Вэн Жябао буюу Хятад юу болох гээд байна вэ?
“Хятад бол их гүрэн мөн” гэж барууныхны хөөргөн магтаж байгааг БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Вэн Жябао эрс үгүйсгэж “Хятад бол их гүрэн бус харин хөгжиж буй улс” хэмээн залрууллаа. Мөн тэрбээр олон сонирхолтой мэдэгдлүүдийг хийх болов.
Загасчны тосгон Шинжинг БНХАУ-ын нээлттэй хаалга болгоно хэмээн Дэн Сяопин анх зарласан энэ газар төрийн нарийн бичгийн дарга Вэ Жябао 2011 оны 8-р сард очихдоо хийсэн мэдэгдэлдээ “Улс төрийн тогтолцоог шинэчлэхгүйгээр БНХАУ-ын хөгжил цаашаа явахгүй” гэдгийг тунхаглан зарлав. Улс төрийн шинэчлэлийг хийх ёстой гэсэн үзэл бодлоо 8-р сарын 10-нд Францад очихдоо мөн адил мэдэгджээ.
Дараахан нь АНУ-д очихдоо ч энэ тухай дурдсан боловч түүний мэдэгдлийн талаар дэлхийн олон нийт ч тодорхой дугарахгүй байна. Тэр тусмаа БНХАУ-ын дотор бүр ярихгүй байгаа бөгөөд ХКН-ын дотоодын хэвлэл мэдээлэл энэ талаар юу ч мэдээлэхгүй байна.
Ийнхүү Вэн Жябао “Улс төрийн шинэчлэл хийнэ” гэсэн илэрхийлэл бүхий мэдэгдлийг одоогоор найм дах удаагаа хийгээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Хятадын ерөнхий сайд Вэн Жябао гэж хэн бэ”, “ХКН-ын Улс төрийн тов-чоон дотор ганцаардаж байна уу”, “Жинхэнэ шинэчлэл хийхийг хүсэж байна уу”, аль эсвэл “ЗХУ шиг бут үсрэх гэж байгаа БНХАУ-ын дэлбэрэлт тэсрэлтийг зөгнөж байна уу”, “Ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөх дэлхий нийтэд харагдах энх тайванч дүр зураг уу?”, нөгөө талаас ардчилсан улс төрийн шинэчлэлийн эцэг болохыг бас хүсэж байна уу? гэсэн олон асуулт түүнийг тойрон хариулт эрэн тойрон эргэлдэж байна.
Ямар ч болсон өнгөрсөн хугацаанд тэрбээр ард түмэндээ зөөлөн ерөнхий сайд гэдгээрээ их таалагдсан. Зарим талаар бол Гадаад харилцааны сайд асан Чень Чений нэгэн адил АНУ-ын гар хөл, тагнуул бас зарц гэж хэлэгдэх болсон. Чень Чен бол 1989 онд оюутны хөдөлгөөний дэмжсэн гэдгээрээ битүүхэн ардчиллыг дэмжигч гэж бас яригддаг.
2012 онд ХКН-ын дотор томоохон зөрчил гарч магадгүй гэсэн сэжиг таамаг бол их байна. Одоо БНХАУ-ын дотоодын байдал нэн сайнгүйн дээр эдийн засгийн маш хүчтэй хямрал явагдаж, бослого хөдөлгөөн гарч байна. Мөн Европ, Америкийн хямралтай холбогдуулан экспортын бүтээгдэхүүний хэмжээ эрс буурч байгаа учраас нэг хотод 8900 пүүс компани дампуурч, жижиг дунд үйлдвэрлэл хямралд автагдаж, олон мянган компанийн захирлууд өмч хөрөнгөө авч зугатахыг оролдох, ажилчдынхаа цалин хөлсийг өгөөгүйгээс болж яг манай Хадгаламж зээлийн хоршооныхон шиг хэрэг явдал гарч, ерөнхий сайд Вэн Жябао хоёр ч удаа очиж асуудлыг намжаажээ.
Саяхан АНУ-ын нэгэн байгууллагаас 10 саяаас дээш юаний хөрөнгөтэй хүмүүсийн дунд судалгаа явуулахад ихэнхи нь БНХАУ-аас гарах хүсэл сонирхолтой байгаагийн дээр бараг 60 орчим хувь нь аль хэдийнээ хөрөнгө мөнгөө шилжүүлж, гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болсон бөгөөд эдлэн газар авч эхэлжээ. Бас нэлээд нь гарах бэлтгэлээ базааж эхэлсэн байна. “Яагаад одоо гарах болж байна вэ” гэхэд эдийн засгийн болон байгаль экологийн таатай нөхцөл Хятадад байхгүй, хөрөнгө мөнгөний баталгаа байхгүй гэж хариулцгаажээ. Ингэхэд Хятад юу болох гээд байна вэ?
Эх сурвалж: “Хөх толбо”
URL:













