Зарим Баатрууд нялхарч бас улстөржиж “бацаан”-уудын эрэлд гарчээ. Хэн гэдэг баатруудын тухай өгүүлээд байгааг тодотгох үүднээс нэр сүртэй нийтлэлчдийн нэг Б.Болдсайхан эмчийн “Баатрууд” нийтлэлээс иш татъя. Тэр хэлэхдээ: “Жинхэнэ баатрууд 1990 оны хувьсгалыг хийж монголчуудын 300 жилийн мөрөөдлийг биелүүлж эрх чөлөөг бидэнд авчирсан түүхэн үнэн нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, балрахгүй. Тэд бол баатрууд. Тэдний нэрийг дахин бахархалтайгаар дуудахад…” хэмээж байгаад найм орчим хүний нэрийг бичсэн байдаг юм. Мэдээж түүхэн үнэн хэзээ ч балрахгүй нь тодорхой гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Харин түүхэн гавьяатай баатруудын жагсаалтад зайлшгүй бичигддэг нэр бүхий гурван баатар сонгууль дөхсөн энэ өдрүүдэд илүү тод дуугарч, намчилсан хийгээд багийн тоглолтыг утгаар нь хийж эхлүүлэв. Эхний бай нь Баабар эрхмийн тодотгоод байгаачлан “Байлдаж тоглох дуртай сахалтай жаал” Ж.Энхбаяр сайд болж таарч байна.
Уг нь ерэн оны хувьсгалд хүчин зүтгэсэн баатруудын зарим нь тухайн үед 30 ч хүрээгүй, цэл залуухан явсаныг түүх гэрчилнэ. Ужгирсан баларсан нийгмийн тогтолцоог халж шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхийн төлөөнөө монголын залуучууд эв санаа нэгдэн тэмцэж байсныг мөн л түүх гэрчилнэ. Гэтэл тэр үеийн залуу баатрууд өдгөө өвгөрөөд зөнөг залгаад ирэхийн цагт монгол төрд залуу хүмүүсийг хавьтуулахгүй хачин хажиг зантай болоотохжээ. Уул нь Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Баабар нарын илтэд хажиглаад, өөлөөд байгаа Ж.Энхбаяр нь тийм ч залуухан нөхөр биш л дээ. Дөчин насанд дөхөж ирсэн монгол эрийг балчирхан бацаан хэмээдэг нь хэний ч, хаанахын ч ёс юм бэ. Ихээхэн юм үзэж, дэлхийн түүхийг нэвт шувт судласан Баабар эрхмийн тухайд биологийн нас гэдэг харьцангуй ойлголт бололтойдог. Ерөөс 39 настай хүн Монгол төрийн сайдын албыг хашиж болохгүй янзтай. Хамгийн ардчилсан үзэлтэй гэх нөхдүүдийн нэг маань нэг иймэрхүү зүйлсийг бичиж цацаж байх зуур, ер нь Ардчилсан намынхан дандаа өвгөчүүлээ сайд болгож ирсэн юм уу гэдгийг хараадахлаа.
- С.Баярцогт гишүүн 31-хэн насандаа буюу 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын албыг хашиж байсан байх юм.
-Харин З.Энхболд гишүүн 30 насандаа Монгол Улсын Төрийн өмчийн хороог даргалж байж.
-Тэгсэн нөгөөх огцруулах төсөл барьж гүйгээд байгаа Р. Гончигдорж гишүүн маань 40 дөнгөж гараад УИХ-ын дарга болж байсан байх юм.
Тэгээд зогсохгүй, Ч. Сайханбилэг гишүүн 29-хөн насандаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдын албыг хашиж байж.
Тэгэхээр энэ мэтчилэн харвал Засгийн газрын гишүүнээр ажиллахад нас зүс тийм ч хамаатай бус юм шиг. Эсвэл Ардчилсан намын сайдууд залуу байж болоод МАН-ын сайд нар дандаа настайчуул байх ёстой ч юм шиг. Гэтэл МАН-ынхан залуучуудаа дэмждэг. АН-ынхан залуучуудаа хажигладаг гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулчихсан байдаг. АН-ын гишүүн Х.Тэмүүжин эрхэм ч МАН болоод АН-ын ялгаануудын нэг нь энэ хэмээн хэлж байсан удаатай. Тэрчлэн АН дотроо өндөглөж Шонхор, Мөнх тэнгэр зэрэг фракциуд ялгаран тодорч эхэлсэн нь ч үүнтэй холбоотойг үгүйсгэхгүй байгаа юм.
За харин эхний бай болсон Ж.Энхбаяр эрхмийн асуудал руу эргээд ороход тэрбээр өөрийг нь огцруулах асуудалд “Үндэслэлгүй, хэт улстөржсөн шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Батлан хамгаалахын салбарын нарийн асуудалд ингэж хөнгөн хуумгай хандаж болохгүй. Бидний хувьд хийх маш их ажил байна. Бодлогын талаасаа хууль эрх зүйн хувьд шинэчлэн, ангиудаа цэрэг техникийн хувьд бэхжүүлэх, боловсон хүчнээ мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэх гээд асар их ажил хүлээж байна шүү дээ. Дахин хэлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин ямагт ард түмнийхээ талд зогсч ирсэн гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Цаашид ч ийм л байна” хэмээн хэлсэн юм. Сонирхолтой нь түүнийг огцруулах үндсэн шалтгаануудын нэг “Мэргэн буучдын хоёр ротыг бэлтгэх тушаалыг өмнөх сайд Л.Болд 2010 онд тушаал гаргаад, тэрнээс хойш бэлдэж байгаа юм билээ. Тэгэхээр яг энэ чиглэлд хариуцлага ярих гэж байгаа бол АН-ын бүлэг өөрийн намын гишүүн Л.Болдтойгоо тухайлсан хариуцлага ярих ёстой болж байна.
Мөн мэргэн буудагчдыг сонгуулийн үеэр бэлэн байдалд байлгахын тулд бэлдэж байна хэмээн АН-ынхан үзээд байгаа. Ж.Энхбаяр сайдын хэлж буйгаар бол “Бид бэлэн байдлыг хангах ёстой, залуучуудаа өндөр ур чадвартай болгох ёстой гэдэг утгаар л бэлтгэгдэж байгаа. Түүнээс мэргэн бууч бэлтгээд сонгуулийн үеэр ашиглана гэсэн юм байхгүй. Онц байдлын тухай хууль гэж маш том хууль бий. Р.Гончигдорж гишүүн маань өөрөө батлалцаж явсан. Яагаад тийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна…” хэмээн ярьжээ.
Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ сайдыг огцруулах гэж буй үндэслэлүүд нь үндэслэл болж хэрхэвч дийлэхгүй бөгөөд хижээл баатруудын сонгууль угтсан шоу болж л таарч байна.
mass.mn