УРУУДАЖ БУЙ МОНГОЛ НУТАГ
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явах болсон. Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг бүс нутагт байршдаг.
Иймд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин илүү. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 2.14 хэмээр дулаарч буй юм. Үүний нөлөөгөөр цөлжилт нэмэгдэж байгаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газар, байгаль экологийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Монгол орны нийт нутгийн 72 хувь нь цөлжилтөд өртжээ. Мөн бэлчээрийн доройтол, биологийн төрөл зүйл мөхөлд өртсөн. Байгалийн энэ доройтолд хамгийн их өртөөд байгаа нь Ємнөд говь нутаг. Говийн мал давжаарсан, ашиг шим муудсан.
Бас зарим ургамал устаж үгүй болох дээрээ тулсан гэж биологичид мэдэгддэг. Говь нутагт элсний нүүдэл жилд 20 метрээр хүрээгээ тэлж буй. Хангайн бүс ч ялгаагүй цөлжилт нүүрлэв. Тухайлбал, энэ нутагт манай ой модны гол нөөц бий. Гэтэл цэвдэг нь гэсч ойн нөөц хомсдож байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс гадна уул уурхайн салбар Монголын байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх болсон. Жишээлбэл, нийт газар нутгийн 14,565 га газар эрдэс баялгийн олборлолтод эвдэрсэн судалгаа байдаг. Үүний 4000 гаруй га-д нь л нөхөн сэргээлт хийсэн аж.
Хоцрогдсон технологи хэрэглэж буй алтны уурхайн нөлөөгөөр химийн бодист хордсон нутаг ч их. Хоёр жилийн өмнө БОАЖЯ, МХЕГ хамтарч химийн бодист хордсон газар нутгийн хэмжээг тогтоосон байдаг. Уг судалгаагаар дөрвөн аймгийн 10 гаруй сумын нутагт 120 цэгт 53.5 га газар цианит натри, мөнгөн ус зэрэг химийн бодисоор хордсон нь тогтоогдов. Нүүрс манай эдийн засгийн гол орлого олдог ашигт малтмал болсон. Гэвч байгаль орчны сөрөг нөлөө нь жил ирэх тутам нэмэгдэн агаарын бохирдолд гол үүрэг гүйцэтгэж буй. Ил уурхайн хөрс хуулахад нүүрсний давхаргын метан хий агаарт шууд дэгддэг. Энэ нь азоны давхарга цоорох, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа.
Нөгөө талаар, нүүрс тээврийн зам тулгамдсан асуудлын нэг хэвээр. Өмнөговь аймгийн Таван толгой, Нарийн сухайт, Овоо толгойн нүүрсний ордоос шууд экспортолж буй. Таван толгойн ордоос 240 км газарт хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэдэг. Уг газарт 32 салаа зам гарсан, 40-50 см хүртэл гүн нүх үүсээд байгаа. Тэндээс боссон тоос шороо нь хавь орчныхоо ургамлыг дарж сүйтгэхээс гадна цөлжилтийн нөлөөгөөр боссон нунтаг шороон тvйрэн нийлж Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг улсын нутагт хүрдэг. Энэ нь Монгол Улс биологийн төрөл зүйл дайжих, устах, хүн амьдрах орчингүй болгох, Киотогийн протокол, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн конвенц зэрэг олон улсын хүлээсэн үүрэг, хууль эрх зүйгээ хэрэгжүүлэхгүй байгаагийн илэрхийлэл.
Монголын уул уурхайд тулгамдаж буй бас нэг асуудал бол усны хэрэглээ. Манай нүүрс, зэс, алтны томоохон орд усны нөөц багатай говь нутагт байдаг. Тухайлбал, Оюу толгой, Таван толгой, Овоот толгой, Цагаан суварга гээд дэлхийд томд тооцогдох ордыг олон жил ашиглах Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулагдсан. Эдгээр уурхайн хэрэглэх усны асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй л байна. Өнөөдөр БОАЖЯ-наас Оюу толгойн хэрэглэх усны нөөцийг 870 шоо метр секунд хэмээн тогтоож өгсөн. Гүний хоолойгоос олборлох усны уг нөөц өнөөгийн байдлаар 20 жил хэрэглэх тооцоо бий.
Таван толгойн хувьд жилд 30 сая тонн нүүрс олборлож боловсруулахад Наймган, Балгасын улаан нуурын гүний усны нөөц хүрэлцэхгүй. Дахин хайгуул хийх ёстой хэмээн гидрогеологийн эрдэмтэд үзэж буй. Ингээд Орхон, Хэрлэн голоос ус татах тухай төлөвлөгөөг гедро геологийн зарим эрдэмтэн боловсруулсан. Гэвч жилээс жилд дээрх голуудын усны төвшин намдсан, дулаарлын нөлөөгөөр ундарга нь багасч байгаа аж. Тэгэхээр дээрх голуудаас ус татвал экологийн тэнцвэрт байдалд шууд нөлөөлөх аюултай гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Сүүлийн үед Бүрэнхааны фосфорын ордыг ашиглах тухай яриа гарах болов. Уг орд нөөцийн хувьд стратегийн хэмээн нэрлэгддэг. Гэвч Монгол орны цэвэр усны нөөцийн 74 хувийг эзэлдэг Хөвсгөл нуурийн эрэг дээр оршдог. Орос, Монголын эрдэмтэд уг орд болон ойр орчимд нь олон арван жил судалгаа хийсэн. Тэгээд 1998 онд уг ордыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Учир нь, уурхай нээхэд үйлдвэрийн бохирдол нь Дэлгэрмөрөн, Сэлэнгэ мөрөнд нийлж Байгаль нуурт цутгах аюултай. Ингээд энэ бус нутаг дагуух байгаль бохирдож экологийн сүйрэлд хүрэх юм байна. Монгол орны нутаг дэвсгэрт 10 жил тутамд “Улсын усны тооллого” явуулдаг. Хамгийн сүүлд 2007 онд хийсэн уг судалгаагаар 5128 гол горхины 852 нь, 9306 булаг шандны 2277 нь, 3747 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашааны 60 нь ширгэж хатсан дүн гарчээ. Үүнд, нөгөө улиг болтлоо ярьж буй дэлхийн дулаарал, уул уурхай нөлөөлсөн байдаг. Энэ бүгдээс үзэхэд Монголд хүн амьтан амьдрах газар нутаг үлдэхгүй нь. Өнөөдөр олсон хэдэн төгрєгийнхєє их багыг харах бус байгаль экологийн тэнцвэрт байдлаа хадгалах, уул уурхайг хязгаартай эмх замбараатай ажиллуулах нь чухал юм. Уг нь манайд байгаль орчны нөөц баялгийг хамгаалах нөхөн сэргээх, зохистой ашиглах асуудлыг зохицуулах, хэрэгжүүлэх үндэсний 31 хууль, 26 хөтөлбөр, 130 гаруй дүрэм журам, Засгийн газрын 90 гаруй тогтоол шийдвэр, яам агентлаг хоорондын гэрээ санамж бичиг бий. Үүнийгээ ягштал биелүүлэх нь бидний үүрэг хариуцлага болоод байна.
ardchilal
URL:




