нэгнийг хардах эрх танд нээлттэй ч харин харын сэтгэлийг үүсгэхгүй байх нөхцөлийг хуулиараа хамгаалаад нээлттэй болгоод өгчихжээ. Ерөөс өнгөрсөн жил баталсан хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж байгаа билээ.
Харин энэ хууль хөрсөн дээр хэрхэн бууж хэрэгжиж байгааг Даатгалын компанийн тэргуүн дэд захирал Г.Батбаяраас лавласан юм.
-Жолоочийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглосон. Заавал даатгалд хамрагдах шаардлагатай. Зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл тээврийн хэрэгслийг тусгай хашаанд байлгана. Мөн гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх юм. Тэгэхээр жолооч нар даатгуулахаас өөр ямар нэг гарц байхгүй юм л даа хэмээж байна.
Ийн манай улсад дөнгөж мөрдөгдөж эхэлж байгаа “Жолоочийн даатгалын хууль”-ийг гадаадын зарим орнуудын хуулиудад энэ хэлбэрийн даатгалыг албан журмын даатгалд хамруулдаг бөгөөд уг даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалдаг байна. Энэ төрлийн даатгалын харилцааны зорилго нь жолоочийн зүгээс бусдын амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд заавал нөхөн төлбөр олгож байх замаар иргэний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг бүрдүүлдэг ач холбогдолтой гэдгийг дахин өгүүлэх хэрэгтэй бус уу.
Б.Анар
URL:













