Жинхэнэ нээлттэй тогтолцоо ба япон, монгол түшмэлийн ялгаа
Дарга эзгүй, мэргэжилтэн завгүй
Сар шинэ хуучрах яагаа ч үгүй бололтой. Энэ долоо хоногжингоо дээл малгай, бүс, хөөрөг болсон эрчүүд, хүүхнүүд айл хэсч хөгшчүүдийн зэхсэн банш, буузыг урь идэхээс өмнө цөлмөж дуусгах их аян одоо л талдаа орж байх шиг. Нийтээрээ найрлаж, нэг нэгнийхээрээ хэсч золгож байх зуур төрийн ажил хэсэгтээ зогсдог моод сүүлийн үед хавтгайрав. Улирч буй долоо хоног ажил төрөл хөөцөлдөхөөр яам тамгын үүд сахьсан хүмүүст тун ч ээлгүй өнгөрлөө. Хаа л бол хаа дарга эзгүй, мэргэжилтэн нь завгүй, дотоод ажилтай гэсэн жижүүрийн үгс дуулж, хоосон хаалга мөргөж байсан гэхэд хилсдэхгүй. Сар шинийн дараах дотоод ажил гэж чухам юуг хэлдгийг телевизээр харин ч нэг тодхон харуулсан даа. Туулай жилийн ажлын анхны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хаалга үүдээ дангинатал түгжээд дотоод ажилтай тул хүн хүлээж авахгүй, хэнийг ч бүү оруул гэсэн үүргийг харуулдаа өгсөн байж. Чанд хатуу харуулын дэргэдүүр орж гарах эрх энд ажилладаг бололтой ганган дэгжин дээл хувцастай улсаас өөр хэнд ч олдоогүй гэх бөгөөд айраг цагаа, боов шоов дээш доош нь зөөж яамныхан ч тун завгүй өнгөрсөн. Гэхдээ телевизийнхний дуранд өртсөн нь л БСШУЯ болохоос дотоод ажил нэртэй золголт төрийн ажлыг бүтэн өдрөөр зогсоож, төрөөс үйлчилгээ авахаар хандсан иргэдийг чирэгдүүлсэн нь Монгол даяар байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ажил дээрээ золгож дуусаад даргынхаа, хамт ажилладаг нэгнийхээ аавтай ээжтэй, хадамтай, хамаатантай нь гэрт нь очиж золгох бөөн ажил үргэлжилсэн тул энэ хэдэн өдөрт төрийн албан хаагчдын өрөө эзгүй голдуу өнжсөн.
Уг нь төрийн үйлчилгээ иргэнд зайлшгүй, өөрөөр хэлбэл иргэн түүнийг хөдөлбөргүй, ямар нэгэн саадгүйгээр авч байхын тулд төрийн байгууллага, албан тушаалтан ажилладаг. Гэвч иргэн энэ үйлчилгээг авахаар төрд хандах нь нөр их хүч хөдөлмөр, зардал хугацаа шаардагддагийг цагаан сарын баярын хэдхэн өдөр ч үздэг юм биш. Ер нь бол Монголд төрийн байгууллагаар явж ажил хөөцөлдөх гэдэг овоохон тэвчээртэй, эсвэл танил олон, бэл бэнчин зузаантай нэгний хийж чадах ажил гэсэн ойлголт бий болоод буй юм.
Үүнээс зайлсхийх ч гэсэн үү төрийн байгууллагуудад сүүлийн үед нээлттэй хаалганы өдөр зохион байгуулдаг моод дэлгэрсэн. Энэ өдөр төрийн үйлчилгээг иргэд чирэгдэл төвөггүйгээр өөрөөр хэлбэл, хэн нэг дарга, мэргэжилтний үүд хаалга сахилгүй авчихдаг юм гэнэ билээ. Ном дүрмээрээ бол төрийн байгууллага, төрийн үйлчилгээ үзүүлдэг газрын үүд хаалга иргэндээ өдөр бүр нээлттэй байх учиртай. Харамсалтай нь манайд хааяа нэгхэн нээгдэж, ихэнхдээ хаалттай байдаг систем үйлчилдэг.
Япон дарга бол жинхэнэ үйлчлэгч
Гэтэл жинхэнэ нээлттэй тогтолцоо гэж тун ч өөр зүйл байдаг юм билээ. Үүнийг сар шинийн өмнө найзынхаа урилгаар Японд хэд хоног амрахдаа нүдээр үзэв. Чибагийн их сургуулийн докторант найзад минь амьдардаг хотынхоо захиргаан дээр очих ажил гарсан тул хамт явсан юм. Тэгэнгээ Арлын энэ оронд төрийн үйлчилгээ үзүүлдэг газар нь ямар бүтэцтэй ажилладгийг гаднаас нь ч бол хараад авъя гэж бодсон.
Номхон далайн эрэг дээрх Чиба сити нь Чиба кэн буюу манайхаар Чиба аймгийн төв. Газар нутаг нь ч том биш. Хамгийн жижигхэн гэгддэг Говьсүмбэрээс ч бага Чиба кен нийт зургаан сая гаруй хүн амтай.
Албан ёсны бүртгэлтэй 960 мянга дээр ирж буцаж буй гадна дотныхныг нэмээд нэг сая элбэг гардаг хүн амтай Чиба хотын захиргаанд 180 хүн ажилладаг гэнэ. Иргэний бүртгэл, нийгмийн халамж, татвар, даатгал, боловсрол, эрүүл мэндийн асуудал, хүүхдийн цэцэрлэг, ясли гээд төрийн үйлчилгээг хотынхоо сая гаруй хүнд саадгүй түргэн хүргэх үүргийг энэ хэдэн ажилтан бүхэлд нь хариуцдаг. Хотын захиргааны байшин нь томгүй. Гадна хашаандаа гоё цэцэрлэгтэй, хүмүүс сууж амарч болох хөөрхөн сандал, хүүхэд тоглох талбайтай нь төрийн байгууллага гэхээсээ амралтын газар гэж андуурмаар.
Хотын захиргааныхан өглөө 8.00 цагт ажлаа эхэлж орой 17.45 цаг хүртэл ямар нэг завсарлагагүйгээр ажиллах бөгөөд дарга нарт зориулсан тусгай өрөө гэж алга. Хэлтэс, албад нь бүгд хамтдаа нэг том танхимд сууж, үйлчлүүлэгчдийнхээ нүдний өмнө бүх ажлаа хийдэг аж. Ирсэн хүмүүст туслах үүрэгтэй бололтой нэгэн ажилтанд хандаж “Монголоос ирсэн сэтгүүлч Чиба хотын захиргааны талаар сонирхож буй юм. Хэнээс лавлаж болох вэ” гэснийг минь тийм ч найрсаг бус ажилтан өөр нэгэнд дамжуулж тэр нь цааш нь гэхчилэн хоёр гурван хүнээр дамжаад Иргэний бүртгэл, лавлагаа хариуцсан хэсгийг ахалдаг хатагтай Мияма Точико сан бидэнд багахан цаг гаргахаар болсон юм. Тэрбээр бидэнд энэ танхимд нийгмийн халамж, татвар, даатгал, иргэдтэй холбоотой бүртгэл, мэдээлэл, лавлагаа хариуцсан гээд нийт есөн алба ажиллаж байгааг танилцуулав. Нэг алба 7-10 хүнтэй. Дарга цэрэггүй бүгд нэг дор сууна. Ажлын цагаар өөр зүйл хийх байтугай танил нь ирээд таван хором үг солих ч хориотой гэнэ. Тиймээс бидэнтэй удаан ярих завгүйгээр эхэнд нь анхааруулсан Точико санаас зарим нэг зүйлийг тодруулж асуусан юм.
-Танайхыг үдийн завсарлагагүй ажилладаг гэсэн. Хүмүүс тань үдийн цайгаа яаж уудаг юм бэ?
-Ажлын цаг өглөө 8.00-д эхэлдэг. Орой 17.45 цагт хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ аваад хаалгаа хаадаг бөгөөд түүнээс өмнө ирсэн хүмүүст үйлчилж дууссан хойно ажилтнууд бөөнөөрөө тарах ёстой. Үдийн цайны хувьд ажилтнуудаа 12-13, 13-14 цагийн хооронд тусгай хуваарь гаргаад зохицуулчихдаг. Нэгэнт бид иргэнд төрийн өмнөөс хэрэгтэй үйлчилгээг нь үзүүлж байгаа учраас тэднийг хүлээлгэх чирэгдүүлэх ёсгүй.
-Хэн нэг ажилтан байхгүй бол хүлээх шаардлага гарахгүй гэж үү?
-Ажилтнууд бүгд нэг нэгнийгээ орлож ажиллахад бэлэн бүх асуудлаа мэддэг, шийдвэр гаргах чадвартай байдаг юм. Тиймээс хэн нэгнйи эзгүйд ажил зогсох гэдэг асуудал байхгүй.
-Хүн л юм чинь хэн нэг танил, хамаатан садандаа арай илүү үйлчлэх тохиолдол байна биз дээ?
-Ажлын цагаар найз нөхөд, хамаатан садантайгаа хувийн харилцаанд орох, хоол идэхээр гарах хориотой. Хувийн асуудлаар хэн нэгэнтэй цаг гарган утсаар ярихыг ч хориглодог. Төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэхдээ танил тал харах, хэн нэгэнд дугааргүй үйлчлэх ёс суртахуун байх ёсгүй. Тусгайлан хэн нэгэнд зориулсан үйлчилгээ гэж байхгүй. Ийм хэм хэмжээг хатуу зааж, Япон даяар мөрддөг юм шүү дээ.
Миний сонирхсон зарим асуулт Точико саныг үнэхээр гайхашруулж сарнаас ирэв үү, сансраас буув уу гэлтэй намайг харж байв. Үнэндээ Японд хэм хэмжээ болчихсон төрийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй тогтолцооны талаар лавлаад байхаар гайхаж буй ньаргагүй бололтой.
Дарга нартаа хүндэтгэл үзүүлж эрх мэдлийг нь дээдлэн ядаж олны нүдэн дээр биш тусдаа суугаад ажиллах боломж яагаад олгодоггүйг сонирхоход “Бид дарга биш. Бид үйлчлэгч. Хэрэгтэй газраа л ажиллах ёстой шүү дээ” хэмээсэн. Ингэж хэлэхдээ түүний гайхсан нүд улам том болж байв. Үүнээс гадна Точико санд нэрийн хуудас гэж байдаггүй гэв. Төрийн үйлчилгээ үзүүлэх албан тушаалтан нэрийн хуудас хэрэглэх ёсгүй гэнэ. Хэрэв хэн нэгэнд нэрийн хуудсаа өгвөл тусгайлсан үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэсэн ойлголт төрүүлэх учир ийм зарчим баримталдаг юм байх.
Нээлттэй хаалганы өдөр, нэг цонхны үйлчилгээ зэрэг сүр нэрээр өдөр тутмынхаа үйл ажиллагааг чимэх гэж оролддог төрийн албанд жинхэнэ ёсоор нэвтрүүлэх ёстой нээлттэй тогтолцоо гэдгийн зах зух уг нь ийм байх ёстой бололтой. Уг нь гадныхныг хуулж дуурайхдаа гаргуун манай дарга нар төсвийн мөнгө харамгүй зарж, гадаад дотоодоор мундахгүй их зугаалдаг. Тэгсэн хэрнээ ийм зүйлийг нь хуулаад дуурайгаад нэвтрүүлчихдэгүй юм бол гэж гайхсан миний нүд тэр үед Точико саныхаас ч том болсон биз.
Н.Сарангэрэл
URL:




