Н.Энхбаярын хамсаатан Ж.Мягмаржаргал гэж хэн бэ

Идэр залуухан Соёлын сайдын суудлаас улстөрийн зам мөрөө засч УИХ-ын гишүүн гээд төрийн бүхий л өндөр, дээд албан тушаалд заларсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гаригт авлигын хэргээр ял сонслоо. Тэрбээр ганцаараа торны цаана суучихав уу гэвэл үгүй.
Түүнтэй үгсэн хуйвалдаж, долоон тэрбум төгрөг нааш цааш гуйвуулсан нэр бүхий гурван хүн бий. Үүнд “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Д.Дуламсүрэн, “саятан” хочит Ж.Мягмаржаргал нар байв.
Тэд чухам ямар үг, үйлдлээрээ Ерөнхийлөгч асны гар хөл болж, хамт аавын хаалга татах болсныг орон даяар шууд дамжуулсан шүүх хурлын үеэр нэг бүрчлэн яригдсан учир дахин дурдах нь илүүц. Харин Н.Энхбаяртай хамгийн ойр байж, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрийдлээр цөөнгүй төгрөг тоншсон Ж.Мягмаржаргал гэгч хэний хэн, ямар зам мөртэй хүн болохыг тодруулъя.
Жамбалын Мягмаржаргал Увс аймгийн Өндөрхангай суманд 1963 онд төрсөн. Түүнийг хуульч мэргэжилтэй гэх ч мэргэжлээрээ ажиллаж гавьсан түүх үгүй юм.
Сая шүүх хурлаар ял авах хүртлээ “Жаргалан” хотхонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байжээ. Эрхэм “саятан”- ыг “Зууны мэдээ” сонины ТУЗ-ийн даргын албатай гэх мэдээлэл байдаг ч үүнийг батлах хүн үгүй юм билээ.

Ж.МЯГМАРЖАРГАЛ БОЛ О.ЦОЛМОНГИЙН ҮЕЭЛ

Өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар экс Ерөнхийлөгчид ял оноогоод зогсохгүй, мөнгөн торгууль ч ногдуулсан юм. Үүний дунд 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт гаргуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. Н.Энхбаяр ийнхүү улсын үйлдвэрт өртэй болж хоцорсон нь түүнтэй хамт ял сонссон Ж.Мягмажргал гэгчтэй шууд холбоотой.
Н.Энхбаяр нарын хавтаст хэрэгт буйгаар БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэх хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан, их хэмжээний мөнгө залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон юм.
Харин дээрх хоёр компанииг төлөөлөн Ж.Мягмаржаргал зуучлан хэд хэдэн удаа гэрээ хийсэн нь нотлогдсон байдаг. Тэрбээр ган бөмбөлөг нийлүүлэх урьдчилгаа төлбөрт дөрвөн сая шахам ам.доллар авсан нь ч тогтоогджээ. “Эрдэнэт” үйлдвэр рүү Н.Энхбаярын тусламжтайгаар зуучлагч болж шахааны бизнесээ хийдэг байсан аж.
Төрийн тэргүүний тусламжтайгаар бизнесээ төвөггүйхэн явуулсныхаа дүнд Н.Энхбаяртай ашиг хуваадаг байсныг ч хуулийнхан тогтоосон.
Удаа дараа Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч байсан Ж.Мягмаржаргал О.Цолмонгийн үеэл аж. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр эхнэрийнхээ үеэл Ж.Мягмаржаргалын бизнесийг цэцэглүүлж, “саятан” хэмээх хоч автал нь даваргасныхаа горыг ийнхүү амсч байна.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ХЭДЭН САЯЫГ ЦАЦДАГ БАЙСАН НЬ Ж.МЯГМАРЖАРГАЛЫГ “САЯТАН” ХОЧТОЙ БОЛГОЖЭЭ

Н.Энхбаяр нарын хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2 дахь заалтуудыг үндэслэн ял оноосон юм. Эдгээр нь төрийн дээд албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас бусдад их хэмжээний хохиол учруулсан. Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх тайлбартай.
Харин Ж.Мягмаржаргалд мөрдөн байцаалтын явцад ЭБШХ-ийн 243.2 гэх зүйл ангийг нэмсэн. Энэ нь “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг давтан зохион байгуулсан” гэх зүйл анги.
Түүний “саятан” гэх хоч ч энэ зүйл ангитай холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр томоохон мөрийтэй тоглоомын газруудаар орж гарахдаа хэдэн саяар нь тавьж тоглодог байсан нь “Саятан” гэх хочтой болгожээ.
Энэ ч утгаараа уг хэргийн шүүх хурлын явцад улсын яллагч гэрчийн мэдүүлгийг уншиж танилцуулж байх явцад “саятан” Ж.Мягмаржаргал гэх нэр хэдэнтээ дурдагдаж байсан.
Ийнхүү танил тал, арын хаалга, хамаатан садны хамтын бизнес шүүхээр шийдэгдлээ. Анхан шатны шүүхээс ял сонссон Н.Энхбаяр нарын өмгөөлөгчид давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Харин дараа дараагийн шатны шүүхээр орохдоо эрхэм Ерөнхийлөгч асан, “саятан” хамаатнаа хэрхэн “чирэхийг” харах л үлдэж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих