Бууныхаа эд ангийг нийтийн бие засах газарт нуусан байжээ

Налайх дүүрэгт байрлах “ХААН” банкны салбарт галт зэвсэгтэй этгээд орж, хоёр иргэнийг буудаж гэмтээсэн гэмт хэрэг өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 3-ны өдөр гарсан. Уг хэргийн талаар Цагдаагийн врөнхий газрын дарга, хошууч генерал Д. Сандаг-Очираас тодрууллаа.

-”ХААН” банкинд буудуулсан иргэдийн нэг нь нас барсан гэх мэдээлэл байна. Энэ хэргийн талаар тодруулах гэсэн юм?

-Онц хүнд гэмт хэрэг гарсаны улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд Цагдаагийн байгууллагын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Хэргийн улмаас хохирсон иргэдэд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлсэн боловч харамсалтай нь хүнд гэмтэл авсан иргэн Б нь энэ сарын 3-ны 18.00 цагийн орчимд нас барсан.

-Мэдээлэл хэдэн цагт ирж, гэмт этгээдийг хэдэн цагийн дараа саатуулсан юм бэ?

-”Налайх дүүргийн “ХААН” банкны салбар дотор хоёр хүнийг буудсан хэрэг гарлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 03-ны 11.15 цагт ирсэн. Дуудлага ирүүлсэн даруй Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг албаны бэлэн байдалд шилжүүлсэн юм. Хэргийн газарт ажлын хэсэг шуурхай очиж шалгахад, 44 настай иргэн Б-гийн хэвлийн тус газар, иргэн А-гийн гарыг нь буудаж гэмтэл учруулсан гэмт этгээд хэргийн газраас оргон зугатаасан байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсгийг хэргийн газарт томилон ажиллуулсан.

-Гэмт этгээдийг Улаанбаатар орох замд саатуулсан гэл үү. Хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл юунд байсан юм бол?

-Гэмт этгээд нь машинаар Нийслэл хот руу зугтаасныг цагдаагийн холбогдох алба, газар, нэгжүүдэд мэдээлж, хаалт тавьсан. Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт орших “Ургахнаран” хорооллын орчимд 11.50 цагт баривчлан саатуулж, Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай, эрэгтэй Б гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.

Гэмт хэргийг сэжигтэн этгээд шунахайн сэдэлтээр урьдаас төлөвлөн бэлтгэж, зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүйг мөрдөн байцаалтаар тогтоогоод байна. Сэжигтэн Б нь Дархан-Уул аймгийн харьяат Улаанбаатар хотод түр оршин суух Э гэгчтэй хамт Чех улсад үйлдвэрлэсэн 7.64 мм-ийн “Карбин” бууг бусдаас худалдан авч бууны хэлбэр дүрсийгөөрчилсөн байна.

Гэмт хэргийг үйлдэхдээ интернет ашиглаж, машин хөлслөхөөр жолоочтой нь тохирч, гэмт хэрэг үйлдэх газраа төлөвлөсөн байсныг тогтоосон. Хэргийг үргэлжпүүлэн шалгаж байна. Ажлын хэсэг шуурхай ажилласан. Сэжигтэн Б нь оргон зугатах замдаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буугаа Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт орших төмөр замын нүхэн гарцны ойролцоо хунгар цасанд нуусан байсныг үзлэгээр илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бууныхаа хэлбэр дүрсийг өөрчлөн зарим эд ангийг нь Чингэлтэй дүүргийн нутагт орших нийтийн бие засах газрын орчим нуусаныг илрүүлж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч шалгаж байна.

-Гэмт этгээдийг баривчлах явцад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн үү?

-Сэжигтэн Б нь гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтаахдаа хөлсөлсөн машины жолоочид буу тулган айлган сүрдүүлж, цагдаагийн албан хаагчид баривчлан саатуулах үөд эсэргүүцэл илэрхийлэн буу гарган заналхийлсэн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай, сонор сэрэмжтэй ажиллаж, гэмт этгээдийг дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас өмнө гэмт үйлдлийг нь таслан зогсоож, аюулгүй болгон богино хугацаанд эрсдэл гаргалгүй баривчиллаа.

-Өмнө нь “ХААН” банкинд халдаж байсан гэмт хэрэг гарч байсныг санаж байна. Дахин гэмт хэрэг гарахдаа хэргийн гаралт хүндэрч байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй байна?

-Налайх дүүргийн “ХААН” банкны салбар болон хөдөө, орон нутгийн банкны зарим салбар хулгайн гэмт хэргийн халдлагад өртөж байсныг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Энэ байдлаас үзэхэд аливаа гэмт халдлагаас урьдчилан сэргийлж банк, санхүүгийн байгууллагууд болон бэлэн мөнгө ихээр хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагууд сонор сэрэмж, харуул хамгаалалт, зохион байгуулалт, хариуцлагаа дээшлүүлж, теле камер, дохиололын нэгдсэн системд хамрагдах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих