ОРОН СУУЦ ХАМТРАН ЭЗЭМШИГЧ ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХГҮЙ
Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зарлаж, жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг бага, дунд орлоготой иргэдийг хамруулахаар журам баталсан.
Энэхүү зээлийн хэмжээ нь 50 сая төгрөг, талбайн хэмжээ нь 55 ам метр байх аж. Энэ сургаар өнгөрсөн оны нэгдүгээр сард сайтаас авсан мэдээгээр шинэ орон сууцны үнэ ам метр нь дунджаар 1,1 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1,9 сая болтлоо өсчээ.
Иргэдийн бүрдүүлсэн материалыг Орон сууц санхүүжилтийн корпораци /ОССК/өнгөрсөн даваа гаригаас хүлээн авч эхэлсэн. Тус корпорацийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр “Шаардлага хангасан материалтай иргэдийн нэрсийг арилжааны банк руу хуваарилна. Харин тухайн банк орлого талаасаа судалгаа хийнэ” гэж байв.
Энэ сараас олгогдож эхлэх зээлийн эх үүсвэр хаанаас гарах талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргалаас тодруулахад “Арилжааны банкууд эхний ээлжинд хөрөнгөө гаргана. Манай зүгээс 200 тэрбум төгрөгийн бондыг дотооддоо борлуулсан орлогоороо энэхүү зээлийг санхүүжүүлнэ” гэв.
Мөн тухайн зээл хүссэн иргэн орон сууцны бүртгэлд орсон, түүнийг хамтран эзэмшигч бол энэхүү зээлд хамрагдах боломжгүй аж. М.Уламбаяр “Үл хөдлөх хөрөнгийн газрын лавлагаанд тухайн хүнийг орон сууцны эзэмшигч гэж тодорхойлдог. Тиймээс хамтран эзэмшигчийн жагсаалтад байсан хүнд энэ зээлд хамрагдах эрх үүсэхгүй. Энэхүү орон сууцны зээл нь гэр хорооллын, байранд огт амьдарч байгаагүй иргэдэд зориулагдсан юм” гэлээ.
Д.ОЮУНЧИМЭГ
URL:













