Хөшөөтийн уурхай компаниудад ажлын хөлсөө өгөхгүй байна

-”МО ЭН КО” КОМПАНИЙН ЭЗЭД ХОВДОД 330 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ БОЛЖЭЭ-

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөл гэж  бий. Энэ зөвлөл нь лиценз эзэм­шигчдийн ирүүлсэн орд газрыг ашиглах тех­ник эдийн засгийн үндэслэлд тул­гуур­лан стратегийн ордод оруулах  эсэхийг шийддэг. Мөн орд газрын нөөцийн хэр хэмжээг хүртэл тодор­хойл­но. Орд газрын нөөцийн хэм­жээг тогтоохдоо лиценз эзэм­шигч­дийн хүсэлтээр их бага тогтоодог гэсэн яриа байдаг юм.

Тэгээд ч Эрдэс баял­гийн мэр­гэж­лийн зөв­лөлийн гишүүд ихээхэн хэмжээний авлига авч орд газрын нөөцийг тог­тоодог хэмээн төрийн бус байгууллагууд хард­саар ирсэн. Стратегийн ордод орох магад­лал­тай, төс­вийн хөрөнгөөр хайгуу­лийн ажил нь хийг­дэж нөөц нь ба­гас­сан тооцоо хийгдэн  гад­ны ком­па­ниу­дын мэ­дэлд очих болсон билээ. Үүний хамгийн том жишээ бол Ховд аймгийн Цэцэг суманд байрлах Хөшөөтийн нүүрсний уурхай юм.

Тус  ордыг 1971 онд  Оросын мэргэжилтнүүд   нээж  200 сая тонн нөөц­тэй болохыг тогтоо­сон байдаг  аж. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүч­ний яамны Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөл 87 сая тонн нөөцтэй хэмээн тооцоолсон гэнэ. Үүнээс улбаалаад  Хө­шөө­тийн нүүрсний уур­хайн нөө­цийн хэмжээ савлаж эхэлсэн. 2007 онд УИХ-ын гишүүн Л.Пүрэв­дорж ЭБЭХЯ-наас тус ордын нөөцийн талаар тод­руул­га авсан байдаг юм.

Тухайн үед ЭБЭХЯ-наас Хөшөөтийн нүүрс­ний ордыг 7,411 кклор бүхий агууламжтай  306,1 сая тонн, үүнээс 180 сая тонн нь коксжих нүүрс хэмээн хариу ирүүлж бай­сан байна.  Хөшөө­тийн нүүрсний уурхайн нөөцийг улс төрийн зо­рилгоор багасгаж чадса­ны хүчинд стратегийн ордод оруулалгүй авч үлдсэн аж. Тус уурхайн лицензийг БОЯ-ны сайд асан У.Барсболдын хү­чин чармайлтаар хята­дууд эзэн сууж “Мон Эн Ко” ХХК  эзэмших болсон юм.

Ингэснээр Хөшөөтийн уурхай  Хонконгт байрлах “Монголиа Энержи Корпорэйшн” олон улсын компанийн түүхий эдийн бааз болон хувирсан билээ. Үүний дараагаар Хөшөөтийн уурхайн нөөц дахин өөрчлөгдөж дэлхий нийтэд зарлагдсан аж. Хөрөнгийн бирж дээр  хувьцаагаа арилжихын тулд ордын тухай хамгийн бодит мэдээллийг зарладаг. Энэ утгаараа “Мон Эн Ко” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр Хөшөөтийн нүүрсний нөөцийг 2,4 тэрбум тонн хэмээн зарлав.

“Мон Эн Ко” компани хөрөнгийн бирж  дээрээс 2,7 тэрбум ам.доллар босгож чадсан  байгаа юм. Таван толгойн ордоос түрүүлж дэлхийн зах зээл дээр хувьцаагаа зарж эхэлснээс гадна нүүрс угаах үйлдвэрээ Ховдод хил залгаа Шинжаанд  байгуулахаар  Син Вен хэмээх уул уурхайн групптэй тохир­сон байна. Жилдээ 1,5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлд­вэр байгуулагдаж байгаа нь  Таван толгой төсөлд томоохон өрсөлдөгч гарч буйг хэлээд байгаа юм.

Син Вен групп нь жилдээ 37,23 сая тонн нүүрсний борлуулалт хийж 46,8 тэрбум юанийн борлуу­лалт хийдэг аж. Үүнээс үзвэл авар­га том нүүрсний мангас Хөшөө­тийн уурхайг залгиж эхэлсэн байна. Энэ компани нь “Мон Эн Ко”-д нүүрс угаах үйлдвэр барьж өгөөд зогсохгүй менежментийг нь хариуцахаар болж байгаа юм. Үүнээс үзвэл Хөшөөтийн нүүрсний уурхай эх газрын хужаа нарын мэдлээс гарч хөгшин гүү шиг зарагдаж буй бололтой.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Хөшөөтийн уурхайг гадны­ханд өгөх эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Анх орон нутгийн чанартай жижиг орд хэмээн мэдээлж байв. Тэгвэл тэр орон нутгийн чанартай ордын 2.4 тэрбум нөөцийг хята­дууд засмал зам тавиад зогсохгүй олон улсын нисэх буудал,  төмөр зам тавиад эхэллээ. Илчлэг муу­тай, цэвдэгтэй 87 сая тонн нүүр­сэнд хөрөнгө зарж  ийм их ач холбогдол өгнө гэж үү.

Ховд аймгийн удирдлагууд “Мон-Эн-Ко” компанийн талд ор­чихсон “Цэцэг сумын нутаг  засмал замтай боллоо. Хятадууд явахад зам үлдэнэ” хэмээн  хөөрцөглөж байх юм даа. Харин хятадууд 311 км үргэлжлэх хатуу хучилттай замаар баруун бүсийн уул уурхайн баялгийг түүхийгээр нь зөөх бодол­той байгаагаа  ил тод зарлаж байгаа юм. Ямар ч байсан Ярантын боомтоор Монгол Улсын уул уурхайн баялаг урсах нь тодорхой болов. Одоогийн байдлаар 100 тонны даацтай 300 гаруй машин нүүрс зөөхөөр болж байгаа аж.

Гэхдээ ил далд туршилтын гэх нэрийн дор “Мон Эн Ко” компани 50 гаруй машинаар нүүрс зөөсөөр байгаа  гэнэ. Энэхүү хулгайг айм­гийн удирдлага  мэдээгүй байснаас гадна тухайн үед мэргэжлийн хяналт 650 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн аж. Өдгөө орон нутгийн иргэд “Хоёр жил шахам Монгол Улсын баялаг туршилт нэрийн дор урслаа”  гэж байна. “Мон Эн Ко” компанийн захирал, БНХАУ-ын иргэн Лю Чэнг Лин Ховд аймагт 13 тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Энэхүү тусгай зөвшөөрлөө Син Вен группт зарсан гэх сураг ч байгаа билээ.

Хөшөөтийн нүүрсний ордын баялаг Ховд аймгийн нутгийн зон олонд ямар ч хүртээлгүй  гэнэ. Хамгийн бага цалинтай ажилд нутгийн залуус ордог аж. Хятадуу­дын боол мэт дарамтад байдгаас гадна цаг хугацаандаа ажлын хөлсөө авч чаддаггүй байх юм. Манай сонинд Хөшөөтийн нүүрс­ний уурхайд гэрээгээр ажилладаг  хайгуул, тээвэр, кэмпийн зарим компаниуд наймдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй байгаагаа мэдэгдлээ.

Шинэ жил, цагаан сараар ажлын  хөлсөө авч чадаагүй учраас тэвчээр нь барагдан компанийн эзэд хэвлэлд хандаж байгаа аж. Нэр бүхий компаниуд (Цаашид хамтран ажиллах бодолтой байгаа учраас нэрээ нууцлахыг хүссэн юм) “Мон Эн Ко” компанид удаа дараа хандан ажлын хөлсөө авъя гэхэд компанийн зүгээс “Мөнгө төгрөг хангалттай бий” хэмээн өгүүлдэг байсан гэнэ. Өөрсдийг ч авч хэлэлцэхгүй байгаад бухимдсан  манай  компаниуд Хөшөөтийн нүүрсний уурхайн замыг хаах талаар ярилцаж байгаа гэнэ.  Энэ талаар “Мон Эн Ко” компанийн харилцаа мэдээлэл хариуцсан ажилтан Х.Гэрэлтуяагаас тодруу­лахад “Ямар ямар компаниуд ажлын хөлсөө авч чадаагүйг шүүж үзье” гэсэн юм.

Зуун хувийн гадны хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко”-д бүт­цийн өөрчлөлт орж, мэдээлэл өгчи­хөөр монгол захирал байхгүй бол­сон гэнэ. Хөшөөтийн нүүрсний уур­хайг Хонконгоос удирдах дээ­рээ тулаад байгаа бололтой. За­рим нэг эх сурвалжийн мэдээгээр  “Хөшөө­тийн нүүрсний уурхайн эзэд солиг­дох гэрээ хэлцэл явагдаад ажлын хөлсөө тавихгүй байгаа юм” гэлээ.

Нэн сонирхолтой нь Хөшөө­тийн нүүрсний ордын нөөц өрөм тавих болгонд нэмэгдэж байгаа­гаас гадна “Мон Эн Ко” компани ашигт малтмалын орд бүхий 330 га газар эзэмшдэг болсноо вэб сайтдаа тавьсан байхыг үзлээ.  Энэ хавар элэг буруу хүмүүсийн гараар орсон Хөшөөтийн нүүрс­ний уурхайг стратегийн    ордод оруулах талаар төрийн бус байгуул­лагууд тэмцэхээр болсон гэнэ. Баруун бүсийг ашигт малтмалыг зөөх бодол агуулж буй Хөшөөтийн нүүрсний зам нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй олон удаа тулгарч байсан билээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих