АН-ынхан ус үзэлгүй хормой шуув
АН парламентад олон суудал авч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай эвсэж Засгийн газраа байгуулахаар болсон. Хэдийгээр тэр нь ч, энэ нь ч шантаажилж байна гэмээн төрийн ажил гацаанд орсон тухай ярьж байгаа ч АН-ынхан арай л эрт хормой шуугаад эхлэв бололтой. Аливаа асуудлын эхийг харалгүй халшрахаар “Ус үзэлгүй хормой шуулаа” гэдэгсэн. Яг л үүнтэй адилаар эвслийн Засгийн газар байгуулна гэдгээ мэдэгдээд удалгүй өнөөгийн Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүдийг дахин нягталж үзэхээр ажлын хэсэг байгуулсан.
Ардчилал хөгжсөн цагаас хойш ард түмэн хоёр дахь удаагаа засгийн эрх барих эрхийг АН-д өгч буй нь энэ. Олонх биш ч олон суудал авч, бусад намтай эвсэхдээ 75:25 харьцаатайгаар Засгийн газраа байгуулахаар тохирсон учраас АН ачааны хүндийг үүрнэ. Өөрөөр хэлбэл, сайныг тэр хэвээр нь, саарыг нь сайжруулахын төлөө зүтгэх үүрэг АН-ынханд ногдлоо.
Ямартай ч АН-ынхан эвслийн Засгийн газар хүлээлтийн горимд шилжчихээд байгаа энэ үед өнөөгийн Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүдэд их л нухацтай хандахаар төлөвлөжээ. Учир нь хамтарч яваад гэнэт “морио юүлсэн” тэд МАН-ыг дангаараа Засгийн газрыг авч явахдаа “холион бантан” хутгасан гэж дүгнэжээ.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүд тангаргаа өргөсөн цаг үеэс хойш Засгийн газраас гаргасан шийдвэр бүрийг нухацтайгаар авч үзэхээр шийдэн ажлын хэсэг байгуулсан. Тухайлбал, Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих гэх мэтийн нууц байсан зүйлүүдийг баталж, хууль зөрчлөө гэсэн мэдээлэл хийгээд байгаа.
Мөн хуулиар тогтоогоогүй, төсвийн хуулиар заагаагүй, бусад олон асуудлыг Засгийн газар яаран сандран шийдлээ хэмээн АН-ын дарга Н.Алтанхуяг хэлж байсан. Түүнийхээр бол Засгийн газар төсөвт суугаагүй, хөрөнгө нь байхгүй маш олон асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл учраас Засгийн газар байгуулагдсанаар дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох асуудал ч яригдаж буй бололтой. Гэхдээ энэ бол саяхны үйл явц.
Тэд Засгийн газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Эх орны хишиг” сая төгрөгийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн олгож эхэлсэнд тун ч дургүй байгаа. Тэгэхдээ гурав хуваан, Эхний ээлжинд 330 мянгыг, сонгуулийн өмнө дараагийн 330 мянган төгрөгийг тараасныг буруутгасан. Мөн үлдэгдэл 340 мянган төгрөгийг удахгүй олгоно гэж байгаа ч санхүүжилт байхгүй, Төрийн сан хоосорсноос Засгийн газар Монголбанкнаас мөнгө зээлсэн хэмээж байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр, Хөгжлийн банкнаас ч мөнгө зээлсэн хэмээх бор шувууг нисгэж байна. Гэтэл үнэн хэрэгтэй МАН, АН аль аль нь “Амласан бэлэн мөнгөө ард түмэн та нартаа олгосон шүү” гэсэн сурталчилгааг сонгуулийн үеэр баруун, зүүнгүй цацаж, ёстой хүн бүрт үг дайж, шувуу бүрээр захиа дайсан. Энэ бол хамгийн энгийн, наад захын жишээ.
“Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр гурван жил гаруй хамтарч явснаа гэнэт засгаас гарч, зангаа хувиргасан хүмүүс өдгөө яавал бурууг тэдэнд чихэж болох вэ гэдэгт тархиа гашилгах шаардлагагүй. Тиймээс л одооноос эвслийн Засгийн газар байгулагдахаас өмнө өнөөгийн Засгийн газрын улыг шагайх аргаа хэрэглэж эхлэв бололтой.
”Өглөөний сонин”
URL:













