“Made in Мongolia” хэмээх шошготой эдийн засгийн алуурчид-2
Монголын хамгийн нууцлаг агаад хамгийн том олигархи бол УИХ-ын гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригт. Түүний хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Батхүү, “М-Си-Эс”-ийн ах дүү “Од” нарын нэгэн адил хэвлэлээр түүний тухай мэдээлэл ихээр гарах нь ховор. Тэр ч бүү хэл “Монгол шуудан” банк нь дампуурлаа зарладгийн даваан дээр ирээд байхад ч хэвлэлээр Д.Зоригтын тойрсон мэдээллийн бум гарсан нь үгүй. Хувьцаа эзэмшигчид нь хүртэл “Д.Зоригт биднийг луйвардчихлаа” гэж хашгирсаар байхад ч тэр шүү дээ.
Энэ бол түүний олигархийн олигархи болсных нь давуу тал. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед Төрийн өмчийн хорооны газрын даргаас дарга нь болтол дэвшсэн түүний 30 гаруй тэрбум төгрөгийн цаана хашиж байсан албан тушаал нь нөлөөлсөн нь тодорхой. Дээр нь “Made in Мongolia” хэмээх шошготой эдийн засгийн алуурчид-2” хэмээн тодорхойлох болсон үндэслэл нь дараах баримтаар тайлбарлагдах юм.
1. УИХ-ын гишүүн Д.Зоригт гишүүн болсон цагаасаа хойш сэтгүүлчдийн нэг асуултад ихэд төвөгшөөж, хариулт өгөхөөс татгалзаж ирсэн. Тэр нь банкны тухай яриа юм. Тэрбээр үүнийг “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгээр тайлбарладаг. Сэтгүүлчдийн амыг энэ тайлбараараа таглаж сурсан Д.Зоригт гишүүн УИХ-ын гишүүн болсон даруйдаа “Монгол шуудан” банкаа “ЖАСТ” группт зарсан. Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэлгүй шууд дур мэдэн борлуулснаар барахгүй Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй нь тухайн үед нотлогдсон. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх энэхүү гэм бурууг нь баталж дараах шийдвэрийг гаргасан байдаг. “Монгол шуудан” банкны хувь нийлүүлэгчдийн 2009 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр хурлын тогтоол хүчин төгөлдөр бус буюу “Монгол шуудан” банк ХХК-ийг “Хадгаламж банк” ХХК-тай нэгдэхийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.6552 хувийн саналаар зөвшөөрснийг болон мөн өдрийн “Компани нэгдэх ажиллагааг хэрэгжүүлж ажиллах талаар “22 дугаар тогтоолын нэг дэх ажиллагаатай холбоотой 1, 2, 3, 4 дэх заалтыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн энэ шийдвэр нь өөрөө Д.Зоригт гишүүн эхнэр Д.Оюунсүрэн, төрсөн дүү Д.Оюунжаргал нарынхаа хамтаар хувьцаа эзэмшигчдийн ирцийг хуурамчаар бүртгэж, хурлын шийдвэрийг өөрсдийн дураар зохиосныг нь баталсан гэж болно. Харамсалтай нь, тэрбээр Дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөсөр орхисон түүхтэй.
2. Түүнчлэн уг банкийг анх жар гаруй хүн 1994 онд тухайн үеийн ханшаар 69 сая төгрөг нийлүүлж байгуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Д.Зоригт гишүүний хөрөнгө 30 тэрбум болтол өссөн байхад дээрх 60 гаруй хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө өссөн түүх байхгүй. Анх Цахилгаан холбоо компанийн хоёр өрөө байранд байрлаж байсан банк 380 салбартай, 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болчихоод байхад хувьцаа эзэмшигчдэдээ нэг ч удаа ноогдол ашиг олгоогүйн дээр тухайн үед оруулсан хувьцааных нь үнэлгээ 16 жилийн дараа ч тэр л хэвээрээ байжээ.
3. “Монгол шуудан” банкийг хувьчлах болсон шалтгаан нь ч өөрөө ээдрээтэй. Жилийн өмнө буюу 2008 оны жилийн эцсийн тайлангаас нь харахад миллиард төгрөгийн ашигтай ажиллаж байсан банк жил хүрэхгүйн хугацааны дараа 6.9 миллиард төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Энэ үзүүлэлт нь шууд утгаараа уг банкийг дампуурсан гэдгийг илтгэх ч Д.Зоригт гишүүн хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. “Би зүгээр л зарсан” гэдэг тайлбараар аргацаадаг. Үнэн хэрэгтээ Олон овоотын ордыг тойрсон чанаргүй зээлийн хэрээс уг банкийг бие даан оршин тогтнох боломжгүй болгосон байсан гэдэг.
4. Түүний эзэмшилд байсан “VOYАGE” зочид буудлын подвальд караоке нэрээр биеэ үнэлэгчдийн нууц газар ажиллаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр олонтаа гарч байсан. Уг зочид буудал караокеныхоо танилцуулгад “Та монгол охидтой хамт дуулж, бүжиглэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрүүлэх болно” хэмээн бичсэн нь бий. Гол нь энэ бизнесийг тэрбээр гишүүн болохоос ч өмнө хийж байсан. Тэр үед ил тод”Манайд ширээний хүүхэн бий шүү” гэсэн зарлалыг Д.Зоригт гишүүний эзэмшилд байсан “VOYАGE” зочид буудлаас өөр ямар ч буудал олонд ил тодоор танилцуулж байгаагүй юм. Тийм ч учраас “20 орчим охиныг жагсааж байгаад үйлчлүүлэгчдэдээ сонгох эрх олгодог” гэх мэдээлэл ч гарч байсан удаатай.
5. Монголын охид, хөвгүүд гэр бүл, амь насаа золиослон барин Өмнөд Солонгост ажиллаж, амьдралаа дээшлүүлэхээр зүтгэж байхад УИХ-ын гишүүн Д.Зоригт “Номаранг”-ийн маргааныг өдүүлж байсан түүхтэй. Тэрбээр “Монгол шуудан” банкныхаа шугамаар тус компаниас 120 сая ам.доллар завшсан байдаг. Улмаар энэ маргаан нь эцэстээ хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахад хүргээд зогсохгүй тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын боломж бололцоог хязгаарлагдахад хүргэсэн удаатай. Гэсэн Д.Зоригт гишүүн Монгол дахь нөлөөгөө ашиглан төрийн татан оролцуулахаар санаарахсан байдаг. Үүгээрээ тэрбээр зөвхөн Монголд ч бус хил хязгааргүй санхүүгийн луйвар хийх чадвартай гэдгээ нотолсон гэдэг. Бизнесийн хүрээнийхний яриагаар бол шүү дээ.
6. Д.Зоригт гишүүний байгуулсан “International School” дунд сургууль нь Монголын хамгийн өндөр үнэтэй сургууль. Баячуудын хүүхдүүдийг тусгай харуул хамгаалалт дор сургадаг энэ сургууль рүү энгийн нэг иргэн хүүгээ хөтлөөд шагайх боломжгүй. Тийм ч учраас Монголын хууль, дүрмийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг нь өнгөрсөн хугацаанд тархсан H1N1 халдварт өвчний үеэр дунд сургуулиудын хичээлийг улс даяар хаахад тус сургууль хүлээж аваагүй. Үүнийгээ “Манайх олон улсын сургууль учраас Монголын хууль хамаагүй” гэдгээр тайлбарласан. Эзэн нь өөрөө УИХ-д сууж, хууль баталдаг атлаа өөрийнхөө баталсан хуулийг “Миний өмч, хөрөнгөнд хамаагүй” хэмээн үзэх нь дэндүү өрөөсгөл тайлбар байх нь ойлгомжтой. Энэ бол түүний бүрдүүлэн олигархи эрх ашгийн илэрхийлэл.
7. УИХ-ын гишүүн Д.Зоригтын мэдэлд 20 орчим компани бий. Тэдгээрийн компанийнх нь нэг нь “АСУ” компани. Энэ компанийнх нь 10 хувийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эзэмшдэг бөгөөд үүгээрээ халаас нэгтнүүд гэдэг нь батлагдаж буй.
8. “Анод” банкны дампууралтай холбоотойгоор өмгөөлөгч П.Отгонболд “УИХ-ын нэр бүхий гишүүд хувьцааны луйвар хийсэн” гэдэг мэдээлэл хийж байсан. Тэрбээр энэ тухайгаа “УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Гермес центр” хувьцаат компанийн эзэн. Энэ компани хувьцаа гаргахдаа Дарханд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж байсан. Үүнд нь итгэж найдаад хүмүүс хувьцааг нь худалдаж авсан. Гэтэл 2009 онд Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийгээд ямар ч газаргүй болохыг нь тогтоосон юм. Гэхдээ энэ компанийн эздэд хариуцлага тооцоогүй. Том эзэнтэй учраас арга хэмжээ авч чаддагүй юм байлгүй. Ер нь Монголд хувьцаат компани байгуулах замаар луйвар хийх боломжийг төр өөрөө бүрдүүлж өгөөд байна. Үнэт цаасны тухай болон бусад хуулийг илт зөрчсөн компаниудад хариуцлага тооцохгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ” гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн “Гермес центр”-ийн хувьцааны ханш өнгөрсөн хугацаанд байж боломгүй хурдтай өссөн бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчид Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх тасагт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн.
Эцсийн дүндээ энэ бүх баримт УИХ-ын гишүүн Д.Зоригтыг тойрсон ээдрээт мэдээллийн ердөө л эхлэл нь. Түүний өнгөрсөн 20 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум төгрөгийнх нь ард Төрийн өмчийн хорооны даргын албан тушаал, улстөрчидтэй халаасаа нэгтгэсэн эрх ашиг, хилийн чинадаас импортолсон луйвар, жирийн иргэний хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн олз ашгийг нууцаар наймаалах арга ухаан нь нуугдаж буй. Иймд түүнийг “Made in Мongolia” хэмээх шошготой эдийн засгийн алуурчид-2”-ын гадна үлдээх аргагүй юм.
URL:













