Монголчууд өрсөлдөгчийнхөө өвөрт орлоо
Австраличууд Монголын коксжих нүүрсний бүх ордыг гартаа оруулжээ-
Тавантолгойг хэрхэн ашигласнаас Монгол Улсын ирээдүйн хувь заяа хамаарна. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч, стратегийн энэ том ордыг ашиглахын тулд бид өөрсдөө стратеги боловсруулах шаардлагатай гэдгийг олон хүн анхааруулж байгаа. Гэвч хар алт хэмээн нэрлэгдэж байгаа нүүрсний энэ том баялаг дээр Монгол төрийн бодлого дутагдаж, бид өрсөлдөгч нарынхаа халаасруу шургаж ороход бэлэн болоод байна.
Өнгөрсөн 20 жилийн дотор нүүрсний эрэлт, нийлүүлэлт хоёр дахин нэмэгдсэн гэдэг судалгааг эдийн засагчид хийжээ. Дэлхий даяар 2009 онд зургаан тэрбум тонн нүүрс олборлосон байх юм. Европын орнууд нүүрс олборлох нь багасгаж, аль болох гадаадаас хямд үнээр авах бодлого барьж байна. Татвараа нэмснээр Европт нүүрс олборлохоос худалдаж авах нь ашигтай болжээ. Азийн орнуудын эдийн засаг, ялангуяа Хятадад эрчим хүчний хэрэглээ, төмрийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр нүүрсний хэрэгцээ нэмэгдэж байна. Коксжих нүүрсээр ган, хар төмөрлөг үйлдвэрлэж байгаа үнэ нь ч, эрэл хэрэгцээ нь ч эрс нэмэгджээ. Дэлхийн эрчим хүчний 40 хувийг нүүрснээс гаргаж авч байна. Сүүлийн үед Хятадад коксжих нүүрсний хэрэглээ хэд дахин нэмэгдэж, дэлхийн хамгийн том экспортлогч улс болно гэдэг нь тодорхой боллоо.
Коксжих нүүрс импортлогч орнууд:
2008 он/ сая.тонн
| Япон | 81 |
| Хятад | 35 |
| Энэтхэг | 25 |
| БНСУ | 21 |
| Тайвань | 8,2 |
| ХБНГУ | 6 |
Энэ бол 2008 онд хийсэн судлагаа. Тэгвэл өнөөдөр Хятадын зах дээр хэн нүүрсээ борлуулах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Коксжих нүүрс экспортлогч орнууд:
2008 он/ сая.тонн
| Австрали | 125 |
| Америк | 34 |
| Индонез | 30 |
| Канад | 21 |
| ОХУ | 11 |
| Польш | 2 |
Коксжих нүүрсний зах зээл дээр Австраличууд өөрийнхөө хаанчлалыг тогтоогоод удаж байна. Гэвч хөрөнгө мөнгөтэй, бэл чадал ихтэй Австраличуудад саяхан шинэ өрсөлдөгч гарч ирсэн нь Монгол Улс. Ганцхан жишээ дурьдахад, 2010 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улс 8,4 сая тонн, Австрали 11 сая тонн коксжих нүүрс худалджээ. Австрали 1990 онтой харьцуулахад нүүрс олборлолтоо хоёр дахин нэмжээ. Монгол 2007 онд ердөө 2 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2010 онд 15 болж 7,5 дахин нэмэгдсэн байна. Монгол Улс асар хурдтай нүүрсний зах зээл рүү хүч түрэн орж ирж байгааг австраличууд хараад тэгтлээ баярлахгүй нь байгаа нь мэдээж. Тавантолгойн орд газар ашиглалтад бүрэн орох юм бол Хятад болон дэлхийд коксжих нүүрсний импортоор тэргүүлдэг Япон, Солонгосын зах зээл дээр Монгол Улс тэргүүлж эхлэхээс тэд болгоомжилж байгаа. Хятадтай хил залгаа оршдог, ердөө л 100 гаруйхан км-ын цаанаас хямдхан нүүрс зөөвөрлөж зараад зах зээлийг эзлэчих Монголчуудыг хэрхэн замаасаа зайлуулж, ашиг орлогоо хадгалж үлдэх вэ гэдэг асуулт харийн ноёдын тархийг гашилгаж байгаа.
МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ОРДОД АВСТРАЛИЧУУД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ХАЯЖ БАЙНА
Энэ удаа австраличууд өрсөлдөгч Монгол Улсынхаа уул уурхай, нүүрсний салбарт эзэн суух бодлого хэрэгжүүлж байна. Австралийн “Лейтон Азиа” компани Ховдын Хөшөөт, Өмнөговийн Тавантолгой, хамгийн сүүлд Сэлэнгийн Улаан-Овоод хөрөнгө оруулахаа зарлав. Зөвхөн эдний оруулсан хөрөнгө Монголын ДНБ-ний 50 хувьтай тэнцэж байна. Монгол Улс улам бүр “Лейтон”-ы түрийвчинд багтах боллоо.
Баримт-1
Ухаа худаг хэмээх газар “Лейтон холдин” компани 2014 он хүртэл 230 гаруй сая австрали долларын гэрээ байгуулан нүүрс олборлолт болон тээвэрлэлт, өрөмдлөг, гүний усны хангамж,инженер- төлөвлөлтийн үйлчилгээ зэрэг ажил үүргийг гүйцэтгэхээр ажиллаж эхэлснээ зарлаад байна.
Баримт-2
Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайд 1970-аад онд Монгол, Оросын геологичид улсын төсвөөр хөрөнгөөр хайгуул хийж, уг орд нь эртний настай, илчлэг өндөртэй 24 сая тонн коксжих нүүрсийн нөөцтэй гэдгийг тогтоосон.
Хожим 2007 онд “Мон-Эн-Ко” ХХК хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг “Эрдэс баялгийн зөвлөл” дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталсан байна. Гэтэл энэ уурхайд “Лейтон” компани 460 сая тонн нүүрс олборлох гэрээ байгуулжээ. “Лейтон” компани 2010 онд нэг сая тонн нүүрс олборлосон бол 2011 онд гурав, 2012 онд тав, цаашдаа бил бүр жилд найман сая тонн нүүрс имтортлоно гэдгээ Блумберг болон БНХАУ-ын веб сайтуудад мэдээлсэн байна.
Баримт-3
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоогийн нүүрсний уурхай гэж бий. Энэ уурхай 208 сая тоннын нөөцтэй, Шарын голын нүүрсний уурхайн нөөц багасаж байгаа учраас Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэхийн тулд энэ уурхайг ашиглах хэрэгтэй гэж ярьцгааж байсан. Гэвч өнөөдөр энэ уурхай “Лейтон”-ы мэдэлд шилжиж, хөрөнгө мөнгөний хувьд хараат болжээ. Улаан-Овоо ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Рэдхил Монголия”- ийн толгой компани нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Професи Ресурс”-тэй нэгдсэнээр уг орд түүгээр нэрших болсон юм. Гэтэл “Професи Ресурс”компани уурхайдаа дэд бүтэц байгуулах, мөн шаардлагатай тоног төхөөрөмж зээлээр авах зорилгоор Австралийн “Лейтон” компанитай гэрээ байгуулжээ. “Лейтон” компани эхний ээлжинд “Caterpillar 385” эксковатор нэг, мөн “Caterpillar 773D” өөрөө буулгагч гурван ширхгийг нийлүүлнэ. Энэ гэрээний төлөө “Професи Ресурс”-ийнхон “Лейтон”-д нийт 3.8 сая доллар төлөх гэнэ. Улаан-Овоогийн нүүрсний уурхайн бүхий л төлөвлөгөөг “Лейтон” хариуцаж байгаа сурагтай.
Бидний гол өрсөлдөгч австраличууд ямар их хүч, хөрөнгө хаяж, Монголын нүүрсэнд анхаарал тавьж байгааг дээрх баримтууд гэрчилж байна. Хувийн компаниудын мэдэлд байсан коксжих нүүрсний том том ордуудад “Лейтон” өөрийнхөө хяналтыг тогтоож чадлаа. Харин өнөөдөр тэд төрийн мэдэлд байгаа Цанхийн орд газарт анхаарлаа хандуулж, оператор компанийн тендерт оролцохоор янз бүрийн арга хэрэглэжэхэллээ. Тэд Тавантолгойн Ухаахудагийн хэсэгт хөрөнгө оруулагч атлаа төрийн мэдлийн Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогч болохоор ажиллаж байна. Монголчууд төр, хувийн хэвшил гэж өөр хоорондоо, өвөр зуураа тэмцэлдэж байх зуур үндэсний эрх ашиг ийнхүү хөсөр хаягджээ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” монголчуудын өмнөөс Цанхийн зүүн хэсгийн эзэмшиж байгаа ч захирал нь Австралийн иргэн Рассел Норман Филлипс байна. Энэ австралийн иргэн, австрали компанийг гэрээт олборлогчоор шалгаруулах шүүгчдийн комисст орж ажиллана. Энэ бүх жүжгийг найруулж тавьсан эзэн нь мэдээж австраличууд.Харин тэдний гар хөл бологсод нь манай хэдэн сайд нар. Нүүрсний зах зээл дэх өрсөлдөгчөө австраличууд өвөртөө оруулчихлаа. Ингэснээр Монгол Улс дэлхийд, Хятадын болон Азийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж, өндийх ч чадалгүй болж байна.
Зарим эх сурвалж уул уурхайн” “Лейтон”, “Мак Махон”, улс төрийн МАХН гэдэг ижил төстэй хоёр нэрийн цаана нэг урт шар дээлтэй хүн байгаа гэж ярьж байх юм. Ханаж цадах гэдгийг ойлгодоггүйчүүдийн нэр ус нь ч адил төстэй байх юм.
URL:













