Хэвийн боовны нүүр царай буюу Далай ламаас зөн билэгч Эбрагим, зөрүүд танхай Лэди Гага хүртэл…

Сар шинийн хөнгөлөлттэй, урамшуулалтай үзэсгэлэн яармаг, жижиг, том дэлгүүрүүдийн өрсөлдөөн тартагтаа тулах нь.

Бүр сүүлдээ хэдэн ТҮЦ хоорондоо өрсөлдөөд урамшуулал зарлаад эхэлвэл гайхах явдалгүй. Өрсөлдөөн ширүүсч гэмээнэ хэрэглэгчид дундаас нь хождог. Гэхдээ манайд аливаа юм заавал голдрилоосоо хазайдаг хойно өнөөх хэрэглэгчдийг гийгүүлээд байгаа хөнгөлөлт урамшуулал нь сүүлдээ залилангийн хэв шинжид орчихсон явна. Сар шинийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг болох хэвийн боовоор жишээ татья л даа. Үндэсний цөөн үйлдвэрлэгчдийн анхдагч Өгөөж хэвийн боовны амт муудсаны дээр еэвэн нь яг тавин мөнгө шиг болчихсон байналээ.

“Өгөөж”-ийн захирал Түмэнгэрэлийг “сайн мэдэх” хүмүүсийн дүгнэж буйгаар “Боовоо сайн рекламдаж, боовоо сайн зарж, боовоороо барилгын хороолол хүртэл барьж, зөвхөн боовоороо маш их амжилтанд хүрсэн” гэлцэнэ. Энэ эрхмийн боов нь сүүлдээ их муудсан ч, бусад үйлдвэрлэгчдээ нэг л зүйлд гаршуулсан гавьяатай. Энэ бол реклам. Түмэнгэрэл боовныхоо нэр хүндийг далай ламтай хүртэл холбосон жаатай эр шүү. Ингээд рекламдвал мундаг боовтой болох өрсөлдөөн манайхан дунд жил ирэх тусам өссөөр…

Гэвч рекламддаггүй шахам Гандангийн боов сүүлийн жилүүдэд борлуулалтаараа тэргүүлж явна. Гандангийнх болоод л ийм “даруухан” өрсөлдөгч байх даа. Боовнууд сав баглаа боодлоороо ч сүрхий гангарах боллоо. Хамгийн сүүлийн шинэ дэвшил гэвэл “Smile” гэсэн цоглог “боов” Оросын зөн билэгч Мехди Эбрагими Вафагийн зурагтай, гоёмсог цаасан хайрцагны цаанаас мишээж байна гээд бод доо. Хэрэв хазаж, амталдагсан бол мартагдашгүй таашаалтай байхаар цаасан хайрцаг юу ч биш. Манайхны сүслээд сүйд болсон Эбрагими бол бүр юу ч биш.

Энэхүү гучин ширхгээр нь савласан хэвийн боовыг худалдан авсан хүмүүс ар монголын алдарт зөн билэгчид үнэ төлбөргүй “үзүүлэх” гэнэ. Гэхдээ нэр цохож сүйд болоогүйг бодоход цаана нь хэдэн ч “шилдэг” зөн билэгч байх магадлалтай юм шиг ээ. Гэх мэтээр хэвийн боовны өрсөлдөөн яван чангарах нь. Дараа жилээс “лизингээр боовоо аваарай” гэхгүймаа гэхэд Лэди Гагагийн зурагтай нь бол лангуунд найдвартай заларна. Ер нь яагаад эмэгтэйчүүд амьдралын ачааг үүрч боов шоовоо цуглуулан, лам хараар явах ёстой юм бэ. Эрчүүдэд зориулсан брэнд бүтээх аргыг боов үйлдвэрлэгчид олж л таараа.

Н.Энгүүн

Шок мн


URL:

Сэтгэгдэл бичих