Н.Энхбаяр шүүх хурлын мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ

Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, шүүгч М.Алдар нар өчигдөр 11.00 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүх хурлын мэдэгдэх хуудас хүргэж өгчээ. Н.Энхбаяр мэдэгдэх хуудсыг хүлээж аваад гарын үсэг зурсан байна. Түүнд холбогдох хэрэг ирэх пүрэв гаригийн 10.00 цагт болохоор товлогдсон билээ. Энэ дагуу шүүхийнхэн мэдэгдэх хуудсыг өгөх үеэр Н.Энхбаяр ямар нэгэн байдлаар эсэргүүцэл илэрхийлээгүй гэнэ. Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн 36 хуудас бүхий яллах дүгнэлтийг өгчээ.

Тэрбээр Клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс эмнэлгийн дарга Г.Баясгаланд хандаж “Н.Энхбаярт яллах дүгнэлтийг өгөх боломжийг хангаж өгнө үү” гэсэн Ерөнхий шүүгчийн албан тоотыг хүргүүлсэн учир эмнэлгийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхийнхэнд ажлаа хийх боломжийг нь олгосон гэнэ. Н.Энхбаяртай хамт шүүгдэх До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт яллах дүгнэлтийг гардуулсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн  150.3, 263.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих