Л.НАРАНТУЯА: МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ НЬ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙН СҮЙРЭЛ

Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн тэргүүн, Хууль зүйн ухааны доктор, гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.
1995 онд Москвагийн Улсын их сургуулийг гэр бүлийн эрх зүйч мэргэжлээр магистр хамгаалан төгссөн тэрээр Монголын өнөөгийн нийгэмд хамгийн эмзэг асуудлын нэгэн болоод байгаа гэр бүлийн төлөвлөлт, залуу гэр бүлийн байдал, салалтын талаар сүүлийн 21 жил судалгаа хийж яваа юм.

-Та залуу гэр бүлүүд салж сарниж байгаа нь Монголын эмгэнэл гэдэг. Тийм сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрчихсэн хэрэг үү?
-Сэтгэл эмзэглүүлэх байтугай үндэсний хэмжээнд нухацтай авч үзэж, төр засгийн зүгээс дорвитойхон хөдлөх цаг нь болчихоод байна. Өнөөдрийн манай залуу гэр бүлүүд сэтгэл санааны болон эд материалын асар их дарамт дор тун ч зөрчилдөөнтэй амьдарч байгаа. Үүнээс үүдээд салах шийдвэрийг ахар богинохон хугацаанд гаргах болсон. Харилцан буулт хийж, нэгэнт үүсгэсэн гал голомт, амьдрал ахуйгаа хадгалаад үлдэх ухаан, ухамсар, эр зориг манай залууст үнэхээр их үгүйлэгдэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөгөө эрх тэгш хуваарилан өмч­лөх асуудал дээр хамгийн их алдаж байна. Түүнээс гадна залуучууд нэгэнт үүсгэсэн амьдралаа толгой даагаад аваад явах боловсрол, эдийн засгийн чадвар муу, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй байгаагаас аль аль талынх нь аав, ээж тэдний амьдралд хэтэрхий их хөндлөнгөөс оролцож залуу гэр бүлүүд оршин тогтнож чадахгүй байна. Сүүлдээ салалтаар бүхнийг шийдэж байгаа. Энэ бол Монгол шиг залуучууд зонхилсон улс үндэстний хувьд үндэсний эмгэнэл гэж үзэхээс өөр арга байхгүй.

-Залуу гэр бүлүүд салаад байгаа үндсэн шалтгаанд ханиа буруу сонгосон сонголт нэн тэр­гүүнд яригдах ёстой байх ?
- Нас биед дөнгөж л хүрч яваа хэр нь анхны харцаар дурлачихлаа гэж сэтгэлийн хөөрлөөр хандаад байгаа нь л хамгийн урхагтай шалтгаан юм. Юугаа ч мэдэхгүй ядаж цаад хүнийхээ төрсөн жилийг нь ч мэдэхгүй байж өвөр түрийдээ орчихдог. Тэгээд нэг мэдэхэд л жирэмсэн болчихсон байдаг. Хамгийн аймшигтай нь харш жилтэй хүмүүс хамт амьдраад хэзээ ч сайн сайхан аз жаргал, харилцан зохицол гээчийг үзэхгүй. Энэ бол шинжлэх ухаан, сансар огторгуйн хэмнэлээр нотлогдсон хаашаа ч бултах газаргүй, бүхэл бүтэн хүмүүний амьдралыг цаанаас нь зураад өгдөг ерөөл тавилан, ертөнцийн бодит үнэн.
Танилцаад дор хаяж дөрвөн сар бэлгийн харилцаанд оролгүй явж цаад хүнийхээ удам судар, нас, жил бүх зүйлийг нарийн сайн судалж мэдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн нэг л бэлгийн харилцаанд орвол цаад хүнийхээ сайн, муу бүхнийг уучлан хэлтрүүлж бүхнийг дэврүүн сайхнаар төсөөлөн бодоод байдаг төрөлхийн гэмээр дутагдалтай байдаг. Энэ дээр л одооны охидхамгийн их алдаад байгаа юм. Эр хүйстэн бол яах вэ. Тэдний төрөлхийн чанар бол үргэлж бэлгийн харилцаанд бэлэн явдаг.


-Нэгэнт үүсгэсэн гэр бүлээ аз жаргалтай, тогтвортой байлгахын тулд эхнэр нөхөр хоёрын хэн нь илүү санаачлагатай байх ёстой юм бэ дээ?
-Айл гэрийг эхнэрүүд нь голдуу авч явдаг. Энэ нь ч буруу юм биш. Гэхдээ эр хүний нэр төрөө эрхэмлэх ихэмсэг гэмээр шинж чанарыг нь хэзээ ч доош нь хийж, гутаан доромжилж болохгүй. Харин түүнийг хэрэгцээтэй үед нь ид хав болгон зарлаж эр хүний өөрийнхөө нэр төрийг өндөрт байлгах гэсэн дэврүүн хүслийг нь хааяа хааяа сэргээчихээд л байх юм бол танай гэр бүлд үл ойлголцол хэрүүл маргаан бараг л гарахгүй. Ер нь, эрэгтэй хүнд хатуурхаж, ширүүлээд байх нь хэзээ ч амжилт авч ирдэггүй. Тэд нар чинь үнэндээ насанд хүрсэн хүүхэд л гэсэн үг шүү дээ. Тэднийг хааяа хүүхэд шигээ энхрийлж, хөөр­гөн магтаж байхад буруудах юм ерөөсөө байхгүй. Тэгэх тусам л нөхөр чинь чамд хайлсан тугалга шиг наалдаад ирнэ гэдгийг хүүхнүүд минь санаж явахад илүүдэхгүй.
Түүнээс гадна гэр бүлийг хамгийн бат бөх болгодог хос хоёрын хамгийн эрхэм ариун нандин харилцаа бол сексийн тааламжтай байдаг юм. Нэгэнт нас биед хүрч гэр бүл болсон л бол эхнэр, нөхрөөсөө сексийн харилцааны талаар нууж хаах зүйл өчүүхэн ч байж таарахгүй. Эхнэртээ, нөхөртөө яавал дээд зэргийн таашаал ханамж өгч, жаргаах вэ гэдгийг харилцан ярилцаж ичиж нэрэлхэлгүй янз бүрийн туршилт хийж болно шүү дээ. Энд ичиж нэрэлхээд байх юм юу ч байхгүй. Хэрвээ ийм л харилцаатай байж чадвал ямар ч гэр бүл салж сарнина, үр хүүхэд өнчирнө гэсэн асуудал босч ирэхгүй.


-Залуу гэлтгүй аливаа гэр бүлүүдийг зовоодог бас нэг том асуудал нь хардалт гэдэг. Энэ талаар?
-Тухайн хүн өөрийгөө үнэлэхгүй, “би хэн нэгнээс дор” гэж бодож явдаг­­таа л хайртай хүнээ бусдад алдчих вий хэмээн эхнэр, нөхрөө хардаад эхэлдэг. Хардалтыг зогсоох хамгийн энгийн арга нь өөр юу ч биш харилцан итгэлцэл л юм шүү дээ. “Чи минь хамгийн ухаалаг эр хүн”, “Хань минь чи надад заяасан энэ насны минь ганцхан үнэт эрдэнэ” гэх мэт үгсийг хоёр биендээ хэлж хаана ч явсан итгэлээ алдахгүй байхыг бодох хэрэгтэй.


-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, түүнийг байнга эрч хүчтэй байлгах энгийн хэрнээ ихээхэн үр дүнтэй ямар арга байж болох вэ?
-Юм хамгийн жижигхэн тусмаа улам амттай, хүний сэтгэлд хүрч чаддаг. Жишээ нь өглөө ажилдаа явахад нь ханьдаа хоол хийж өгч амжихгүй үе байдаг. Тэр үед зүгээр л яг гарах гэж байхад нь гутлынх нь үдээсийг үдэж өгөөд “Чамдаа хязгааргүй хайртай шүү. Миний хань ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд л гарга. Тийм үг сонссон хань чинь өдөржингөө сэтгэл өөдрөг байж орой гэр рүүгээ яарах болно. Өдөр нь утасдаад “Орой эрт ирээрэй. Талх барьж ирэхээ мартваа” гэж ширүүлэхийн оронд “Миний хань өдрийн хоолоо идсэн үү. Найз нь өнөө орой чиний дуртай хоолыг хийгээд хүлээж байя” гэж хэлээрэй. Ийм үг хэлсэн эхнэр рүүгээ ажлаа тарангуут яардаггүй, хүсэн тэмүүлдэггүй эр хүн гэж байхгүй. Хэрвээ тийм эр хүн байвал нэг бол эргүү солиотой, эсвэл бэлгийн чадваргүй, хөрөлттэй л хүн байж таарна. Орой ажлаасаа тараад ирэхэд нь хэн түрүүлж ирсэн нь сайхан хоол хийчихээд эхнэр, нөхрийнхөө хувцсыг тайлж өгөөд хөлийг нь угааж, үнссэн ч болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Нэгэнт л та амьдрал зохиож энэ хүнийг насан туршдаа хайрлана гэж сонгосон л бол зөвхөн түүндээ бүхнээ зориулаарай. Өөр илүү дутуу хүн харж сэтгэлээ хоёрдуулах нь ямар ч сайн үр дүн авч ирэхгүй эргээд зөвхөн танд л сэтгэлийн зовлон, шаналал авч ирж эцсийн эцэст таныг хэн ч биш өрөвдөлтэй, ганцаардсан нэгэн болгон хувиргадаг гэдгийг хаа хаанаа хатуу санаж явах хэрэгтэй.


-“Хайр дааж амьдрахын учир энэ” хэмээх сайхан дуу байдаг. Гэр бүлийн хоёрын хайранд хэмжээ хязгаар байх ёстой юу?
-Хайр ихдэнэ, даварна гэсэн ойл­голт хэзээ ч байж таарахгүй. Зөвөөр ухаантай хайрласан тохиолдолд эхнэр, нөхөр аль нь ч бай даварч илүү ихийг нэхдэггүй. Харин ч улам нялхарч хоёр биедээ улам л уусан нэгддэг. Хамгийн гол нь ямар ч үед зөөлөн аядуу сэтгэл, ухаантай намуухан байдал гэр бүлийг улам бат бөх болгодог. Үүнийг л эрт дээрээс монголчууд “Зөөлөн нь хатуугаа иддэг” хэмээн маш тодорхой хэлчихсэн юм шүү дээ.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих