“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг эзэмшихийн тулд заавал данс нээлгэх шаардлагагүй
Аж ахуйн нэгжүүдэд Таван толгойн хувьцааг худалдан авах боломжийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хамтран “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг аж ахуйн нэгжүүдэд хэрхэн зарах талаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Таван толгой”-н 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшихээр болсон. Харин 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд худалдан авна. 20 хувь нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалагдана. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд өнөөдрөөс хувь тэнцүүлэн олгож эхлэхээр болжээ. 4.1390 аж ахуйн нэгжид 36240 ширхэг хувьцаа ногдоно гэсэн Тооцоо гараад байна. Компаниуд татварын албандаа хувьцаа худалдан авах хүсэлт гаргана. Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг томоохон татвар төлөгчдийн хувьд харилцдаг газартаа хүсэлтээ тавих аж. Хувьцааны худалдааны тухайд брокер дилерийн компаниудаар дамжуулна. Хувьцаа худалдан авах хүсэлтэй компаниуд худалдан авах мөнгөө “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 3603005 тоот дансанд байршуулах юм байна. 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан, улсад татвар төлж байсан компаниуд хувьцаа худалдан авах эрхтэй гэнэ. Хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэд Засгийн газарт худалдана. Засгийн газар иргэдээс худалдаж авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд худалдах юм байна. Өнөөдрийн байдлаар нэг сая 490 мянган иргэн хувьцаагаа зарж мөнгө болгох хүсэлт ирүүлээд байна. Гэхдээ хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэдийн тоо эцэслэн гараагүй байгаа гэнэ. Бэлэн мөнгө авах өргөдөл гаргасан иргэд хувьцаагаа эргүүлэн авах хүсэлт тавиад байгаа аж. Энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа иргэдээс хичнээн ширхэг хувьцаа худалдан авахыг тотоох юм байна. ҮЦТТТХТ-ийн захирал Т.Гандуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хувьцаагаа худалдах хүсэлт өгсөн иргэд өргөдлөө буцааж байгаа гэж сая ярилаа. Хувьцаа ззэмших хүсэлтээ хаана гаргах вэ?
-Холбогдох хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргана.
-Хувьцааны үнийг ингэж тогтоох нь олон улсын хөрөнгийн бирж дээр гарахад сөрөг нөлөөтэй гэсэн болгоомжлол бий. Сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх баталгаа бий юу?
-Энэ бол нэрлэсэн үнэ биш. Нэрлэсэн үнэ зарлавал IPO хийхэд мэдээж маш сөрөг нөлөөтэй. Нэг талаас худалдан авъя гэсэн аж ахуйн нэгж, нөгөө талаас хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэдийн харилцааг зохицуулсан нэгж хувьцааны үнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Хувьцаа эззмших хүсэлтэй иргэдийн зүгээс заавал хийх ёстой зүйл гэж байгаа юу. Данс нээлгэх ч юм уу?
-Манайх 100 хувь төрийн өмчит компани. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг шууд хүлээн авч үнэт цаасны бичилтийн үйл ажиллагаа хийж байгаа. Заавал дансаа нээлгэж баталгаажуулах ёстой гэсэн юм байхгүй. Таван толгойгоос гадна өөр компанийн хувьцааг эзэмших гэж байгаа бол үнэт цаасны данс нээнэ. Харин зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай л хамаатай бол энэ компанийн хувьцааны хөөр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл данс нээлгэх гэж яарах шаардлагагүй. Сүүлийн үед гадуур янз бүрийн мессэж их явж байна. Зарим компани заавал манайд данс нээлгэж байж хувьцаа чинь баталгаажина гэж яриад байгаа. Тийм биш л дээ. Үнэт цаасны данс гэдэг бол үнэт цаасны харилцаанд оролцохын тулд тавигдах ёстой нөхцөл. Банкинд харилцах дансаа нээлгэж гүйлгээ хийдэгтэй адилхан үнэт цаасаа хөдөлгөөнд оруулахын тулд л дансаа нээлгэх учиртай.
Ц.БААСАНСҮРЭН
URL:













