Иргэд мөнгөө авахыг илүүд үзлээ

Засгийн газрын тогтоолын дагуу иргэд 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгохыг хүсвэл энэ сарын 20-ны дотор бүртгүүлэх шийдвэр гарсан. Бүртгэлийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Албаны эх сурвалжуудын урьдчилан мэдээлж буйгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авсан хугацаанд ойролцоогоор сая гаруй хүн бэлэн мөнгөө авах хүсэлтээ илэрхийлжээ. Тэдний хувьцааг аж ахуйн нэгжүүдэд зарснаар Засгийн газар иргэн бүрт сая төгрөг олгох ёстой. Энэ нь ойролцоогоор 10 их наяд төгрөг болох юм. Мэдээж энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй. Тийм учраас иргэдийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд арилжаалах
замаар шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд зарахын тулд хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох учиртай. Харин өнөөг хүртэл Тавантолгойн хувь­цааны нэрлэсэн ханш хэд байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Засгийн газрын зүгээс 1072 ширхэг хувьцааг багцлаад сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл эдийн засагчид болон, хувьцаа, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үүнийг зохиомол зүйл хэмээж буй билээ. Юутай ч Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохоор төлөвлөж байна.

Юутай ч иргэд сонголтоо хийлээ. Сонголт зөв байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар нэг сумаар хоёр, гурван туулай буудлаа гэх шүүмжлэл ч бас өрнөсөөр байна. Уг нь төрийн бодлогын дагуу иргэн бүр Тавантолгойгоос хувьцаа хүртэхээс гадна Эх орны хишиг, хувийн сая төгрөгийг авах ёстой байсан. Гэвч бодлого он гарсаар 180 градус эргэж, иргэд хувьцаа эсвэл мөнгө гэсэн хоёр сонголттой үлдсэн билээ. Одоо мөнгөө авах сонголт хийсэн иргэд хэзээ сая төгрөг гар дээр ирэх бол хэмээн хүлээж байна. Харин Сангийн сайд Д.Хаянхярваа энэ тавдугаар сардаа багтаад иргэдэд сая төгрөгийг олгож эхлэх болно гэж мэдэгдсэн байгаа. Ингэхэд иргэдийн хувьд сая төгрөг илүү ашигтай юу, эсвэл хувьцаа үнэ цэнтэй юу.

Сая төгрөгөө зөв зарцуулбал, улсын хөгжилд ч нөлөөтэй
Удахгүй сонгууль болох гэж байна. Сонгуулийн өмнө эрх баригчид иргэдэд сая төгрөгөө өгнө гэснээрээ өгөх учиртай. Тэгж чадахгүйд хүрвэл сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээнэ. Тийм учраас иргэд хувьцаагаа Засгийн газарт зарах гэсэн биш хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх вий гэж санаа зовох шаардлагагүй бололтой. Нөгөөтэйгүүр сонгуулийн дараа ямар уур амьсгал бий болох вэ. Шинээр гарч ирсэн Засгийн газар ямар ч бодлого явуулахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцаанд улс төрийн эрсдэл байна гэсэн үг. Хэрвээ буруу шийдвэр гарвал хувьцаа ямар ч үнэ цэнгүй болох “аюултай”. Тиймээс иргэдийн хувьд хувьцаагаа зохиомол үнээр ч болов Засгийн газарт зарсан нь дээр байж болох юм. Нөгөөтэйгүүр иргэд сая төгрөгөө нийлүүлээд бизнес хийх боломжтой шүү дээ.

Сая төгрөг бол зөв ашиглаж чадвал маш их мөнгө. Таван ам бүлтэй айл тус бүр сая төгрөгөө авлаа гэхэд таван сая төгрөгтэй болно. Энэ хэмжээний мөнгө боломжийн бизнес эхлүүлэхэд хүрэлцээтэй. Тэгэхээр иргэдийн хувьд бэлнээр авч буй сая төгрөгөө зөв зүйтэй, ялан­гуяа бизнест зарцуулж чадвал энэ нь эдийн засагт маш том дэмжлэг болох нь. Бэлэн мөнгөө авахыг хүссэн иргэд сая гаруй байгаа бөгөөд тэдэнд 10 их наяд төгрөг олгоно гэдгийг дээр дурьдсан. Энэ тохиолдолд эдийн засаг, бизнесийн салбар, эсвэл жижиг, дунд үйлдвэрт 10 их наяд төгрөг орж ирэх бололцоо бүрдэж байгаа юм. Энэ мөнгөөр хэчнээн жижиг, дунд үйлдвэр томорч, хэчнээн бизнес шинээр бий болох вэ. Яг энэ талаас нь харвал Засгийн газраас энэ удаад иргэдэд өгөх гэж буй мөнгө инфляцийн хөөрөгдөх бус бизнесийг цэцэглүүлэхэд үр дүнгээ өгч болох юм. Эсрэгээрээ иргэд мөнгөний зарцуулалт дээр хайнга хандвал эдийн засгийг сүйрүүлэх ч эрсдэл байна.

Хувьцаа хэр үнэтэй нь тодорхойгүй байна
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хэр үнэд хүрэх нь өнөө хэр тодорхойгүй байна. Уг нь компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг Хөрөнгө оруулалтын банк гаргадаг. Тэд IPO хийхийн өмнө компанид аудит хийж, нэгж хувьцааны үнэ яг тэдэн төгрөг байхад хангалттай гэдгийг тодорхойлдог. Мэргэжлийн хүмүүс компанийн үнэлгээг хийсэн учраас илүү бодитой, хувь­цааны үнэ илүү тохиромжтой байдаг билээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны үнийг Засгийн газар хэлэлцээд механикаар тодорхойлох гэж байгаа. Энэ нь мэдээж эдийн засагчдын дургүйцлийг хүргэж байгаа. Нөгөөтэйгүүр Тавантолгойн ордод дэд бүтцийн асуудал өнөө хэр яригдсаар байна. Уг нь төмөр замтай холбочихвол Тавантолгойн үнэлгээ суга өсөх боломжтой. Тэгвэл Тавантолгой дэд бүтэцтэй болох цаад талын хугацааг 2.5 жил гэж салбарын сайд нь мэдэгдэж буй. Энэ тохиолдолд хувьцаа авч үлдсэн иргэдийн хувьд хувьцааны өгөөжийн талаар хоёр жилийн дараа л бодож эхлэхэд болох нь. Компани ашигтай ажиллаж байж, ногдол ашиг хуваарилна гэж тооцвол тэрнээс илүү урт хугацааг хүлээх шаардлагатай.

Өнөөгийн нөхцөлд бол компаниас ногдол ашиг хүртээд, баяжих талаар бодоод ч хэрэггүй. Нэгдүгээрт Тавантолгой дээр бүх зүйл тодорхойгүй байна. Хоёрдугаарт Тавантолгойд төмөр зам, дэд бүтэц, баруун зүүн цанхи гээд маш олон тодорхойгүй зүйлс байгаа. Иймэрхүү тодорхойгүй компанийн хувьцаа олон улсын зах зээл дээр мундаг байна гэдэг хэцүү. Хэрвээ тодорхой болохыг хүлээнэ гэвэл наад зах нь 2.5 жил гэдгийг дээр дурьдсан билээ. Үүнээс гадна Тавантолгойн хувьцаанд бас нэг эрсдэл байгаа нь нүүрсний үнэ байна. Хэрвээ олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ дорвитой өсч өгөхгүй бол ком­пани ашигтай ажиллахад бэрхшээл тулгарах болно. Гэхдээ Тавантолгой өөрөө маш их нөөцтэй, нөөц ашиглагдах нь тодорхой. Тиймээс үр өгөөжөө өгөх нь цаг хугацааны л асуудал юм.
Тэр утгаараа Тавантолгойн хувьцаа “өнөөдөр” ашиггүй, “маргааш” ашгаа өгөхгүй байсан ч “нөгөөдөр” ашгаа өгөх учиртай.

Л.ДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих