“Үдийн цай”-гаар хүүхэд хордуулсан хүмүүст ял оноолоо

Ховд аймгийн Булган сум дахь ерөнхий боловсролын I дунд сургуулийн эмч М.Отгонбулаг, “Булган хөх хөтөл” ХХК-ийн захирал Н.Оюунхүү нарт тус аймгийн шүүхээс 2-5 жилийн хорих ял оноолоо. Өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 19-ний өдөр тус сумын 12 жилийн I дунд сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг мөрдөх журмыг зөрчин “Напелеон” торт үйлдвэрлэж, худалдсанаас нэг хүүхэд хүнд, гурван хүүхэд хүндэвтэр, 27 хүүхэд хөнгөн хордсон билээ.

Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн захирал Д.Баатарсүрэн, тус сургуулийн бага эмч М.Отгонбулаг нарт холбогдох хэргийг Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхээр энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хянан хэлэлцээд Н.Оюунхүүг, таван жил зургаан сарын хорих ялаар шийтгэж, ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. М.Отгонбулагийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, хоёр жилийн хорих ялаар шийтгэж, эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар, Д.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Э.БААТАР


URL:

Сэтгэгдэл бичих