Засаг даргадаа өрөө төлөхийн тулд эхнэрийг нь зөөлөн суудалд суулгахаар зүтгэж эхэлжээ

Төрийн албыг хувийн алба мэт санан  тал тохой татан дур зоргоороо томилгоо хийдэг байдал хөдөө орон нутагт  цөөнгүй байдаг нь хэвлэлийн хуудаснаа баримттай бичигддэг.  Ер нь аймаг, сум гэх  тусмаа довны үзэл үнэртсэн томилгоо явагдчихсан байдаг жишгээс  Дарханчууд ч дутдаггүй  аж.

Учир нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын томилгоо  хуйвалдааны зарчимаар шийдэгджээ.  Тодруулбал, тус аймгийн Татварын хэлтсийн өмнөх дарга  нас барсан учраас Тасгийн дарга Дансран  даргын  үүрэг гүйцэтгэгч болжээ.

Улмаар түүнийг  үүрэг гүйцэтгэгчээс жинхэнэ дарга болохоор бүхий л нөөц бололцоо, танил талаа ашиглан гүйсэн ч  Дархан- Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байжээ. Түүнчлэн  Татварын хэлтсийн даргын сонгон шалгаруулалт болоход  Галбадрах гэдэг залуу 1-ээр  шалгарч, Дарханы Татварын байгууллагыг шинэ хүн удирдах нь гэлцэж байж.

Гэтэл Дархан-Уулын засаг дарга Г.Эрдэнэбат гэнэтхэн шийдвэрээ өөрчлөн, сонгон шалгаруулалтад ялж гарч ирсэн Галбадрахыг шууд үгүйсгэн, өмнө нь нүүр өгдөггүй байсан үүрэг гүйцэтгэгч  Дансрангаас өөр хүнийг хүлээж авахгүй гэж  гэдийсээр байгаад томилуулчихсан аж.

Хамгийн сонирхолтой нь Г.Эрдэнэбат даргад баахан гологдсоны эцэст үүрэг гүйцэтгэгчээс жинхэнэ даргын суудал руу мацан хүрч чадсан   Дансран дарга өдгөө  Засаг дарга Г.Эрдэнэбатын эхнэр  Ц.Ууганцэцэгийг байгууллагынхаа Хяналтын тасгийн дарга болгохоор зүтгэж байгаа юм байна. Яг л нөгөө Г.Эрдэнэбат дарга өөрөөс нь өөрийг хүлээж авахгүй гээд гэдийгээд байсан түүхийг тэр ийнхүү давтаж буй аж. Тэрчлэн, Дарханы олон нийт  төрийн албаны томилгоогоор   дургиж буй хэдэн хүний эл хуйвалдааныг “өрөө төлж байна” хэмээн эвтэйхэн тодотгон хэлж байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих