“Огцруулах” уу, аль эсвэл “огзруулах” уу?!
(Үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)
Хөнөг мэт бүдүүн таргалсан албан хөмрөгийн хулгана
Хөмрөг нээж, хүн оровч дутаан зайлахгүй.
Хуяг цэрэгт будаа дутаж, зуун овогтон өлбөрөхүйеэ
Хулгана авгайн гэдэс гүзээг хэн дүүргэн байх буй?
(“Тан улсын 300 бадаг” яруу найргийн
сонгомолд орсон Хятадын нэрт шүлэгч
Цао-Еэ-гийн “Албан хөмрөгийн хулгана” шүлгээс…)
Профессор Б.ПҮРЭВ-ОЧИР (МУБИС)
Манай улсад хэвлэгдэн гарч байгаа өдөр, долоо хоног, сар тутмын тогтмол сонин хэвлэлүүд, олонх вэб сайт, хувь хүний блогууд, телевизүүдийн туузан мэдээ-мэдээлэлд хэн бүхний өглөө бүр, өдөр тутам, орой болгон таарч тохиолддог хамгийн их давтамжтай, цөөнгүй үг байдаг. Тийм үгсийн тэргүүнд одоогоор лав “огцруулах”, “огцрох” гэдэг үг явж байна даа. Цаасан болон цахим хэвлэлүүд энэ үгийн дэд үе – утгалбарыг “ц”-гээр бичсээр, бидний нүд чих түүнд нь дөжирсөөр, үнэндээ 20 гаруй жил болж байна.
Нарийн яривал, бичлэг ба дуудлага нь зөрүүтэй, хоёрдмол хувилбартай энэ монгол үгийг хэрхэн бичих талаар харин хэн ч эргэлзэж тээнэгэлзсэнгүй, сэтгүүлчид ч судлан сурвалжилж өөр хувилбар гаргасангүй, дотоод, гадаад мэдээний цоморлигт “огцруулах” гэсэн “ц”-ээлсэн хэлбэрээр нь улиг болтол давтсаар, нөгөө “з”-т хувилбарыг нь хэн ч анзаарсангүй ирлээ.
90-ээд оноос хойш гарч буй 130-аад сонин, телевиз, вэб хуудсууд, цахим хэвлэлүүдээс баримт болгож, “огцруулах”-тай үг – өгүүлбэрийг түүж жагсаавал “Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах”-аас эхлээд л бүр хэдэн зуугаар тоолж, А-Я хүртэлх хүн хүнээр нь ч гарган үзүүлж болохоор болж. Тухайлбал:
- “…Стандарт бус Засгийн газар стандарт бусаар огцрох ёстой…” (С.Ганбаатар);
- “УИХ-ын нэр бүхий 9 гишүүн. Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах санал тавив.(“Зууны мэдээ” сонин);
- “ОУВС-ийн тэргүүн асан Доминик Стросс Кан эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн гэх хэрэгт орооцолдож, албан тушаалаасаа огцрохоосоо өмнө тэрбээр Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэнэ… (“Өнөөдөр”, 2011.09.10, ¹ 214);
- ОХУ-ын ерөнхийлөгч Медведев Сангийн сайд Алексей Кудринд нэг өдрийн дотор огцрох санал дэвшүүлэв. Оросын Сангийн сайд Кудрин огцров.” (“Өдрийн сонин”);
- “УИХ-ын нэр бүхий 9 гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад өнгөрсөн Даваа гарагт өргөн барив.” (“Зууны мэдээ”, 2012.4.23, ¹ 98);
- Японы Парламентын чуулган дээр Хуульзүйн сайд Янагида, хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээн, албан үүргээсээ огцрохдоо олон нийтээс өршөөл хүсэв. (“Өнөөдөр”, 2012.05.08. ¹ 107, “Ялгаа”);
- “Ц.Нямдорж, нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд гурван ч удаа “огцруулна” гэсэн заналтай учирсан сайд…” (“Нийгмийн толь” сонин, 2012, 082, ¹ 34);
- “Д.Сандаг-Очир: …Цагдаагийн ерөнхий газрын дарга миний бие огцроход бэлэн байна” (“Үндэсний шуудан”, 2012.04.12) г.м.-ээр хөвөрч гарна.
Гэхдээ энэ нь зөвхөн сонин нийтлэлийн болон албан хэргийн найруулгад л үлэмж давтамжтай харагдана. Урансайхны болон эрдэм шинжилгээний найруулга, сурах бичиг зэрэгт “огцрох”, “огцруулах” гэдэг үгийг төдий л хэрэглэдэггүй. Тэгэхлээр энэ хоёр үгийг сэтгүүлчид, хуульчид, төрийн түшээд, сайд, дарга нар их хэрэглэдэг, ярианы хэлний “ц”-ээлсэн хувилбарыг нь нүдэнд дасгаж, амны уншлага болгож, “огцруулах”-ыг “цэцэглүүлж” л дээ!
Лавшруулсхийн үзэхүл, Монгол улс, шинэ Үндсэн хуулийнхаа эх бичвэрт ч энэ үгийг “огцруулна, огцорно” гэж “ц”-тэй ярианы хэлний хувилбараар нь бичиж оруулжээ. Тухайлбал,
“Засгийн газар, Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүрэн эрх, УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно…” гээд л байж байна. “Үндсэн хууль”-ндаа болон цөөнгүй толь бичигт нэгэнт ингээд биччихсэн болохлоор өдөр тутмын хэвлэлүүд, шар, бор сонинуудынхыг бас ч буруутай, энэ тэр гэх аргагүй юм.
Улс төрийн хүрээнд илүү их давтамжтай дээрх “огцрох~огцруулах”-аас гадна энэ үгтэй нэг язгууртай “огзом” гэдэг үгийг хэвлэлүүд дээр мөн л “огцом”-оор буюу “ц”-тэй хэлбэрээр нь голлон бичсээр байна. Наад захын хэдэн баримт гаргая:
- “…түлээ нүүрсний үнэ огцом өслөө.”
- “…шатахууны үнэ гэнэт огцом өсөв.”
- “…юанийн ханш огцом өссөн нь юуных вэ?”
- “Баруун аймгуудын нутгаар ойрын өдрүүдэд огцом хүйтэрнэ.”
- “…УИХ-д огцом ууртай, хүлээцгүй дайрдаг гишүүд олон бий…”
- “Хүнсний захууд дээр махны үнэ огцом өслөө.”
- “Их дээд сургуулийн оюутны төлбөрийг ямар ч үндэслэлгүй огцом нэмэх учир үгүй…”
- “Амьтны халуун цусыг шууд ууж хэрэглэхэд бие организмыг огцом цочроодог.”
- “Барууны хөгжилтэй орнуудад сахар, зүрх судас, бусад төрлийн, хөгжил дагасан өвчнүүд огцом нэмэгджээ.”
г.м.-ээр байж байдаг. Зүй нь, энэ баримтуудад буй “огз~угз” гэдэг дүрслэх язгуураас “о”, “у” хоёр төсөөрхөж үүссэн “огцом”-ыг “огзом” гэж “-з”-гээр бичих үндэстэй бөгөөд “з”-гээр бичиж, “ц”-гээр дуудах ёстой байж болох талтай юм.
Тэгэхлээр бичгийн хэлэнд зөв бичихүйн хэм хэмжээ, ярианы хэлэнд зөв дуудахуйн хэм хэмжээ гэдэг хэл, хэлэхүйн хоёр ойлголтыг ялган салгаж ойлгоогүй, нарийн нягталж хэрэглээгүйгээс л уг хоёрдмол хэлбэр – бичлэгүүд үүсчээ дээ гэсэн санаа төрөгдөж байна.
Чухам түүнийг гадарлаж, доторлож үзсэн хүмүүс л монгол бичгийн хэлний “ogum”, “ogjum” хоёрыг ялгаж, “огзом”-оор бичиж, хэрэглэж ирсэн нэгэн тохиолдол баримт байна. Монгол хэлний авиа-авиалбарын судлалд огзом эгшиг гэсэн ойлголт, нэртомьёо байдаг. Энэ “огзом эгшиг” гэдэг нийлэмж үгийг акад.Ш.Лувсанвандан, проф. Ж.Надмид, Ж.Цолоо, С.Мөөмөө, Э.Вандуй, Ж.Төмөрцэрэн, М.Базаррагчаа, Ж.Санжаа, Г.Гантогтох, Г.Батзаяа тэргүүтэн манай урдаа барьдаг авиазүйч нар “з”-гээр буюу “огзом” гэж бичсээр ирсэн, тэр нь ном сурах бичигт сайхан хэвшиж, журамлагдсан байдаг. Харин акад.Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар “огцом эгшиг” гэж “ц”-гээр бичжээ. Тэгэхлээр олонх эрдэмтэн “огзом”-ыг “ц”-гээр бус, “з”-гээр бичсэн буй нь “огцрох”, “огцруулах”-ыг “з”-гээр бичиж, “ц”-ээлж дуудах нь зөв байж болохын энгийн нэг баримт нотолгоо гэж үзэж болмоор байна.
Одоо бид, монгол хэлний “угз(а)”, “угзрах”, “огз(у)”, “огзрох”, “огзруулах” гэдэг үгс чухам ямар утга заадаг, эх бичвэрийн хам сэдэвтээ ямар өнгө аяс, үнэлэмжтэйгээр хэрэглэгддэгийг яльгүй боловч сонирхож мэдэх шаардлагатай болж байна. Шалтгаан ба нөхцөлдөөний талаас нь харвал, өө сэжигтэй, хардалтай тэрхүү этгээдийн сөрөг үйлдлийг олж харж, тогтоосноор эрс таслан зогсоох, “угз татан буулгах” тийм сэдэл утгыг заадаг. Орон зайн талаас нь харвал, уг үйлд өртөгч этгээдийг байсан байр – цэгээс нь доош үхтээн угз татаж, сөрөн үйлдэгчийн хүч хэрэглэснээр тэрхүү сүлжээ-хэлхээнээс нь бүр мөсөн огтолж таслах утгыг заана. Цаг хугацааны хэмжигдэхүүн талаас нь гэвэл, “огзрох~огзруулах” нь охор богино хугацаанд уг үйлийг хүчээр хийх “үйл”-ийн утгыг заадаг. Үр дүнгийн талаас нь харвал, нэг бол, өөрөө хүч-зориг гарган, өөрийгөө “угзарч”, өөрөө үйлдэж огзордог, эсвэл, бусдаар үйлдүүлэн “угзруулж”, татуулж баймаажин огзруулдаг тийм утга заадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монгол хэлний “огзрох”, “огзруулах” гэдэг үйл үг бол хэрэглээний талбарт сөрөг үнэлэмж, өнгө аяс заадаг тийм эрчим долгионтой. “Албан хөмрөгийн хулгана”-уудад л хамааралтай хэрэглэгддэг нь сонин юм.
Зайлшгүй анхаармаар нэгэн зүйл бол бид, монгол хэлний “огзрох” хийгээд “огзруулах”-ыг дан ганцаар нь элдэн хөөх бус, харин түүнтэй утгын нэгэн оронд багтаж байдаг “иж үг”-ийн хүрээ, хэрэглээг бас нэг түгээж харах ёстой юм. Тийм үгсийн хүрээнд бидний ажиглаж тооцоолсноор, наанадаж л огт, огтлох, огтлол, огзом~огцом, озох, озолт, огсго, огсгор, огсойх, огсосхийх, огдойх, оготор, угз, угзчих, угзчуулах, угз (татах), угзрах, халз, халзан, халзрах, халзлах, хэгз, хэгз (татах), хэгз (цохих), хэгзлэх, шаз, шаз (татах), шазруун, эгзэг, эгзэгтэй, өгзөг, өгзөглөх, яз, язлах г.м. үгсийг оруулж болмоор байдаг.
Уйгаржин монгол бичгээр ог-зу, о-зу, уг-за, хэг-зэ, ши-за, эг-зэ, өг-зэ, я-за… г.м. дэд үедээ “-за”, “-зэ”, “-зу” гэсэн үе-утгалбартай үгсийг кирилжин монгол бичгээр “огцом”, “оц”, “угц”, “угцчих”, “угцчуулах”, “угц татах”, “угцрах”, “хэгц татах”, “хэгц цохих”, “хэгцлэх”, “шац татах~цохих”, “шацруун”, “эгцэг~эгцэгтэй”, “өгцөг”, “өгцөглөх”, “яцлах”, “яцлуулах” гэж “ц”-гээр бичиж ирсэнгүй, нөгөө “-зу, -за, -зэ” үе-утгалбарыг нь илт хадгалж, “огзом”, “угз татах”, “угзрах”, “угзчих”, “хэгз татах~цохих”, “хэгзлэх”, “шаз татах”, “шазруун”, “эгзэг~эгзэгтэй”, “өгзөг~өгзөглөх”, “язлах~яз цохих” г.м.-ээр зөөлөн хэлэгдэх, дуут “з”-гээр бичиж, дуудаж ирж. Чингэхлээр гагц “огзом”, “огзрох~огзруулах”-ыг “ц”-гээр бичиж, “-зу, -за~зэ” үе-утгалбарыг нь анзаараагүй, тооцож үзээгүй тал байна. Ер, “огцруулах” уу, эсвэл “огзруулах” уу? гэдгийн цаана аман ярианы болон бичиг зохиолын хэлний харьцаа, хэм хэмжээний асуудал байгаа юм. “Огцом”, “огцрох”, “огцруулах” гэдэг нь хэлэхүй дуудахуйн хэм хэмжээнд холбогдох ярианы хэлний хувилбар гэж үзэж болно. Ярианы хэл бол машид хувирамтгай, хөдлөнгө, олон хувилбартай, нөлөөтөн өөрчлөгдөх юм ихтэй, нутгийн аялгууны онцлогийг илтэд тусгадаг, хүн хүнээс, бас хэсэг бүлгээс ч шалтгаалсан шинжтэй байдаг. Тэгвэл “огзруулах” нь бичиг зохиолын хэлний хэм хэмжээ, онцлогийг илэрхийлсэн бичгийн хэлний нэг хувилбар болно. Гэвч “огцруулах”, “огзруулах” хоёр зэрэгцээд л байна гэж үзэх үндэстэй.
Бичгийн хэл нь уламжлалыг хадгалсан, илүү тогтвортой, үсгийн дүрмийн журамлагдсан нэг л бичлэгтэй, түүнийг нь толиор зохицуулж, хэрэглээнд хэвшүүлсэн байдаг. Гэтэл харин монгол хэлний “огзрох~огзруулах” гэдэг үгийг хэлнийхэн, хэвлэлийнхнээс өгсүүлээд, төдий л ултай үзэж, журамлан, нэг мөр бичлэгтэй болгон толинд тусгаж, хэрэглээнд хэвшүүлсэнгүй иржээ. Эрдэмтэн Я.Цэвэл гуайн толь (1966), бусад толь бичигт ч “огзом”, “огцом” гэж хоёр хувилбар үүсгэн бичсэн бий.
Бас, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (ШУА, таван боть, анхдугаар хэвлэл, Уб., 2008 он)-д; “огзом”, яриа: огцом гэж заагаад, төрөл үгсийнх нь үүрийг “огзомдох”, “огзомлох”, “огзомсох”, “огзомхон”, “огзосгох”, “огзотгох”, “огзсох”, (огзом болгох) г.м.-ээр толгой үгс бүгдийг “з”-гээр бичсэн (1460-р тал) байна. Энд анхаарал татаж буй зүйл бол “огцом”-ыг нь “ярианы хэлний” гэж тусгай тэмдэглэл хийсэн явдал юм. Тэгэхлээр монгол бичгийн хэлэнд “ogum/ogjum” хоёрын аль нь анхдагч вэ? гэсэн асуудал гарч байна. Хэрэв монгол бичгийн хэлний “ogju>огз” нь анхдагч бөгөөд ярианы хэлэнд “огз” нь “огц” болжээ гэвэл хэлэх, сонсох талаасаа сул, зөөлөн, дуут “з” гийгүүлэгч ондоошиж, хатуу, анирт “ц” болжээ гэсэн үг бөгөөд “бэлд+гэ” гэдэг нь “бэлтгэ” болж, “д” нь “т” болсонтой адил үзэгдэл гэж үзэж болмоор.
Эцэст эргэцүүлбээс, цаашид “огзрох~огзруулах” гэдэг бичгийн хэлний хувилбарыг нь сонгож, язгуурын утгыг нь хадгалж, энэ хэлбэрээр хэвшүүлэн бичих авиазүй, утгазүй, зөв бичихзүй, бүтээвэрзүйн уг үндэс байх шиг санагдана. Үүнд сэтгүүлчид хийгээд тогтмол хэвлэлүүдийн сонголт, шийдэл чухал үүрэгтэй юм. Хэлний мэргэжилтний тайлбар чухаг.
Чингэхэд, uls.mn, sonin.mn, olloo.mn, orloo.mn, shuud.mn, dayar mongol.mn гэх зэрэг тэр олон вэб сайтаас өгсүүлээд, “з”-ээлсэн эсвэл “ц”-ээлсэн хувилбарыг сонгох эсэхийг нөгөө янз бүр “…мэдээ”-нүүд мэдээлээд л, нөгөө олон янз “…толь”-ууд тольдоод л, бас нөгөө янз бүр “…шуудан”-гууд шуурхайлаад л, “өглөө”, “өдөр”, “орой”-гүй нэг мөр бичээд л эхэлбэл олон нийтийн нүднээ огзом түргэн дасаж, чихнээ хоногшиж болох юм. Хялбар түргэн хоногшиж, дасахгүй бол ой санамждаа “огзом угзарч огзруулмой” гэсэн өгүүлбэрийг оруулж, “хатууг зөөллөж”, гурван “ЗЗЗ”-т гээд л цээжилчих, мэдээллийг хадгалах бас нэг арга ч байж болно доо, сэтгүүлчид, уншигчид минь!
Гэхдээ бидний энэ гаргалгаа, дүгнэлтийг “авах гээх”-ийн ухаанаар тунгаан үзэх нь эрхэм сэтгүүлчид та нөхдийн мэргэн оюун мэдэх зүйл гэдгийг эцэст нь тэмдэглэе.
URL:







