Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар ялимгүй нас орно

Ус, цаг уурын хүрээлэнгээс сар шинийн баярын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Улаанбаатар хотод энэ сарын 20-21-ний өдрүүдэд шөнөдөө хасах 24-26 градус, өдөртөө хасах 5-12 градус хүйтэн байх нь. Харин 22-24-ний өдрүүдэд буюу шинийн 1-3-нд шөнөдөө хасах 20-23 градус, өдөртөө хасах 9-11 градус хүйтэн байна. Шинийн нэгэнд өдөртөө бага зэргийн хур тунадастай. Энэ өдрүүдэд багавтар үүлтэй, салхи 6-11 м/с хүрэх аж.

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ Энэ өдрүүдэд хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндий, Ханхөхий нурууны хойд хэсгээр шөнөдөө 41-46, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Увс аймгийн зарим нутгаар битүүнд буюу энэ сарын 21-нд шөнөдөө бага зэргийн цас орно. Харин Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд, Ховдын зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр энэ сарын 20-24-ний өдрүүдэд зарим үед салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

ТӨВИЙН НУТАГ Хүйтний эрч харьцангуй суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар гурван градус хүйтнээс хоёр градус дулаан байх аж. Ихэнх нутгаар цас орж салхи баруун хойноос 7-12 м/с хүрэх юм байна.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ Энэ үед бусад өдрүүдийг бодвол хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хэмжээний хур тунадас орох аж. 20-24-ний өдрүүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с байх бөгөөд зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

ГОВИЙН НУТАГ Хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн өмнөд, Өмнөговийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орох бөгөөд Арц Богдын өвөр хоолойгоор салхи баруун хойноос 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Д.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих