Бид Хятадын еэвэн сарыг тэмдэглээд байгаа юм биш үү
Монголчууд “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй” гэж хэлэх дуртай. Буруу хийсэн зүйлээ үл ойшоосон зангаар хуурч байгаа л арга байх даа. Нөгөө “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэдэг үгээ үүн дээрээсээ нэмэр хачир болгоод хэнэггүйтээд байгаа ухаантай юм.
Ер нь шашин бизнес болсон, айл бүрт нэг бөө, лам байгаа өнөө цагт ингэж ч болов өөрийгөө хуурч явсан нь дээр ч юм шиг. Гэхдээ зайлшгүй дагаж мөрдмөөр ёс жаяг, бэлгэдэл гэж байх юм. Түүнийг дагаж мөрдлөө, биелүүллээ гээд дордоод байх юм ер алга. Харин ч бэлгэдлийн талаасаа аятайхан юм шиг санагдаад байна.
Монгол үндэсний баяр цагаан сар болоход хэдхэн хоног үлдэв. Хүн бүр л тавгийн боов, суурь еэвэнгээ бэлтгэж буй энэ үед үндэсний баяртай холбоотой ёс заншлаа бага ч болов биелүүлмээр байна. Ууц тавихыг буруу, хаад ноёд, өвгөд л тавьдаг гээд л маргаад байгаа. Харин идээний тавгаа яаж засах талаар ойлголт ер нь байна уу. Хэдэн ул боов, еэвэн, чихэр өрөөд л болж байгаа нь үнэн. Гэтэл бид идээгээ засахдаа буруу өрөөд байх юм аа. Яагаад буруу өрөөд байна гэж хэлээд байгаа нь учиртай.
Манай улсад еэвэн гэж байгаагүй гэдэг. Өнө эртнээс еэвэн хэрэглэж байгаагүйг түүх шаштирт тэмдэглэсэн нь бий. Ерөөсөө еэвэнг хятадууд хэрэглэж, “еэвэн сар” гэж тэмдэглэдэг уламжлалтай. Харин Манжийн дарлалын үед хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдэрч яваг гэж хараасан маягаар еэвэнг манай улсад өгсөн байгаа юм. Бэлгэдлээр нь гутаах гэсэн л оролдлого шүү дээ.
Гэтэл манай ухаантан мэргэд улан дороо дэвсэлж явъя гэсэн утгаар ул боов хийж, еэвэнг хамгийн дор нь байрлуулж идээгээ засах болсон юм билээ. Бүр “суурь еэвэн” гэж нэрлэсэн байгаа шүү дээ.
Тэр дундаа хаад ноёд ул боов хийдэг байсан нь ч ийм учиртай гэсэн. Бүр сүүлд 1990-ээд оны үед ч суурь еэвэнг ул боовны дор тавьдаг байсан. Сүүлийн үед л энэ ёс, бэлгэдлийг мартаад, “суурь еэвэн” гэж нэрлэсээр байтал ул боовныхоо дээр тавиад байгаа юм.
Монгол Улсын нийгэм өнөөдөр ядуу зүдүү, эмх замбараагүй байгаа, төрийн толгойд өөрийгөө боддог увайгүй хүмүүс олноор гардаг нь үүнтэй холбоотой ч юм бил үү, хэн мэдлээ. Бүр сүүлдээ үндэсний гэсэн хүнсний үйлдвэрүүд нь хүртэл төрөл бүрийн еэвэн үйлдвэрлэж, ул боов авбал үнэгүй бэлэглэх болоод байгаа. Ингэснээр айл болгон сууринд тавих ёстой еэвэнг идээнийхээ дээр тавьж, бэлэг дэмбэрэлээ уландаа гишгээд байгаа юм.
Еэвэн байхгүй байлаа гээд идээ муудахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ жилийн цагаан сараас эхлээд еэвэнгээс татгалзвал ямар вэ. Заавал идээнийхээ дээр еэвэн тавьж байхаар өөр зүйлээр орлуулж болно. Цэцгэн боов гээд хөөрхөн юм хийгээд тавьдаг даа. Хөдөөнийхөн бол шар, цагаан тосоо хагалаад л тавьчих хэрэгтэй. Хотынхон ч гэсэн ялгаагүй. Боломж нь хүрэхгүй бол өөр зүйлээр орлуулж болно шүү дээ. Бүр худалдаад авчихсан бол суурь еэвэнгээ сууринд нь тавьж хэвших хэрэгтэй. Өвгөд дээдэс уландаа гишгэж ирсэн юмыг ном журмаар л хийе. Тэгэхгүй толгой дээрээ залаад, тарж бутарч байх үндэстэн биш шүү, бид. Н.Пунцаг
URL:













