Говьд цахилах оч иргэдийн амьдралд тэсрэлт хийх үү
Хав дарсан Тавантолгойн үүцийг Монголын төр задаллаа. Говийн хөрсөн доорх эл баялгийг бүрэн утгаар нь ашиглаж чадвал манай 200 жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгө эндээс олгойдоно хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа. Тавантолгойн ордын хувьд Монголын төр 100 хувь эзэмшиж байгаагаараа онцлогтой. өөрөөр хэлбэл бусдад бус өөртөө энэ баялгийн үр шимийг үлдээнэ гэсэн үг. Одоогоор тогтоогдоод байгаа зургаан тэрбумын нөөцөөс 1,4 тэрбум тонн нь коксжих нүүрс. Коксжих нүүрсний нэг тоннын үнэ 230-300 ам.долларт хэлбэлзэж байгаа. Тавантолгойн ордын тогтоогдоод буй нөөцийн нийт баялгийн үнэ нэг триллион ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол бий.
Гэхдээ энэ нь байгальдаа байгаа баялгийн зах зээлийн үнэ ханш. Энэ ордыг ашиглахын тулд дэд бүтэц, хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлэхэд 100 гаруй тэрбум ам.доллар шаардагдана гэсэн судалгаа гарсан байх юм. Энд олборлолт, тээвэрлэлт борлуулалтын зардал гээд ихээхэн хэмжээний мөнгө гарах нь тодорхой. үнэндээ манайхан томоохон ордуудаа ашиглах болсноор нүүрсээ дэлхийн зах зээлд гаргаж мөнгө босгох анхныхаа шангаа татаж байна гэж хэлж болно. Тиймээс ордоо ашиглахын тулд бидэнд туршлага хуримтлуулахаас эхлээд маш том хариуцлага, үүрэг ирж байна.
Тавантолгойгоос жилдээ 15 сая тонноос багагүй нүүрс олборлох тооцоотой байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ажиллаж чадвал 50-иас дээш жил энэ ордыг ашиглах аж. үнэндээ байгальд байгаа нүүрсээ ашиглаж ард түмэн үр шимийг хүртэх нь зөв гэдэгтэй хүмүүс санал нэгтэй байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-үүлийн хэлсэнчилэн хэдий болтол “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэж хэлүүлж суух вэ дээ. Түүнчлэн дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчийг шүтэж буй энэ үед “нүүрсээ өнөөдөр эс ашиглавал маргааш үнс л болно” гэсэн Баабарын үг ч ортой. Тиймээс байгалийн баялагаа яаралтай ашиглах нь зөв.
Гагцхүү баялгийг дуусашгүй мэтээр баруун солгойгүй үргүй зүйлд зарцуулна гэдэг бодлогогүй төрийн уршиг. Энэ уршгийг олон орны туршлагаас харж болно. Сэтгүүлчид ч үүнийг үзгээ элтэл бичиж байгаа. “Голланд өвчин”-д нэрвэгдсэн улс орнуудын эрх баригчид эх орныхоо баялгийг цөлмөж ард түмнээ шороотой хутгаад арилсан түүх өнөөг хүртэл балраагүй. Энэ жимээр л монголчууд явчихгүй бол бидний ирээдүй өнгөлөг байна.
Говийн хөрсөнд байгаа Тавантолгойн баялгаас иргэдэд 10 хувийг нь хувьцаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлээд байгаа. Хувьцаа гэхээр л ягаан, цэнхэр тасалбар санаанд нь бууж үүнээс ч юу олж долоох вэ гэх иргэд цөөнгүй байна. үнэндээ манайхны хувьцааны талаарх мэдлэг маруухан. Гэхдээ ягаан, цэнхэр тасалбарын үеийнхээс бол хавьгүй дээрдсэн. Тухайн үед хувьцааны талаар мэдлэгтэй хэдхэн нөхдийн гараар дээрх тасалбарууд орж цөөн тооны хүмүүс бийлэгжсэн нь үнэн.
өнөөдрийн хувьцаа бол ягаан тасалбараас өөр зүйл. Наад зах нь дэлхийн зах зээлд борлуулалттай байгаа бүтээгдэхүүний ашгаас хүртэх хувьцаа гэдгийг иргэд ойлгох ёстой. Тухайлбал Тавантолгойгоос дөрвөн хувь эзэмшдэг “Энержи ресурс” компани л гэхэд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж 650 сая ам.доллар босголоо. Энэ жишгээр бол иргэдийн гap дээр ирэх хувьцаа ашигтай гэдэг нь тодорхой юм. Тавантолгойн хувьцааны 51 хувийг төр, 29 хувийг хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуйн нэгжүүд 10 хувийг эзэмшинэ гэж байгаа. Харин иргэд 15 тэрбум хувьцааны арван хувийг хүртэнэ. Энэ баялгаас нэг иргэн хэчнээн төгрөг хүртэх бол гэсэн хүлээлт ард түмний дунд үүсээд буй. Одоогийн төслөөр бол нэг иргэнд 6000 ширхэг хувьцаа ноогдох юм байна. Хувьцаагаа дарж чадвал өнөөдрийн ашгаас хэд дахин илүүг хүртэх боломжтой аж.
Олон улсын хөрөнгийн биржид Тавантолгойн хувьцааг дунджаар нэг ам.доллараар борлуулья гэж бодоход иргэн тус бүр зургаан мянган ам. доллартай тэнцэхүйц хувьцаа эзэмших эрхтэй болно гэсэн үг. Жил ирэх тусам хувьцааны үнэ өснө. Эндээс үзэхэд эхний жилүүдэд иргэн тус бүр 500-600 ам.долларын ашиг хүртэх дүр зураг харагдаж байна.
Тавантолгойн ашгаас хувь хүртэх нь хэнд ч сайхан л сонсогдож байгаа байх. Гэхдээ өнөөх инфляци өснө гэж хэцүү юмтай бид нүүр тулна. Тиймээс инфляцийг хөөрөгдөхгүйн тулд төрөөс хувьцааны ашгийг иргэн тус бүрт хүртээхдээ үл хөдлөх хөрөнгө, сургалт гээд бэлэн бус хэлбэрээр олгох нь хамгийн зөв шийдэл болно. Харин иргэд хувьцаанаас хүртэж буй мөнгөө юунд зарцуулахаас үнийн өсөлт хамаарах юм. үнэндээ 20 мянган төгрөг авсан хүн бол хүнсний аар саархан зүйлд зарцуулаад л дуусна. Харин хоёр сая төгрөг авсан хүн унаа унштай болохыг хичээнэ. Хорин сая төгрөг авсан хүн орон сууцтай болохыг мэрийнэ.
Харин 200 сая төгрөг нийлүүлсэн иргэд үйлдвэр байгуулах гэж оролдох байх. Дээрх жишээ бол иргэдэд олгох мөнгөний хэмжээ инфляци үүсгэх үү, эсвэл эдийн засгийг дэмжих үү гэдгийн ялгааг харуулж буй хэрэг юм. үнэндээ иргэдэд очих мөнгөний хэмжээ их байх тусмаа үйлдвэр үйлчилгээг дэмжинэ гэсэн үг. Харин бага байвал өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдах болно. Эдийн засагчдын хэлж буйгаар иргэд үндсэн хөрөнгөгүй, улс орон нь үйлдвэр үйлчилгээгүй суугаа нөхцөлд баялгаас орж ирэх асар их мөнгө инфляци үйлдвэрлэх боломжгүй аж. Тиймээс иргэдэд ирэх их мөнгөнөөс айгаад байх зүйлгүй юм байна.
Б.Ариунзаяа
URL:













