Ард ба Ардчилал хоёрын ялгаа

Өнгөрсөн жил дөрвөн том түүхт ой тэмдэглэсэн. Он тооллоор нь эрэмбэлбэл эхнийх нь Монголд төрт улс хэзээ үүссэнээ тодруулж 2220 жилийн өмнөх явдлыг эргэн дурслаа. Үлдэх гурав нь болохоор Хаант төрөө сэргээн босгосон, харц ардын засаглалд хувьссан, эцэст нь ард баядаар нь үл ялгаварлах ардчилсан нийгэмд шилжсэн үйл явдлуудад ач холбогдол өгсөн юм.

ХХ зуунд Монгол оронд болж өнгөрсөн улс төр, нийгмийн гурван том үйл явдал гурвуулаа чухал бөгөөд хоорондоо уялдаатай гэж дүгнэсэн санагдана. Эхлээд 1911 онд Богд хаан бүхий туурга тусгаар улс болж бие халаалт хийсэн. Арван жилийн дараа тухайн үедээ улс төрийн хамгийн шинэ үзэгдэл болох “Ялсан пролетариудын тусламжтайгаар” ядуу ардуудаас бүрдсэн засаглал байгуулах “Ардын хувьсгал”-ыг 1921 онд хийсэн. Энэ хоёр хувьсал өөрчлөлт энэ цөөхөн монголчуудыг талцуулж хооронд нь багагүй дайсагнуулсан. Гэхдээ ямар нэгэн сайн үр дүн, хожсон явдал  байсан болохоороо 1911,1921 оны үйл явдлыг баяртайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

1990 оны Ардчилсан хувьсгал нь өмнөх хоёроос өөр, дотооддоо ямар нэгэн дайсангүй байхын төлөөх “дайн” хийж бараг ялалтанд хүрээд байна. Энэ удаагийн хувьсгалаар дайсны ба манай талын нэг ч хүний амь эрсдээгүй нь уг үйл явдлын мөн чанарыг хэлээд өгч байгаа хэрэг. Хүнийг анги нийгэм, ард феодалаар нь ялгаж талцуулахгүй байх тухай хоосон тунхагийг чухам энэ Ардчилсан хувьсгал л сая бодит зүйл болгож өгсөн юм. Харамсалтай нь 2008 оны ардчилсан сонгуулийн дүнг Ардын намын талынхан үл зөвшөөрч “Бид үргэлж ялсан байх ёстой” гэж луйвар хийснээр дайсагналыг сэргээв. Улмаар “дайснаасаа” дор хаяж тавын зэрэг хүнийг буудан хөнөөсөн хэрэг одоо болтол шийдэгдээгүй яваа. Уг нь хоорондоо их төстэй үг боловч Ардын ба Ардчилсан хоёрын ялгааг бид эндээс олж харцгаасан юм.

Ард гэж хэн бэ? Ардын засаг, Ардын нам мандтугай гэсэн чинь юу гэсэн үг вэ? Бид ямар болзол хангаж байж энэхүү “ард” гэсэн хамааралд багтах юм. Хэрэв ардын биш бол “үргэлж ялах тавилантай” Ардын засгийн газарт ажил хийх эрхгүй гэсэн үг үү? Сая тийм тохиолдол зөндөө гарлаа.

Өнөөдөр Ардын нам өөртэйгээ үзэл санаа таардаггүй хэсгээ дэргэдээ байлгаж тэвчдэггүй. Хүннүгийн Модун Шаньюй эцгээ харвах лугаа аливаа шийдвэрийг ярсхийтэл гар өргөн баталцгаах нь аймаар зэвүүн. Нэгэн цагт намын дарга байсан их удирдагчаа ярсхийтэл “харваад унагаж” байх жишээтэй. Ийм хүчирхэг, сахилга баттай байж ялалтад хүрдэг аж. Гэтэл орчин цагийн туурга тусгаар эрх чөлөөт энэ оронд хатуу үзэл суртал  ноёрхох шаардлага байхгүй. Дотроо фракц ч болохыг зөвшөөрдөггүй МАН гэдэг “вант улс”-тай хамт амьдран суумааргүй байна. Дундад зуунд нүүдэлчид хоорондоо эв эвдэрч дайтах, санаа нийлэхгүй бол отог омгоо дагуулаад аль нэг тийш нүүгээд явчихдаг байж.  Энэ зуунд эхнэр нөхөр хоёр хүртэл өөр өөр  намд харьяалагддаг. Тэглээ гээд хоёр хуваагдсан сум баг алга. Улс төрийн зөрчил нь жирийн иргэдийн хувьд хоёр талцаж хөзөр тоглосон дайны юм болоод л өнгөрдөг болж дээ. Хүмүүс хоорондоо янаг байх өөр олон шалтгаан шаардлага байсаар байхад улс төрийн энэ солиорол нохой хуцахын төдий бөлгөө.

Монгол Улс хүн ам цөөн, газар нутаг уудам учраас гадаад ертөнцөд бүгдтэй нь тохирсон харьцааг бодлогоор хийдэг. Есөн шидийн үзэл бодол нийгмийн байгуулал, шашин шүтлэгтэй улс орнуудтай хялбар ойлголцохын тулд бид өөрсдөө ганцхан өнгийн далбаа  намируулж болохгүй. Нийгмийн байгууллын хувьд рот цэрэг жагсаачихсан юм шиг парламенттай байж бүр таарахгүй. Их Хуралд Ху нам 76-гаас 72, 75 нь зонхилчихсон тэгсэн мөртлөө ардчилал яриад цохиж явсан үе бий.

Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн Ардчилсан нам өдгөө таван намын нэгдлээс бүрэлдсэн. Энэ нам дотор өөр өөр үзэл баримтлал бүхий фракцууд ил тод үйл ажиллагаа явуулдаг. Тэд хоорондоо үргэлж  хэрэлдэн тэмцэлдээд бүр сурчихсан. Дараа нь учраа ололцох ч бий, үгүй ч бий. Энд нэг сайхан нь  Модун Шаньюй, Сталин  ирээд ч амжилт олохгүй нармайгаа нээлгээд буцна. Олон фракцууд нь сонгуулиас болж намаа тараах нь гэж бодогдмоор. Харин ч өөрөөр боддог, өөр үзэлтнүүдийн хүчээ сорих цорын ганц талбар бол Ардчилсан нам болоод байна. Бусад улс төрийн хүчнүүд нэг хүнийх, нэг бүлэглэлийнх тул хар элгийн хүн хавьтуулахгүй.

Одоо Ардчилсан нам сонгуульд улс төрийн бусад хүчнүүдтэй эвсэл болж орвол энэ нам төдийгүй ардчиллын ялалтыг авчирна. Энхсайханыг Энхбаяртай нь, Энхбатыг Оюунтай нь цуг эгнээндээ нэгтгэж яагаад болохгүй гэж. Үндэсний хэмжээний том нам юм бол үндэстэн доторх бүх асуудалд жигд анхаарах ёстой. Намбарын Энхбаяр шиг үзэл бодолтой хичнээн ч хүн байгаа юм билээ. Тэд МАН-д огт таалагддаггүй юм байж. Тэгвэл АН-д мөн л таалагдсангүй юу. “Нью” МАХН-ын талынхныг хурааж авчраад устгах уу яахав. Сталин шиг  “Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй” гээд буугаа шүүрч авдаг цаг аль эрт өнгөрсөн.

Ардын нам бол Ардын намынхаа ачааг л үүрнэ. Нийт иргэд байтугай нэг дор явсан МАХН-ын ачааг ч үүрэхгүй. Тэгвэл улс орныг өргөн хүрээнд хамарсан бодлогыг зангидах хувь заяаг АН үүрээсэй билээ гэж олон нийт ээлжит сонгууль болгоноор хүсдэг. Ардчилсан намынхан  МАН-тай хүртэл урьдын явдлаа мартаж хамтарч чаддаг мөртлөө Энхсайхантайгаа эргээд нийлэхэд юу саад болов. Сонгуулийн 76 тойрог дээр нэр дэвших хүн нь багтахаа больсон явдал л гол саад гэнэ. Өөрсдийн горилогчдоо яая гэж байхад  дээр нь юун Энхсайхан Энхбаяр манатай. Харин бүхнийг шийдэх сонгогчид  цөмөөрөө АН-ын нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхгүй. Энэ намын хэдэн идэвхтэй гишүүд нь намдаа саналаа өгнө. Өгөхдөө өөрийнхөө дэмждэг фракцыг л дугуйлна. Тэр нь явсаар улсын нийт санал тооллогын дүн гарахад их л сайндаа 20-30 гишүүн ялдаг жишигтэй. Сонгуулийн өмнөх санал асуулгууд ч ийм тоог байнга хэлж тэр дагуу л дүн гардаг шүү дээ. Хүмүүсийн амбицыг жаахан татаж бодит хөрсөн дээр тооцоо хийхгүй бол сонгогчоосоо цөөнгүй  нэр дэвшигчтэй болчих гээд байна.

Өөр бодолтнуудыг “байхгүй болгох”-гүйгээс хойш хагарсан шаазангийн хэлтэрхий шиг бутархай саналтай л хоцорцгооно. Үеийн үед ингэж бусдын бах тавыг хангах ямар шаардлага байна. Ардчилсан нам эхнээсээ нэг цул фракц байгаагүй давуу талаа жаахан өргөжүүлээд өгөхөд л үндэсний хэмжээний эрх ашгийн төлөөх цорын ганц байгууллага болчих гээд байгаа юм. Бусдаас цусан өшөө автлаа хонзогнох, хэлмэгдүүлэх хатуу байр суурь энэ намд байхгүй, байгаа ч үгүй. Түүнээс гадна улс төрийн жижиг намуудын үйл ажиллагаа, чиг баримжаа нь  хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдүүд биз дээ. АН ба жижиг намууд холбоотон боллоо гэж дуулдахад мөн ч олон хүний хүйтэн сэтгэл уярна. “ИЗН-чин, “МАХН”-чин, малчин, хотынхон, баячууд ядуус цөмөөрөө нийлээд Монгол болдог. Хүний эд эрхтэн шиг нэг нь байхгүй бол холбоос тасарч  “хөгжлийн бэрхшээлтэй” ангилалд хамрагдан “групп”-ын цалинтай амьдраад байгаа юм. Тэгээд бүх нийтийг “групп”-д хамруулж сая таван зуу өгөх шаардлага гардаг. Ингэж амьдармааргүй байна.

Дашрамд сонирхуулахад дэлхийн том гүрнүүдийн ихэнх нь “холбооны” гэсэн  улс төрийн бүтэцтэй байдаг. ОХУ, АНУ, ХБНГУ, Европын холбоо…гээд холбоогүй юм алга. Энэ нь олон үндэстнүүд гэхээсээ олон үзэл бодол, шашинтнууд ардчиллын зарчим дагуу холбоотон болцгоосон хэрэг. Тэд бие даах юман дээрээ биеэ даана, хэзээ хаана нэгдэхээ бас мэднэ. Ийм уян хатан байснаараа хүчирхэг улс орныг цогцлоож байна. Цагийн аясаа дагаад “изм, ист, чууд, чүүд” хэмээн нийгмийг ангилан ялгаварлахаа улам больж оронд нь “Ардчилал”-ыг байршуулах боллоо. Өөрийгөө “Ард” гэхгүй бол амь насаа алдчих гээд байсан 1937 оныг  дахиж сэргээмээргүй л байна.

Хүмүүсийн нийтлэг мөрөөдөл бол  Ардчилсан нийгэм юм. Тэр нь зөвхөн Ардчилсан намд саналаа өгөх тухай биш. Ардын намд бол бүр ч биш. Тийм ч учраас аль ч нам хэрэг алга гэх болжээ. Харин олон үзэл болгоныг хүлээн зөвшөөрсөн байгууллага эмхэлбэл бараг бүгдээрээ түүнд саналаа өгч мэднэ шүү.

Ж.ГАНГАА


URL:

Сэтгэгдэл бичих