Р.Гончигдорж: Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэвэл Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой

Уржигдар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон билээ. Уг хуралдааны үеэр гишүүд намаараа талцан нэлээд ширүүхэн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Гэсэн ч хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудал ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй тарцгаасан.

Харин байнгын хорооны хуралдааны дараа үдээс хойш 14 цагаас АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар ямар байр суурь баримтлахаа хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

-АН-ын зүгээс Ерөнхий сайдыг хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхийг удаа дараа шаардсан ч таатай хариугаа авч чадсангүй бололтой. Засгийн газрын тэргүүн хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэлээ?

-Асуудлын гол нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиа хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газраа толгойлж, хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцах ёстой.

Энэ бол Ерөнхий сайдын үндсэн үүрэг. Тиймээс Ерөнхий сайдаас яагаад энэ хуулийг хэрэгжүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа талаар асуусан юм. Энэ талаар би УИХ-ын гишүүний хувьд асуулгыг ч тавьчихаад байгаа. Энэ асуулга бол тусдаа, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.

Ер нь ингэж хэлснээрээ бид Засгийн газрыг сонгуулийг явуул, зохион байгуул гээд байгаа юм биш. Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийг СЕХ, Орон нутгийн сонгуулийг аймаг, сумдын ИТХ-ын байгууллага нь зохион байгуулж явуулдаг. Харин Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангана гэдэг нь эдгээр байгууллагууд өөрсдийн үүргийг гүйцэтгээд сонгуулиа явуулахад нь мөнгө санхүү, шаардлагатай материаллаг баазаар хангахад тодорхой хэмжээний чиглэл, зөвлөмж өгөхийг хэлээд байгаа юм.

Ингэж зохион байгуулна гэдэг нь СЕХ гэх мэт тухайлсан хараат бус байгууллагуудын бүрэн эрхэд халд гэсэн үг бус хуулийг хэрэгжүүлэх замаар тэдгээрийг бүрэн эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх нөхцөлийг бий болго л гэсэн юм.

-МАН-ынхан техник хэрэгслийн хувьд хамт явуулах боломжгүй гээд байгаа шүү дээ. Үнэхээр тийм юм биш үү?

-Ухаалаг үнэмлэх, санал тоолох машинаар битгий шалтаглаад бай гэж хэлэх байна. Чухамхүү үүнийг чинь Засгийн газар цаг хугацаанд нь хийх ёстой байхгүй юу. Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулахад бүрэн боломжтой хувилбарууд байгаа. Одоо байгаа хуулиар хийчихэд л энэ яриад байгаа техник хэрэгсэл гэх мэт асуудал шийдэгдчихнэ шүү дээ.

-Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн саналыг гараар, УИХ-ын сонгуулийн саналыг машинаар тоолно гэсэн үг үү?

-Тийм. Хоёр сонгууль нэг өдөр, тус тусын хуулиараа болно гэсэн үг. Ингэж хоёр сонгуулийг нэг өдөр явуулна гэдэг бол ирц бүрдэх, зардал гэх мэт олон талын ач холбогдолтой тухай бид өмнө нь олон удаа ярьж байсан.

-Хоёр хууль хоорондоо зөрчилтэй учир хэрэгжүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг Ерөнхий сайд өгч байгаа. Таны хэлж байгаагаар бол амархан шийдчих боломж байх нь ээ?

-Ойлголтын нэлээд том зөрүү гарлаа. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой хүн ийм асуудал гарахад хуулиудын хоорондын зөрчилтэй юм уу, авцалдахгүй байгаа хэсгүүдийг өөрчилж, хууль санаачлах эрхийнхээ дагуу оруулж ирж болно шүү дээ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь Засгийн газар санаачил гэсэн үг биш. Энэ хуулийн улс төрийн шийдлүүд нь нэгэнт батлагдчихсан. Эдгээрийн хооронд ямар ч зөрчил байхгүй. Харин техник, зохион байгуулалтын хувьд зөрүүтэй байгаа. Гэхдээ үүнийг тус тусын хуулиар хийчиж болох тухай дээр хэлсэн.

Нөгөө талаас гишүүдийн санаачилсан хуульд Засгийн газар саналаа өгчихсөн гэдгээр үүнийг тайлбарлаад байгаа. Гишүүд санаачлаад тэр хууль нь явж байна уу, үгүй юу гэдэг нь Ерөнхий сайдад хамаарах асуудал биш.

-Ц.Нямдорж сайдын тайлбарласнаар хамгийн сүүлд гарсан хуулийг нь мөрддөг Үндсэн хуулийн заалт байгаа гэсэн. Тэгэхээр хоёр сонгууль хамт явах нь тодорхой гэдгийг батлаад байна уу даа?

-Жижиг, жижиг шалтгууд олж хайх гээд эргээд түүндээ ороогдоод байгаа юм, тэд. 2008 оны дөрөвдүгээр сард баталсан Орон нутгийн сонгуулийн хуульд сонгуулийг амралтын өдөр буюу УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулна гэж заасан. Гэтэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийг ажлын өдөр явуулна. Гэхдээ энэ өдөр бүх нийтээр амарч сонгуульдаа оролцоно гэсэн зохицуулалт байгаа. Тийм учраас сүүлд гарсан хуулийнхаа дагуу нэг өдөр явуулна. Тиймээс үүнийг зөрчил гэж харах асуудал байхгүй.

-Ц.Нямдорж сайдын хувьд ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө тараах боломж байхгүй. Үүний хариуцлагыг би биш Н.Алтанхуяг үүрэг ёстой гэлээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн амин сүнс нь ухаалаг үнэмлэхэд байгаа биз дээ?

-Өнөөдөр хэн бүрэн эрхийг эдэлж байна тэр хүн л энэ ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Үүнд ямар нэг шалтаг хэлээд байх шаардлагагүй. Үнэхээр энэ ажлыг хийж чадахгүй байвал өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгөх хэрэгтэй. Ийм харилцаа байх ёстой. Тухайлбал, Ерөнхий сайд энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзэх юм бол Үндсэн хуулиар заасан зохицуулалтын дагуу надад итгэл үзүүлэх асуудлаа шийдэж өгнө үү гэж УИХ-д хандах ёстой. Үүнд нь УИХ итгэл үзүүлнэ гэвэл Ерөнхий сайдын тавьсан шаардлагыг хангаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь хэрэгжих боломжтой гэж Ерөнхий сайдын үзэж байгаа хувилбараар нь өөрчилж өгөх ёстой.

Харин итгэл үзүүлэхгүй гэвэл хуулийг хэрэгжүүлж чадах Ерөнхий сайдыг тавих байдлаар асуудлыг шийдэх ёстой.

-Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлээд байгаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Үнэхээр боломжгүй л гэж байгаа бол асуудал тэгж тавигдах ёстой. Үүнийг УИХ шийднэ.

-Сая бүлгийн хуралдаан боллоо. Эдгээр асуудлуудад ямар байр суурь баримтлахаар шийдвэрлэсэн бэ?

-Энэ талаар бүлгийн удирдлагууд албан ёсоор мэдээлэл өгөх болов уу. Гэхдээ бүлгийн гишүүдийн зүгээс хуулиа л биелүүлж ажиллая гэдэг шийдэлд хүрсэн. Нэг өдөр хоёр сонгуулиа явуулъя, ингэж явуулах бодит боломжит хувилбаруудаас сонголт хийе. Ямар боломжтой нөхцөлүүд байна, ингэхийн тулд энэ цаг хугацаанд юу хийж болохоор байна гэдэг хувилбарууд байгаа гэж үзсэн.

Ер нь бол сонгууль гэдэг маш нарийн ажил. Үнэхээр маш нарийн ажил л юм бол энэ ажлыг хийхэд хэд хэдэн хувилбар байх ёстой. Нэг нь болохгүй байхад нөгөө нь болдог арга байх учиртай. Үүнтэй ижил сонгуулийн хуулийг тэгж л хийх ёстой. Ингэж байж сонгуулийн хуулийг будлиангүй болгох юм. Яагаад энэ асуудал маш нарийн гэдгийг бид өнгөрсөн сонгуулийн  дараа болсон үр дүнгээс мэднэ. Энэ бол сонгуульд дээд зэргээр анхаарлаа хандуулж, ямар ч будлиан гарахгүй байхаар зохион байгуулах нь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулах тод жишээ болсон.

-Ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө өгч амжихгүй бол сонгуулийг шударга явуулахын тулд хойшлуулж болох уу?

-Тийм зүйл байхгүй. Сонгууль хойшлуулна гэдэг зүйл огт байж болохгүй. Яагаад гэвэл хэрэв тийм зүйл болбол өнөөдрийн УИХ өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэж байгаа хэрэг болно. Үүнтэй уялдуулаад хэлэхэд, орон нутгийн сонгуулийг хамт явуулснаар одоогийн төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг гэж МАН-ынхны тайлбарлаж байгаад хариу өгье. Учир нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль 2008 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Энэ хуулиар сонгогдсон өнөөдрийн төлөөлөгчид дараагийн сонгууль 2012 оны зургадугаар сарын сүүлээр болно гэдгээ бүрэн мэдчихсэн байсан. Тэгээд ч хугацааны тухай асуудал жилээр яригддаг.

-Тэгвэл сонгуулиас өмнө ухаалаг үнэмлэхээ гаргаж чадахгүй бол Ерөнхий сайд, салбарын сайд нь хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?

-Асуудал нь ямар нэг хүнд хариуцлага хүлээлгээд шийдэхдээ гол нь биш. Угаасаа энэ бол хариуцлага алдаж болохгүй л зүйл. Заавал хийх л ёстой.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих