Монголд “газрын диваажин” байгуулах цаг хэзээ вэ
Монгол орон баялагтай байгаа нь ямар их аз вэ. Хөгжиж буй орны зэрэглэлд багтаж байсан манай улс хөгжингүй орнуудын ангилал руу нүүж мэдэх цаг үед бид амьдарч байна шүү дээ. Энэ цаг үеийн гэрч болж байгаадаа бид азтай. Их баялгийн үүцийг задалсны дараа хэрхэх вэ гэдэг нь бидний хүсэн хүлээж байгаа хөгжлийн загварт нөлөөлөх юм. Бузгай үнэтэй ашигт малтмал манай орны газрын хэвлийд нуугдаж буйн ачаар 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 5250 долларт хүрнэ гэнэ. Ээ ашгүй, ямар гоё вэ. Монголын эрдэс түм бум болж өсөг…
Зогс!!!
Дөрвөн зүг найман зовхист илэрч буй баялаг бүхнээ зэрэг ашиглаж, амжихгүйгээ гаднынханд зээлдүүлсний ачаар манай ДНБ үржиж, өнгөрсөн онд хоёр тэрбум долларт хүрсэн гадаад валютын нөөц ч 2015 он хүртэл хэдэнтээ дээд амжилтаа эвдэх биз ээ. Байз, гэхдээ бидэнд алдах зүйл үгүй гэж үү? Удахгүй болох уул уурхайн “бүүм” ямар ч эрсдэл дагуулахгүй гэж үү? Үгүй ээ. Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг ойлголтыг наймхан жилийн өмнө тархиндаа суулгасан монголчууд арван жилийн дараа шүүрэн шанага шиг болсон эх орноо хараад элэг нь эмтрэх вий. Арван жилийн цаахна Монгол оронд XYII зууны Манжийн дарлалын дүр зураг эргэн ирэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ удаа монголчуудад биш, Монголын газар шороонд есөн эрүү тулгах нь. Энд тэндгүй ухаж төнхсөөр тал талаасаа “махаа цавчуулсан” тахир дутуу орон болох вий.
“Нөхөн сэргээлт гэж юу байдгийг мэдэх үү”
Өнгөрсөн оны сүүлчээр БНСУ-ын “Миреко” компанийн төлөөлөгчид ирээд манай уурхайн “эмзэг сэдвээр” оролдож, холбогдох байгууллагуудтай хамтран нөхөн сэргээлтийн стандарт тогтоох болсон билээ. Манайдаа л нөхөн сэргээлтийг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэсэн газар хэмээн Булганы уурхайг танилцуулсан ч солонгосчууд “Үүнийг нөхөн сэргээлт гэж байгаа хэрэг үү” хэмээн алмайрч байлаа. Аргагүй дээ, тэр нь олборлосон газрыг хөрсөөр хучаад орхисноос биш хортой бодисыг нь саармагжуулаагүй байж. Солонгосчууд өөрсдөө хорт бодисоор хордсон, хүнд металлын агууламж бүхий хөрсийг нөхөн сэргээхэд анхаарал хандуулдаг атал бид нүдэнд харагдах нөхөн сэргээлтийг анхаардаг нь хачирхалтай хэмээн толгой сэгсэрч, Монгол Улсад нөхөн сэргээлтийн системчлэгдсэн стандарт нэн шаардлагатайг онцолж байлаа. 1990-ээд оны эхээр төр засаг төсвөө зузаатгахаар “Алт” хөтөлбөр санаачилж, түүнээс хойш арваад жилийг ардаа үдсэний эцэст нөхөн сэргээлт шаардлагатайг ухаарсан. Гэхдээ энэ нь ухсан нүхийг хөрсөөр хучихаар л хязгаарлагдаж байв. Өнгөрсөн онд нийслэлийн орчимд уул уурхайн 13 компанийн үйл ажиллагааг зогсоож, техникийн нөхөн сэргээлт буюу сэндийчсэн газрыг хөрсөөр хучжээ. Харин энэ онд биологийн нөхөн сэргээлтийг хийх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн ажил 70 хувьтай байна хэмээн НМХГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийнхэн ярьж байна. Харин 2009 оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд техникийн нөхөн сэргээлт 60 гаруй, биологийнх 21 хувьтай байжээ. Ядмагхан байгаа биз. Биологийн нөхөн сэргээлт хийж байгаа нэрээр уул уурхайн компаниуд ургамлын үр цацаад орхичихдог. Гэтэл энэ ойлголтын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн гүний болон гадаргын ус, ой мод, нуур цөөрөм гээд олон зүйлийг байгалийн унаган төрхөнд нь оруулах ёстой аж. Манайд нөхөн сэргээлтийг ийм түвшинд хийх сэтгэлтэй хүн үгүй. Гэтэл ХБНГУ-ын “RWE Power AG” компани үйл ажиллагаа явуулаад 33 жилийн нүүр үзэж буй хүрэн нүүрсний Хамбахын уурхайг үзсэн хүмүүс “газрын диваажин” хэмээн шагширдаг. Ухаж төнхсөн уурхайд “газрын диваажин” байгуулж болдог Нөхөн сэргээлтийг нүүрс олборлохтойгоо адил өөрсдийн үндсэн ажил хэмээн үздэг тус компани жилдээ 40 сая тонн хүрэн нүүрс олборлож, ашигласан газар нутгаа усан сан, спорт тоглоомын талбай гээд зугаа цэнгэлийн болон хөдөө аж ахуйн зориулалттай бүс нутаг болгон хөгжүүлж чаджээ. Нөөцийг нь шавхсан блокоо шинээр өрөмдсөн цооногийн шимтэй хөрсөөр хучиж, нуга газар болгодог. Түүнчлэн хөрсөн дэх биологийн үйл явцыг идэвхжүүлэхийн тулд долоон жилийн турш түүнийгээ борддог аж. Ийнхүү хуучин уурхайг шинийнх нь хөрсөөр сэлбэж, царс, эвэрлэг, шилмүүст мод, цагаан хуайс, улиангар, монос модыг хуучин уурхайн туурин дээр тарьсан байна. Түүгээр зогсохгүй амьтад нутагшуулж, “Kottenforst-Ville” натур паркийг байгуулсан аж. Хамбахын уурхайн олборлолт 2045 оныг хүртэл үргэлжлэх боломжтой агаад түүний төгсг өлийн цооногуудыг нуур болгохоор төлөвлөжээ. Манайд ийм диваажин байдаг ч болоосой…
Эцэст нь…
Уурхайг нөхөн сэргээхэд хэдэн арван жил шаардлагатай гэнэ. Харин манай хөрсөнд энэ үйл явц ганцхан жил үргэлжилбэл их юм. Нөхөн сэргээлтээ дөнгөж хийгээд, өвс ургамал халиурч, гол голдрилоо олсон мэт дүр зургийг мэргэжлийн хяналтынхан, холбогдох яамныханд үзүүлээд л байгалийг “чанарын өндөр түвшинд” нөхөн сэргээсэн гэх сэтэр зүүчихдэг. Харин дараа жил нь хатсан өвс ч үгүй сул шороон хөрс тэднийг угтана. Гэтэл нөхөн сэргээсэн газрыг олон жил ажигласны эцэст хүлээн авдаг гаднынхны жишиг бий. Адаглаад хүнд металлд хордсон хөрс орчныг бохирдуулаад зогсохгүй амьсгалах эрхтнээр дамжин хүний биед ордог гэнэ. Хорт бодис эргэж гардаггүй учраас арьсны янз бүрийн өвчин, уушгины хорт хавдар, яс сийрэгжилт зэрэг өвчин тархдаг аж. Нөхөн сэргээлтийг дэлхийн стандартад нийцсэн өндөр түвшинд гүйцэтгэсэн, ядаж гаднынхны өмнө нүүр тахлах ганц уурхайтай болохсон. Баялаг өвөртөлж чадсан монголчууд нөхөн сэргээлт хийж чадна гэдгийг тэдэнд харуулахсан. Б.Цэцэгсүрэн
URL:













