Жүжигчин Г.Отгонцэцэг: Зөрөөд өнгөрөхөд ч гэсэн таалагдаж болно
УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2012 оны эхний уран бүтээлүүдээ эхлүүлчихсэн үү?
- Юуны өмнө нийт уншигчиддаа шинэ он, шинэ өдрийн мэндийг хүргэе. Драмын театрын хувьд уран бүтээлийн их ажил эхэлж байна. 2011 онд Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан”, Найдангийн “Оролмаа эх”, Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг уран бүтээлийг тайзнаа амилуулсан. Эдгээр жүжгүүд баасан гараг, амралтын өдрүүдэд тогологдож байгаа. Мөн удахгүй болох гэгээн хайрын баярт зориулан Краснагоровын “Хайрын домог” хэмээх хайрын жүжгийг залуучуудад зориулан 2 сарын 14нд 19 цагаас тоглоно. Шинэ уран бүтээлийн хувьд Чеховын “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжиг 2 сарын 28-нд нээлтээ хийнэ. Энэ жүжгийн найруулагчаар Наранбаатар, МУСТА Ганцэцэг, МУСТА Болд-Эрдэнэ нар гол дүрд нь тоглож байгаа. Миний хувьд Найдандож найруулагчийн найруулж буй “Гэрэлт Генчийн дурлал ” жүжгийн үл таних эмэгтэй хэмээх жүжиг дээр ажиллаж байгаа. Ирэх хавар нээлтээ хийх юм. Энэхүү жүжиг нь японы зохиол бөгөөд дэлхийн хамгийн анхны роман гэдэг юм билээ. Уг жүжиг нь дуулулт жүжин учираас дуу бүжиг, жүжгийн сургуулилтаа өдөр бүр хийгээд завгүй л байна.
- Танд кинонд тоглох санал их ирдэг байх даа?
- Ирж байгаа. Театрын ажил их байгаа учир кинонд тоглох саналыг хүлээж аваагүй байна.
- Та хичнээн дэлгэцийн бүтээл, жүжигт дүр бүтээсэн бэ?
- Би олон кинонд тоглоогүй л дээ. Аль болох өөрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бүтээлд тоглохыг зорьдог. Анх Боолын гэрээ кино тоглож шилдэг жүжигчний шагнал авсан. Дараа нь Орхидос киноны хойд эхийн дүрд тошлосон. Энэ нь жүжигчний хувьд маш их чадвар, ур шаардсан дүр байсан. Дараа нь СУИС-ийн анхны хөгжимт театрын жүжигчний ангийн Найзууд театрын уран бүтээлчид “Амьдралын амт” гэдэг кино хийсэн юм. Мөн “Үл таних эмэгтэй”, “Орхидос 2” гээд нийтдээ дэлгэцийн таван бүтээлд тогложээ.
- Хойд эхийн дүр хүмүүст нэлээд хүрсэн гэж боддог. Нүдний харц, аяглаж байгаа байдал нь нэг л эвгүй. Жүжигчнийг задалдаг дүр байдаг гэдэг?
- 2002 онд 2-дугаар курст сурч байхдаа “Дэнсэлж ухаарсан хайр” гэсэн хайрын жүжигт тоглож байсан юм. Тэр үед би ч их ичимхий байсан. Энэ дүрээр өөрийгөө задалж эхлэсэн болов уу гэж боддог. Үүний дараа 2003 онд “Дурлахыг хориглоно”, 2004 онд “Чи минийх” зэрэг жүжгүүдэд оюутан байхдаа тоглож байсан. Сургуулиа төгсөөд “Чамайгаа алдмааргүй байна”, “Нэг л уучилъя”, “Зургадугаар сар минь баяртай”, “Шөнө дундын бүжиг” “Миний хөйрыг хүлээ” гэх мэт олон жүжигт тоглосон байна. Дэлхийн алдарт сонгодог В.Хюгогийн “Парисын дарь эх сүм” “Хайрын домог” зэрэг гол ба туслах дүрд олон жүжгэн дээр ажиллаж байсан. Энэ бүхэн нь миний хувьд маш том ололт оос гадна шалгуур байсан юм.
- СУИС-ийн танай ангийнхнаас олны танил олон уран бүтээлчид төрсөн шүү, тиймээ?
- Хувьсал продакшний анхны жүжигчид манай ангийнхан байсан. А CAPELLA хамтлаг, жүжигчин Цэнгэлжаргал, Ууганбаяр, топ модель Пүрэвсүрэн, гээд бүгд л урлагийн салбарт ажиллаж байгаа.
- Драмын театрт хэзээ орж байсан бэ?
- Анх 2008 онд орсон.
- Гэгээн хайрын баяр дөхөж байна. Найз залуутай юу? Гэр бүлээ төлөвлөсөнбайгаа юу?
- Одоогоор гэр бүл төлөвлөөгүй. Мэдээж найз залуутай болвол энэ тухай бодох байх. Ер нь бид баярын өдрөөр ажиллаж ард түмнээ баярлуудаг, ард түмэн амарч байхад бид баярлаж байдаг гээд солбиж таардаг юм. Тиймээс 2 сарын 14-нд 10, 13, 16, 19 цагаас тоглолттой байгаа. Өглөө 9 цагт ажил дээр ирээд, орой бараг 22 цагаас ажлаа тарна. Тиймээс одоогийн байдлаар дурлалын романс байхгүй болохоор хэн нэгнийг хүлээлгэхгүй байхаа. Хэрэв дурлалт залуутай бол түүн руугаа яарна шүү дээ.
- Танд амрах боломж гарвал юу хийж өнгөрүүлдэг вэ?
- Бид нар ачаалалтай ажилладаг. Ер нь хангалттай сайхан амарч чаддаггүй юмаа. Цаг маш үнэтэй л дээ. Хүн сайн идэж, унтах хэрэгтэй байдаг. Аль болох өөрт хэрэгтэй, үр дүнтэй өнгөрөөхийг л хичээдэг.
- Та гоо сайхан, гоёл чимэглэлдээ сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
- Үүнийг нарийн тооцож гаргадаггүй. Ер нь хүн өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Миний хувьд уран бүтээлч, залуу хүний хувьд тодорхой хэмжээгээр зарцуулна шүү. Тухайн сар бүр өөр байна. Шинэ уран бүтээл, ачаалалтай үед тэр бүр гоо сайханд орох боломжгүй байдаг. Эрүүл хооллох хэрэгтэй гэж боддог учраас заримдаа гэрээсээ хоолоо авчирч иддэг.
- Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?
- Талст дэлгүүрээс гутал авсан, өчигдөр цамц худалдаж авсан юм байна.
- Танд үзэгчдээс урмын үг, сэтгэлийн бэлгүүд их ирдэг биз дээ?
- Тийм бэлгүүд ирдэг. Уран бүтээлч хүнд заавал чин сэтгэлийн үнэн үг сэтгэлийг их хөдөлгөдөг. Үгээр хүнийг алж ч болно, амилуулж ч болно гэдэг. Урам зориг, итгэл өгөх сайхан үгийг хэлдэг хүмүүст баярладаг. Өчигдөрхөн урмын үг сонссон юм байна. 14 хоногийн өмнө бэлэг авсан. Тэрийг нууцалъя.
- Тайзан дээрх, бодит амьдрал дээрх Отгонцэцэг хэр ялгаатай бол оо?
- Бид нар тайзан дээр өөр хүний дүрд хувирч, өөр хүний авир араншинг өөрийн биеэр дамжуулан гаргадаг . Харин амьдрал дээр өөрөөрөө л байдаг.
- Драмын төрөл, жанраар ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
- Нас залуу байна. Хийж бүтээхээр хүсэж мөрөөдөж байгаа зүйл олон байгаа. Ер нь түүхэн сонгодог, дуулалт, бүх төрлөөр хүч сорьж өөрийн ур чадварыг өсгөж, баяжуулж нэг ч гэсэн дүр бүтээхийг хүсч явдаг.
- Яагаад кино дэлгэцэнд ихэвчлэн эсрэг талын дүрд тоглодог юм бэ?
- Анх л эсрэг дүрд тоглосон болохоор тохирно ч гэж боддог юм уу найруулагч нар голдуу ийм дүр өгдөг тал бий. Гэхдээ миний хувьд дандаа эсрэг дүр дээр ажиллахыг хүсдэггүй юм. Тиймээс сүүлийн үед ирсэн киноны саналуудаас татгалзсан. Учир нь дандаа эсрэг дүр байсан. Нэгэн хэв маягт орохыг хүсээгүй. Манай гавъяат багш Уртнасан “Жүжигчин хүн үзэсгэлэнт гүнжээс, үзээрийн муухай шулмын дүрд ч хувирах ёстой ” гэж хэлдэг. Эрс тэрс дүрүүдэд тоглох дуртай. Орхидос кинонд тоглоход маш хэцүү байсан. Өөрөө зүрх үхэж, уйлж байсан үе ч бий. Сэтгэл санаа ядаргаанд орж нүд маань хүртэл харахгүй болж байсан. Хүмүүс болохоор энэ угаасаа ийм л болохоор тэр дүрд нь тохирсон байна гэж ойлгодог. Жүжигчин хүн бүр өөр өөр ертөнцтэй, өөрийн гэсэн философитой байдаг. өөр ертөнц. Дүр гэдэг бол жүжигчин хүн өөрийн биеэр, авир араншин, үйл хөдлөлийг гаргаж тэр ертөнцөд нь орж чадвал тэр нь дүр болно гэж боддог.

- Энэ цаг үед “Од” гэвэл таны бодлоор хэн бэ?
- Асашёрюү аварга Дагвадоржийг хэлнэ. Учир нь бүхэл бүтэн том гүрэнд монгол улсын нэрийг гаргасан, дэлхийд олон хүн мэддэг гэж боддог
- Загварын чиг хандлагыг хувцаслалтдаа анхаардаг уу?
- Миний хувьд тэр бүр загварын чиг хандлага, урсгалыг дагадаггүй. Би хүний сонирхож байгаа зүйлийг дуурайж сонирхох дургүй. Тэр үүднээс загвар хөөдөггүй. Биендээ зохих хувцасыг л өмсдөг.
- Та голдуу секс хувцасладаг юм шиг ээ?
Өдөрт тутамд би биенд эвтэйхэн, энгийн л хувцасладаг. Тайз, үдэшлэг, хүлээн авалтад гээд тухайн өдрийн ажил, орчинд зохицуулж хувцасаа сонгодог.
- Хүүхэд нас, сурагч насныхаа талаар эргээд дурсахгүй юу. Ямар сургууль төгссөн вэ?
- ЕБС-ийн 62-дугаар дунд сургуулийг төгссөн. Сургуульд байхдаа урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог идэвхитэй хүүхэд байсан. Гэхдээ бүрэг , эрэгтэй хүүхэдтэй халдаж нөхөрлөж чаддаггүй ичимхий охин байсан. Манайх 5 охинтой айл. Тийм болохоор эрэгтэй хүнээс хол өссөн болохоор тэр байх л даа. Харин жүжигчний мэргэжил эзэмшээд өөрийгөө задалсан байх аа.
- Сургуулийнхаа хамгийн идэвхитэй, бүх арга хэмжээнд оролцдог байсан болохоор хөвгүүдээс захиа их ирдэг байсан уу?
- Тэр үед захиа ирдэг байсан. Захиа авсандаа ичээд хүмүүсээс тас нуучихна. Таалагдсан хөвгүүгтнйгээ таарвал буруу хараад хурдан хурдан алхаад ичээд өнгөрчихнө.
- Одоо эрэгтэй хүнээс ичихгүй биз дээ?
- Мэдээж өөр бололгүй яахав. Өмнө нь охин байлаа, одоо бүсгүй хүн болсон шүү дээ. Гэхдээ сурсан занг сураар боож болдоггүй гэдэг. Тодорхой хэмжээний ичимхий зан үлдсэн байх аа / Инээв/.
- Танд нэг залуу таалагдвал, эсвэл таныг сонирхвол та яаж хүлээж авах вэ?
- Мэдэхгүй. Тухайн үеийн байдлаас шалтгаална. Зөрөөд өнгөрөхөд ч гэсэн таалагдаж болно шүү дээ. Хэрвээ эрэгтэй хүн романтик сюрприз барьбал их баярладаг. Би ер нь их романтик зүйлд дуртай.

Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Г.Батцэцэг www.times.mn
URL:




