З.Энхболд: МАН-ын амлалт хувьцаанаас үл хамааран хэрэгжих ёстой

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Сонгуульд оролцохоор намууд шуурхайлж эхэллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго, онцлог юу вэ. Өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс хэр өөрчлөгдсөн бол?

-Манай  намын мөрийн хөтөлбөр нэлээд хэдэн хэсэгтэй. “Ажилтай орлоготой Монгол хүн” гэсэн гол зүйл байна. Үүнд ямар ямар салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Ажлын байрыг яаж бий болгох вэ гэсэн асуудал цогцоороо багтсан. Цаашлаад мөрийн хөтөлбөрт Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг Монгол хүн гэсэн хэсгүүд багтаж байна. Хамгийн их байр суурь эзэлсэн олон хуудастай хэсэг нь “Ажилтай орлоготой Монгол хүн” байгаа. Ер нь манай нам МАН-ынхнаас зарчмын өөр асуудал ярьж байгаа гэж болно. Төрийн албан хаагчдын цалинг механикаар нэмснээс хөдөлмөрийн бүтээмжтэй холбогдуулан хөдөлмөрийн хөлсний шинэчлэлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Цалинг механикаар нэмээд байхаар төрийн албан хаагчдаас бусад хүмүүс хохироод байна. Тиймээс инфляц болон хөдөлмөрийн бүтээмжийг харгалзан цалингийн шинэчлэлийг хийх нь зүйтэй. Энэ мэтээр бид мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон. Үүнээс ч олон зүйл байгаа. Уул уурхайд л гэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу ордод үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдээс санал дүгнэлтийг нь авч байх. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар биш Засгийн газар олгодог болгох гэх мэт Ер нь архи үйлдвэрлэх эрхийг Засгийн газар олгодог байж газар нутгаа хэдэн жилээр ашиглуулах асуудлыг яамны газрын нэг мэргэжилтэн мэдээд сууж байж болохгүй гэж үзэж байгаа. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ мэт” тодорхой зорилтууд орсон. Зүгээр яриад өнгөрөх тунхагууд биш. Ажилтай хөдөлмөртэй байж л сайхан амьдарна. 21 мянган төгрөг тараагаад сайхан амьдралд хүрэхгүй гэсэн гол ухагдахууныг гаргасан.

-Энэ жилийн мөрийн хөтөлбөр сонгуулийн үеэр дэлгэрэнгүй танилцуулагдах байх. Харин өнгөрсөн сонгуулиар боповсруулсан мөрийн хөтөлбөрөө АН хэдэн хувьтай биелүүлсэн бол?

-АН-ын мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл бол муу хэлүүлэн байж хамтарсны хүчинд хэрэгжсэн. Энэ нь Монголын байгалийн баялгийг Монголын ард түмэнд хувьчилж өгсөн асуудал. Хүний хөгжил сангийн хууль гарчихсан. Энэ хүрээнд байгуулагдаж байгаа “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэд эзэмшиж байгаа. Эндээс авах ногдол ашиг нь Хүний хөгжил сангийн дэвтрээр очих мөнгө юм. Тэгэхээр бид “Эрдэнийн хувь” гэсэн үндсэн зорилгоо биелүүлсэн. Уг нь цөөнх болсон улс төрийн хүчин мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хууль зүйн үндэсгүй. Гэхдээ бид олонхитой хамтарч байгаад Монголын байгалийн баялагийг мал, орон сууц хувьчилсан шиг иргэдийнхээ гар дээр тавьж чадсан. Одоо манай иргэд зардаггүй, өвлүүлж болдоггүй зөвхөн өөртэй нь цуг байдаг энэ хувьцаагаар байгалийн баялгаас хүртэх ногдол ашгаа хүртэж байгаа. Цаашид энэ ногдол ашиг улам л олон болно.

-Өнөөдрийн байдлаар хувьцаа авах уу, мөнгө авах уу гэсэн санал асуулгыг иргэдийн дунд явуулж байна. Гэхдээ хувьцаа эсвэл сая төгрөг тараах ажлыг МАН-ынхан бидний мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-МАН хувьцаатай холболгүйгээр нэг сая төгрөг өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл тэд амлалтаа хувьцаатай холбоогүй, Зүгээр л бид ялбал сонгуулийн маргааш хүн бүхэнд 1.5 сая төгрөг өгнө гэсэн. Тэр амлалтаа биелүүлэх үүрэгтэй. МАН-ын амлалт хувьцаанаас үл хамааран хэрэгжих ёстой.

-АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн гэж үзье. Тэгвэл одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж бий юу?

-Боломжтой гэж үзээд л амласан байх. Түүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй ш дээ.

-Ер нь иргэдийн дийлэнх нь нэг сая төгрөгөө авъя гэж байгаа гэсэн. Засгийн газарт энэ бүх хувьцааг худалдаж авах чадамж байгаа болов уу?

-МАН засаг бариад будлиулсан гол зүйл нь энэ байгаа юм. Уг нь хувьцааны амлалт, мөнгөний амлалт хоёр тусдаа. Тэгэхээр өноөдөр сэвэнгийн хоёр тал гэдэг шиг иргэдийг “Мөнгөө авъя” гэхээр нь “Тэгвэл чи хувьцаа авахгүй юм уу” гэж асууж байгаа нь буруу зүйл.

-Тэгвэл МАН-ыг өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө огт хэрэгжүүлээгүй гэж ойлгож болох нь ээ?

-Аливаа улс төрийн хүчин амласан л бол өгөх үүрэгтэй. АН амласнаа биелүүлчихлээ. Монголын байгалийн баялгийг өмнө нь хэдхэн компани хүртдэг байсан бол өнөөдөр бүх иргэн хүртэж байна. Энэ бол АН-ын “Эрдэнийн хувь” гэдэг бодлогын үр дүн. АН энэ ажлаа “Эрдэнийн хувь” гэж нэрлүүлж чадсангүй. Гэхдээ гол агуулга нь хууль дотроо байгаа.

-Үүнээс гадна гадаадад байгаа гэдгээр нь иргэдээ ялгаварлалаа гэдэг асуудал өнөөдрийн байнгын хорооны хурлаар яригдлаа. Ер нь гадаадад байгаа иргэдийн саналыг авах журам яаж гарсан бэ?

-Гадаад оронд оршин суугаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн журмыг Гадаад харилцааны яам, СЕХ хороо хамтран гаргасан байна. Тэр журмаа зас гэж АН-ын гишүүд шаардлага тавьсан. Гэтэл МАН-ый бүлэг “битгий” гэж өмөөрөөд байх юм. Гаргасан журмынх нь 4.1 гэдэг заалт байгаа. Түүнд …Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн оршин суугаа улсынхаа элчин буюу консулын газартаа өөрийн биеэр ирж сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэнэ гэсэн байна. Харин Монголд байгаа Энхболд гэдэг хүн сонгуульд оролцохоо урьдчилан мэдэгддэггүй. Миний гэрийн хаягаар тэнд очиж саналаа өгөөрэй гээд мэдээлэл ирүүлчихдэг. Гэтэл гадаадад байгаа иргэдийг хоёр удаа мөнгө төгрөг зарцуулан байж хүчээр шахам ирүүлэх журам гаргасан байгаа нь л Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэж байгаа юм. Ер нь гадаадад оршин суугаа иргэд эх орондоо байгаа юм шиг л санал өгөх өдрөө очиход болж байгаа юм. Хэрвээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол шүү дээ. Эсвэл би сонгуульд оролцоно гэдгээ утсаар ч болохноо хэлж болно ш дээ.

Нэг үгээр илэрхийлэхэд гадаадад байгаа Монгол иргэнээсээ илүү зүйл шаардаж Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг л хэлсэн. Энэ бол гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй гэсэн хүнд суртлын саад байна гэж хэлэхээр “Үгүй. Зөв” гээд түүнийг нь МАН-ынхан бүлгээрээ дэмжээд байна.

-Сонгуулиас өмнө журамд өөрчлөлт оруулж болох уу?

-Болно. Ер нь хуулиндаа …гадаадад байгаа иргэн намын төлөө санал өгнө гээд л заачихсан байгаа шүү дээ. Ийм нөхцөлийг л Гадаад харилцааны яам, СЕХ хамтран гаргасан журамдаа хүндрүүлээд тусгачихсан байгаа юм.

-Журам гарахаас өмнө та бүхэн “Консул, Элчин сайдын яамгүй хотод амьдарч байгаа иргэд олон зуун километр зам туулж саналаа өгнө” гэдгийг анхааруулаагүй юм уу?

-АНУ-д амьдарч байгаа иргэд Вашингтон хотод ирж Элчин сайдын яаманд саналаа өгнө. Санфранцискод очиж консулын газартаа хандахаар байгаа юм. Ингээд өөр хотод амьдарч байгаа хүмүүс санал өгөхийн тулд заавал өөрийн биеэр очих үүрэгтэй. Ингэхдээ нэг удаа очиж болно. Хоёр удаа очно гэдэг л утгагүй байхгүй юу. Зарим иргэд намын нэрийг дугуйлах гэж Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг орохоос ч хол зам туулах болчихоод байгаа юм. Тэгээд ч энэ журмыг гарахаас өмнө асуудлыг ярьж л байсан. Ингэж чирэгдэл учруулж болохгүй гэдгийг хэлсэн. Гэтэл эцэст нь ийм зүйл оруулж ирчихээд МАН-ынхнаар хамгаалуулаад сууж байна.

-Эцэст нь асуухад Н.Энхбаяр дарга батлан даалтад гарлаа. Энэ асуудалд АН ямар байр суурьтай байгаа бол?

-АН анхнаасаа хуулийн байгууллагын ажилд оролцдоггүй Бидэнд тийм туршлага ч байхгүй Харин МАН бол 1921 оноос хойш хуулийн байгууллагыг өөрийнхөө хэлтэс шиг ажиллуулж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энэ зангаа тавихгүй байна. Бүлгийн хурлаа хийгээд батлан даалтад гаргах шийдвэрийг гаргаж байна. Батлан даалтад ар гэрийнхэн нь авдаг болохоос намын бүлэг авдаггүй ш дээ. Хууль шүүхийнхэнд намын бүлэг нөлөөлөх ёсгүй гэдэг зарчмыг АН баримталж байгаа. Тэгэх ч байх гэж найдаж байна. Харин МАН-ын батлан даалтад гаргах гэсэн энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг шүүх өөрөө шийдэх ёстой. Ямартаа ч МАН-ын бүлэг шүүх рүү бичиг явуулж нөлөөлөөд л байна.

-Ер нь өлсгөлөн зарласан тухайд нь яаж харж байгаа вэ?

-Өнөөдөр ШШГЕГ-ын нэг дарга Хосбаяр гэдэг хүний ярилцлага хэвлэлээр гарсан байна лээ. Жилд дунджаар 20 хүн өлсгөлөн зарладаг гэж ярилцлагадаа дурдсан байсан. Өлсгөлөн зарласан бүх хүн батлан даалтад гарч болдог ийм жишиг тогтчихлоо. Бүгдийг нь МАН батлан даалтад авах юм уу. Мэдэх юм алга. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг заалт л лав зөрчигдсөн гэж харж байгаа.

Л.МӨНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих