Н.ЭНХБОЛД: МАН 25 ГИШҮҮНИЙ БИШ, ТЭДНИЙ АРД БАЙГАА СОНГОГЧДЫН ЭРХ АШГИЙГ БОДОЖ БАЙГАА

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-МАН-д албан ёсоор УИХ-ын бүлэг байгуулагдаагүй гэж бусад намынхан үзэж байгаа. Та нар ямар зарчмаар ажиллаж байна вэ?

-Бүлгийг УИХ бүрдсэний дараа биш, сонгуулийн үр дүнгээр байгуулдаг. Үндсэн хуулийн 24.1-д ингээд заачихсан. Доторх зохион байгуулалт, зарлах зэрэг нь техникийн чанартай асуудал. УИХ-ын тухай хуульд “Аливаа нам наймаас дээш суудал авсан бол Бүлэг байгуулах эрхтэй” гэж заасан. Манай нам нэг байтугай гурван Бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Тиймээс Бүлэг байгуулахгүй гэх нь утгагүй. Одоо Бүлгийн 99.99 хувь нь бүрдсэн. УИХ-ын даргад мэдэгдэх нь техникийн асуудал. Тиймээс бид Бүлгийн зарчмаар ажиллаад, шийдвэр гаргаад явж байна.

-Танай намын дарга УИХ-ын даргатай уулзаад зөвшилцөх Ажлын хэсэг байгуулъя гэсэн. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг “Ингэх шаардлагагүй” гэж үзсэн. Одоо ямар гарц байна вэ. МАН хэзээ УИХ-ын үйл ажиллагаанд оролцох вэ?

-Улс төрийн нөхцөл байдлыг харж байна. Мэдээж бид УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно. Бид Өвөрхангайн сонгогчдын саналыг илэрхий давуу авсан хоёр гишүүнийхээ нэрийг өргөн барихыг шаардаж байгаа. Хэдийгээр шүүх шийднэ гэж байгаа ч үүнийг бид хууль бус шийдвэр гэж үзсэн. С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгогдоод УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан. Бид шүүхийг шийдвэрээ өөрчилж, манайд ашигтай үр дүн гарга гээгүй. Шүүхийн өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргасан. Тиймээс дараагийн шатны шүүх энэ алдааг засаж, манай хоёр гишүүн, тэдний ард байгаа сонгогчдын эрхийг эдлүүлэх ёстой.

-УИХ-аас шүүх засаглалын бүрэн эрхэд халдах, нөлөөлөх эрхгүй. Тиймээс шүүх шийдэх асуудлыг УИХ-аас шаардах нь зохисгүй юм биш үү?

-Шүүхтэй холбоотой асуудлыг УИХ шийдэхгүй нь үнэн. Гэвч УИХ байтугай жирийн иргэн ч шүүхийг хуулийн дагуу ажиллахыг шаардах эрхтэй. Төрийн ажил үүнээс болж гацаад байгаа юм биш. Шүүх хууль бус ажиллагаагаа зогсоохыг бид хүлээж байна.

-Шүүхэд шаардлагаа тавиад л УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явж болохгүй юу?

-Тийм боломж бий, бид энэ талаар ярьж байгаа. Эвсэл болсон намууд Төрийн ажлыг явуулах нөхцөлөө бүрдүүлбэл бид нэг их удахгүйгээр үйл ажиллагаанд оролцоно. Бид хурлын үйл ажиллагааг хойш татах тухай яриагүй. УИХ-ын сонгуулиар МАН бараг 40 хувийн санал авсан. Тэгэхээр 600 гаруй мянган хүний төлөөллөөрөө дамжуулаад Төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох эрхийг нь эдлүүлэх асуудал энэ бүхний ард байгаа юм. Гэтэл лхагва гаригт Анхдугаар хуралдааныг хийе гэсээр байхад “МАН-тай, МАН-гүй ажиллана” гэж хандсан нь улс төрийн соёлгүй хэрэг. Мөн манай намыг сонгосон иргэдийг хүндэтгэхгүй байна. Үүн дээр тайлбар хүсэж байгаа. Тэд “МАН-гүйгээр болно, энэ намыг бөөцийлөх гэж УИХ байгуулаагүй” гэх мэт яриа гаргаж буй нь зохисгүй. Бид олонх байхдаа АН-ыг бөөцийлэх гэж Засгийн газарт уриагүй шүү дээ. Хамтраад ажиллая гэж урьсан. Алдаа дутагдал байгаа ч хамтраад олон ажил хийж чадсан. Тиймээс энэ бол хэн нэгнээ бөөцийлөх биш, хамтарч ажиллах асуудал. Нөгөө талаар бидэнтэй заавал хамтар гэж бас яриагүй. Хуулийн хүрээнд байх ёстой л гэсэн. Олонх болоогүй, бусад намтай харь цуулахад харин ч цөөнх болсон атлаа АН асуудалд ингэж хандаж болохгүй. Бид МАН-ын 25 хүний биш, тэдний ард байгаа төлөөллийн эрхийг ярьж байгаа.

-УИХ-д хамаарахгүй асуудлаар шаардлага тавиад Төрийн ажилд оролцохгүй байгаа нь МАН гомдоод буйн илрэл мөн үү?

-МАН тийм жижиг зүйлээр оролддог нам биш. Тийм зүйл байхгүй. Шүүхийн ажилд УИХ оролцохгүй ч Парламент байтугай жирийн иргэн түүнийг хуулийн хүрээнд ажилла гэж шаардах эрхтэй. Намын дарга нар уулзаад хяналтын тооллогыг ямар аргаар, хэзээ хийх вэ гэдгийг ярьж, зарч мын хувьд машины эргэлзээг арилгах талаар санал нэгдсэн. Шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөөс оролцох гээгүй, иргэний хувьд хуулийн хүрээнд ажиллаач гэж шаардаж байгаа юм. Өвөрхангайд болсон хэргийг нийслэлд нэг шүүгч сууж байгаад хуулийн буруу заалт хэрэглээд хүчээр шахуу гаргасан юм билээ. Улстөржсөн хэрэг гэж бид үүнийг харж байгаа.

-Цэцэд гаргасан гомдлыг хэзээ хэлэлцэх талаар мэдээ лэл байна уу. Санал нэгдэж чадвал Цэцийн шийдвэрийг хүлээхгүйгээрээ ажиллана гэсэн.

-Хяналтын тооллого дээр санал нэгдсэн. Өвөрхангайн асуудлыг шийдэх хэрэгтэй.

-УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэсэн байр суурьтай байгаа. Дахин санал хураах ёстой гэж үзэж байгаа юу?

-Дахин санал хураагаад баталгаажуулж болно. Түүнээс З.Энхболдыг дарга болгохгүй гээгүй. Зөвшилцөл дуусаагүй, цагаан цаасан дээр хар үсгээр биччихсэн хуулийн заалт байсаар атал АН-ынхан хэтэрхий яараад “МАН-гүй болно” гэсэн. Хууль зөрчиж хийсэн хуралдаанаас гаргасан шийдвэр хууль бус л байж таарна. Гэхдээ энэ асуудлаар ойлголцоод, цааш ажиллах боломжтой. Хоёр талаасаа бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадвал үүнийг ямар ч аргаар шийдэж болно.

С.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих