Хот амьтай, спортод элэгтэй ”мэр”

Хотын даргын албыг хашсан хүн дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвшиж, ялалт байгуулдаг жишиг тогтоод уджээ. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар хот гэдэг их айлыг удирдаж байхдаа л төр түшилцэх нэр хүндээ олж авсан билээ. Монгол Улсын хүн амын талаас илүү нь оршин суудаг нийслэлийг нэр хүндтэйгээр удирдаж чадсан хүнийг төрийн түшээгийн битгий хэл Ерөнхий сайдын сэнтий хүлээж байсан нь цөөнгүй. Хотын одоогийн дарга Г.Мөнхбаярыг ч энэ замаар явна гэж харж байсан хүн олон. Гэтэл тэрбээр мэргэжлээ, хийж дуусгаагүй ажлаа дуусгахын тулд УИХ-д нэр
дэвших эрхээсээ татгалзаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрбум, тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрх мэдэл, зарим нэг хүмүүсийн төсөөллөөр бол “хуруугаа хөдөлгөөд” л хөрөнгө хураах боломжтой энэ суудлаас шуналтай шиг хүн бол яагаад ч татгалзаж чадахгүй байсан.

Харин Г.Мөнхбаяр дарга энэ бүхнээс ангид байж, эхэлсэн ажлаа дуусгахыг илүүд үзжээ. Улстөрч, өөрийгөө улстөрч гэж бодогч, бизнесмэн нийлсэн 700 гаруй хүний “өдрийн бодол, шөнийн зүүд” болж байгаа суудлаас татгал­заж, улстөрч хүний эр зоригийг тодорхой хэмжээгээр харуулсан учир түүнийг “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр онцолж байна. Гол өрсөлдөгч Ардчилсан нам нэр цэвэр Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн нь ч үүнд нөлөөлсөн ч байж болох юм. Хотыг алдах аюул тулгарч болзошгүй учир МАН нэр хүндээрээ эн зэрэгцэхүйц хү­нийг өөдөөс нь тавихаас өөр аргагүй болсон хэмээн харагдаж байгаа юм. Тэр хүн нь хотын одоогийн мэр болж таарав. Нэр цэвэр хүнтэй нэр цэвэр хүн л өрсөлдөж чадах нь тодорхой билээ.

Г.Мөнхбаярын хувьд, мэргэжлээрээ хаанаасаа хаалгачийг нь хүртэл хийсэн нэгэн. Ажлынхаа гарааг НААҮЯ-нд туршилт тохируулгын ангид техникчээр эхэлж, Найрамдал дүүргийн орон сууц нийтийн аж ахуйн VI конторт техникч, инженер, 1991-2004 онд Улаанбаатар хотын ОСНАА-н Удирдах газарт инженер, ерөнхий инженер, газрын даргаар ажиллаж байгаад 2004 оноос нийслэлийн удир­дах штабт орж ирсэн. Шинээр гаргасан санаачилгыг маш соргогоор тусган авч хэрэгжүүлдэг нь олон хүний санаанд нийцдэг юм билээ. Дэлхийн ихэнх улсын том хотууд хөлбөмбөгийн багтай байдаг уламжлалыг Монголд оруулж ирэн, хөлбөмбөгийн “Улаанбаатар” багийг байгуулж, олон улсын жишгээр авч явах болсон нь спорт сонирхогчдын талархлыг төрүүлсэн. Ийм хүн УИХ-д өрсөлдөхөөс татгалзаж байгаа нь нэг талаар харамсалтай. Гэвч өөрийнх нь хэлснээр, түүнд “эхлүүлсэн, дуусгасан, хийж байгаа” олон ажил бий. Энэ ажлыг түүнээс өөр хэн илүү сайн хийж чадах билээ.

Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих