40 сая толгой малтай Монголын махны үнэ дэлхийн ханштай дүйцэв
Дэлхийн долоон тэрбум орчим хүн нэг өдөрт 380 сая, жилд 140 гаруй тэрбум амьтныг хүнсэндээ хэрэглэдэг байна. Өргөн хэрэглээтэй нь үхэр, адуу, тахиа, гахайны мах. Өндөр хөгжилтэй улс орнуудад үхрийн мах харьцангуй үнэтэй. Энэ нь бас учиртай байдаг аж.
Фермерийн аж ахуйн малаа химийн бордоо хэрэглээгүй өвс, тэжээлээр тэжээдэг тул үнэ нэмэгдэх нэг шалтгаан болдог байна.
Түүнчлэн нас залуу малын маханд холестерин бага байдгийг шинжлэх ухаан нотолсон нь махны үнэ ханшид өөрчлөлт авч иржээ. Иймээс малын нас, махны ангиллаас хамаарч үнэ ханш нь өөр өөр байдаг аж. Тухайлбал, Франц улсад жижиглэнгийн үнээр хамгийн хямд нь хонины мах. Хавиргатай нэг кг нь гурван евро, түүнээс дээш ангилалтай нэг мах дунджаар арван евро. Гол хэрэглээ болсон үхрийн мах дунджаар кг нь 15 евро байдаг бол гол мах нь 30 евро хүрдэг байна. Германы ханшийг Францтай харьцуулбал арай хямд. Үхрийн мах дунджаар долоо, гол мах нь 26 евро, гуяны цул 100 гр мах таван евро.
Ер нь европын орнуудад адууны мах тэр бүр хэрэглээд байдаггүй тул олдоц нь ч бага байдаг гэнэ. Адууны нэг кг мах дунджаар 17 евро буюу 29 мянган төгрөгийн үнэтэй. БНСУ-д үхэр, тахианы махны үнэ 8000, мах 6500 вонын үнэтэй аж. Өмнөд хөршид ч мөн адил үхрийн мах гол хэрэглээ нь. Дунджаар нэг кг нь 20 гаруй юанийн үнэтэй. Харин хойд хөршид үхрийн мах дунджаар найман мянган төгрөг байдаг аж. Харин манайтай адил бэлчээрийн аж ахуйтай, 150 орчим сая толгой хоньтой Австрали улсад хонь, үхрийн мах өөхтэй, өөхгүйгээр ялгаатай үнэтэй. Өөхтэй хонь, үхрийн мах 3-4, өөхгүй бол 7-8 австрали долларын үнэтэйгээр жижиглэнгээр зарагддаг байна. Хоньчин өрхүүд дунджаар 4-5 таван мянган хоньтой гэнэ. Хонио бас манайх шиг бэлчээрээр голдуу маллана. Харин хонийг нь нохой хариулдагаараа манайхаас ялгаатай.
Түүнчлэн үхрийн махны экспортоороо дэлхийд хоёрт буюу Бразилийн дараа ордог байна. Австрали жилд сая гаруй тонн ясгүй цэвэр мах гадагш нь гаргаж, таван тэрбум ам.долларын ашиг олдог аж. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамныхны хийсэн судалгаагаар сүүлийн арван жилийн хугацаанд Бразил улс үхрийнхээ тоо толгойг өсгөснөөр дотоод болон гадаад эрэлт хэрэгцээгээ бүрэн хангажээ. Энэ онд үхрийн махны томоохон нийлүүлэгч Бразил, Австрали, Энэтхэг, Мексик улс дэлхийн махны экспортын 25 хувийг хангана гэсэн тооцоо гарчээ. Харин тэжээл бордооны үнэ өндөр, эдийн засгийн өсөлт удаан байгаагаас Европын орнуудад үхрийн махны энэ онд нэмэгдэхгүй юм байна.
Тэгвэл тэжээлийн зардал болон үйлдвэрлэлийн алдагдал нэмэгдэж байгаагаас Хятад улсад үхрийн махны үйлдвэрлэл нэмэгдэхгүй аж. Хэт халалт болон тэжээлийн нөөц хязгаартай байгаа нь Оросын үхрийн махны үйлдвэрлэлд гол саад болох тул ирэх онд үйлдвэрлэл нь үлэмж хэмжээгээр буурах аж. Японд үхрийн махны үйлдвэрлэл нь өнгөрсөн оны хэмжээнд байх бөгөөд үхрийн махны үнэ өндөр байгаа дотоодын эрэлт хэрэгцээ нь сул байх юм байна. Харин Өмнөд Солонгост ирэх онд махны үйлдвэрлэл нь 11 хувиар өсөх аж.
Ер нь дэлхийн зах зээлд махны эрэлт хэрэгцээ тогтворжиж байгаагаас гадна махны экспортод эрүүл ахуйн хязгаарлалт болон үхрийн махны үнийн өсөлт нөлөөлж байгаа аж. Манай улсад cap шинийн өмнөхөн буюу энэ сарын 2-ны байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4300 төгрөг, үхрийн мах /ястай/ 4800 төгрөг, ямааны мах 3400 төгрөг, адууны мах 3600 төгрөг, хонины цул мах 4500 төгрөг, үхрийн цул мах 5500 төгрөгийн үнэ хүрч байв. Хаврын тарчиг цаг золгож байгаа тул махны үнэ буурах нь бүү хэл нэмэгдсээр өвсний сөлтэй золгодог байдал ч энэ жил давтагдах төлөвтэй байна. 2009-2010 оны зуднаар их хэмжээний мал хорогдсон нь махны үнэ нэмэгдэх нэг шалтгаан болж байв.
Гэтэл үүнээс хойш махны үнэ одоо ч дорвитой буурахгүй байгаа нь инфляцид нөлөө үзүүлсээр байгаа. Цаашид хүнсний ногоо, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нийлүүлэгч гадаад орнуудаас шалтгаалан инфляци өсөх магадлал өндөр байгаа аж. Мөн 2011 оны төсвөөр их хэмжээний бэлэн мөнгө тараахаар болсон нь 2011 онд манай улсад үнийн өсөлтийн дарамтууд үргэлжилнэ хэмээн Дэлхийн банк тодорхойлоод байгаа. Уг нь 40 сая гаруй толгой малтай манай улсад хямд мах хэрэглэх боломжтой билээ.
Д.Навчаа
“Нийслэл таймс”
URL:













