Очихоос зайлсхиймээр далайн эргүүд

Сүүлийн үед манай монголчууд амралтаараа, гэр бүлээрээ гадаад орныг зорин далайн эрэг дээр амрах болсон. Удахгүй зуны амралт эхлэн хаана амрахаа төлөвлөсөн байж болох юм. Гэтэл очих газраа сайн судалж үзээгүйгээс таны амралт бодсоноор чинь болохгүй байж болзошгүй. Яагаад вэ гэвэл, далайн эрэг бүр бидний бодсон шиг сайхан газар байдаггүй сул талтай. Тиймээс жуулчдад мэдэж байхад илүүдэхгүй очихоос зайлсхиймээр долоон далайн талаар танилцуулья.

БҮРХЭГ ДАЛАЙН ЭРЭГ

Блэкпүүл, Их Британи. Их Британи улс хэдийгээр чийглэг нойтон уур амьсгалтай ч хэд хэдэн амар тайван далайн эрэгтэй. Харин Блэкпүүл бол тэдгээрийн нэг биш ажээ. Тэнгэр нь ихэнхдээ бүрхэг байдаг болохоор Блэкпүүлд амрах гэж очсон хүмүүс бүхэлдээ уйтгарт автаж, стресст орох мэт санагддаг гэнэ.

ЗАЙ  ТАЛБАЙ  ТУЙЛЫН   БАГАТАЙ НЬ  ТАЙЛАНДЫН   ПАТТАЙЯ

Тайландын нийслэл Бангкокоос 150 километрийн зайд орших Паттайя хот нь бар цэнгээний газар, тайчих үзүүлбэрээрээ илүү алдартай. Паттайя далайн эргээр өнгө үзэмж, тод гэрэл бүхий зочид буудал, ресторанууд олон. Далайн эргээр нас тогтсон тарган эрчүүд “найз охид”-тойгоо зугаалан цэнгэлдэнэ. Гэр бүл, хүүхдүүдийн хамт амрахаар ирсэн жуулчдад энэ байдал огтхон ч таалагдаггүй бөгөөд ёс бус хэмээн ихээхэн гомдол гаргаж хотын захиргаанд хүргүүлдэг. Далайн эргийн дийлэнх зай талбайг тавцангийн суудал, шүхэр эзэлж шахцалдаан болдог тул наранд биеэ шарж амрах гэсэн жуулчдын тав тухийг алдагдуулж, ундууцлыг хүргэдэг байна.

ДАЛАЙН   ЭРГҮҮДЭЭС  ХАМГИЙН   ХӨЛ  ХӨДӨЛГӨӨНТЭЙ НЬ ШИНГХАЙ

Шингхай нэртэй эрэг дээр Хятадын нийт хүн ам тэр чигээрээ очсон мэт хөл хөдөлгөөн ихтэй. Мэдээж 1.3 тэрбум хүн тэнд багтахгүй л дээ. Далианы далайн боомтоос холгүй орших тус газар дотоодын жуулчдынхаа дунд алдартай төдийгүй газарзүйн хувьд байрлал сайтай учир Солонгос, Япон, Оросоос жуулчид олноороо ирдэг ажээ. Түм бужигнасан үед элсний барааг ч олж харах боломжгүй болдог байна.

ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ ДАЛАЙН ЭРЭГ АНУ-ЫН  ДОХЕНИ, КАЛИФОРНИ   МУЖ

АНУ нь 1000 милээс урт далайн эрэг, 100 хол давсан далайн эргийн хот, дэлхийн хамгийн сайхан мөн хамгийн их бохирдолтой далайн эргийн эх орон юм. АНУ-ын далай эрэг дундаас хамгийн их бохирдолтой нь Дохени. Байгаль орчны байгууллагуудын гаргасан тооцоо судалгаагаар Дохени нь хамгийн их бохирдолтой эргээр гурван жил дараалан шалгарсан байх юм. Бусад эргүүдийн үндэсний эрүүл мэндийн бактерийн стандарт нь 10 хувиас хэтрэхгүй байхад Дохени далайн эргийнх 90 хувь хол давсан тооцоо гарсан байна. Бохирдлын асуудлыг шийдвэрлэхээр судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2011 оноос АНУ-д бохирдлын эх үүсвэрийг тодорхойлохоор олон сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

ХАМГИЙН ИХ ДУУ ШУУГИАНТАЙ НЬ ГОЛЛАНДЫН АНТИЛИЙН  АРАЛ МАХО

Махо бол жаргалын далайн эрэг юм. Амтат коктейл ууж, шинэхэн далайн гаралтай хоол идэн алжаалаа тайлахад тохиромжтой гэмээр. Гэвч… Махо далайн эрэгтэй маш ойрхон олон улсын нисэх онгоцны буудал байдаг тул маш их дуу чимээтэй. Дөнгөж хөөрч байгаа эсвэл газардах гэж байгаа нисэх онгоц далайн түвшингөөс дээшхи хамгийн бага өндрөөр тус далайн эрэг дээгүүр нисч өнгөрдөг байна.

ХАВАЙН  АРЛЫН ХОГНООС БҮТСЭН  ГЭМЭЭР ЭРЭГ

Тус далайн эргийг бүрхэж байгаа хуримтлагдсан хогны 90 хувь нь хуванцар сав. Хуванцар хогны жижиг хэлтэрхийнүүд далайн эргийн элснээс ч их байх ажээ. Иймд хуванцар хогны хэлтэрхийг “хуванцар элс” гэж нэрлэсэн байна.

ХАМГИЙН  ОЛОН  ЗҮЙЛИЙН  ДУУ ЧИМЭЭ,  МАЛ  АМЬТАДТАЙ ДАЛАЙН  ЭРЭГ ЭНЭТХЭГИЙН  КАЛАНГҮТЭ

Калангүтэ гэдэг эрэг бол олон зүйлээрээ онцгүй боловч яг юу нь илүү муухай гэдгийг хэлэхэд хэцүү. Хүн ихтэй, дуу шуугиантай, эрээ цээргүй бүдүүлэг хүмүүс, үзэмжгүй зочид буудлууд байх. Үүгээрээ ч зогсохгүй далайн эрэг амьтдаар дүүрч, энд тэндгүй үхэр, золбин нохой гээд байхгүй юмгүй шахам ажээ.

Бэлтгэсэн Э.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих