Хятад иргэд хилээр хөлдөөсөн чоно гаргахыг завдлаа
Дорнод аймгийн Хавиргын боомтоор БНХАУ-ын дөрвөн иргэн их хэмжээний хөлдөөсөн чоно хууль бусаар хил гаргах гэж байгаад баригджээ. Мөн цөөн тооны үнэг, хярс, туулай зэрэг амьтны арьс байсан гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хил гаалийн ажилтнуудад их хэмжээний ангийн арьс болоод хөлдөөсөн чоно хилээр гаргах гэж байгаа талаар нэгэн иргэн мэдэгдсэн юм байна. Үүний дагуу хил орчмын боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хилийн шалганы ажилтнуудад тусгай үүрэг өгсөн ажээ. Үүний дагуу хилээр гарч буй автомашинуудыг сайтар шалгасны үр дүнд нүүрс ачсан машины доор хөлдөөсөн чоно болоод ангийн арьс хийсэн байжээ. Мөн хөлдөөсөн чонон дунд сүүлийн жилүүдэд нэн ховордоод байгаа талын цагаан гэгдэх гурван цагаан чоно байсан гэнэ. Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт сэжиглэн саатуулагдаад байгаа хятадууд “Бид цагаан сарын өмнөөс л иргэдээс хөлдөөсөн чоно, ангийн арьс худалдаж авсан. Буу барьж ан хийгээгүй. Өөрсдийнхөө мөнгөөр л худалдаж авсан. Хил гаргаад өндөр үнээр борлуулах гэж байсан юм” хэмээн мэдүүлжээ.
Д.СҮРЭН
URL:













