ТЭД АМАНДАА ОРСОН ҮНЭЭ ХЭЛЖ, БИД АМЫГ НЬ ДАГАН ХУДАЛДАН АВСААР БАЙХ УУ?

Нэгдүгээр ангид орох дүүдээ цагаан цамц, хослол авахаар “Sunday” дэлгүүрийн зүг оройхон гарч ширүүхэн дайрлаа. Шөнийн 21:00 цаг болж байсан ч дэлгүүр доторх хүмүүсийн тоо багасах янзгүй харин ч улам нэмэгдэн, хаалгаар нь шахцалдан байж орлоо. Дэлгүүрийн эргэн тойронд ч мөн адил чихэж байрлуулсан олон машинууд зам таглан бөглөрөл үүсгэжээ. Том тортой зүйл барьсан оюутан сурагчид болон эцэг эхчүүд лангууны урд талын нарийн замаар мөргөлдөн, шүргэлцэн арай гэж зөрцгөөнө. Эцэг эхчүүд лангуу бүр л барааны үнэ эрс нэмэгдсэн байгааг гайхан дуу алдаж байв.Үнэхээр ч хамгийн хямд бараа 20.000 төгрөгөөс эхлэх аж. Ихэвчлэн оюутан сурагчид худалдан авалт хийж харагдах ба худалдагч тэдэнд шинэ загварын бараагаа танилцуулж ганц ширхэг үлдсэнийг сануулангаа тэнгэрт хадсан өндөр үнэ хэлээд авна.

 

Мэдээж залуусын хувьд гадаад үзэмж тун чухал. Одоо ч залуу насаараа чимэх бус үнэтэй брэнд, загвартайг нь өмсөж залуу насыг чимдэг болж. Удалгүй дэлгүүр хаах цаг дөхөж худалдан авагчдад гарахыг сануулж эхэллээ. Тэгээд миний бие гарах гэж яваад санамсаргүй болоод санаатайгаар хэдэн худалдагч хүүх­нүүдийн шивнээг сонсчихов. “Энэ сардаа багтааж хэдэн хуучин бараагаа өндөр үнээр шахчихвал ашиг ч жинхэнээсээ гарах гээд байна шүү” гэхэд, өөр нэг хүүхэн “Угаасаа ийм цагаар л амжуулах хэрэгтэй. Тэгээд ч намар дөхөөд барааны үнэ нэмэгддэг хуультай болчихсон биз дээ”, “Тэр ч тийм л болж байх шиг байна. Урд хөрш хүртэл юмныхаа үнийг нэмээд баригдахгүй болж байхад бид ч гайгүй байна шүү” хэмээн хэлэлцэж байлаа. Ийнхүү тэд барааны үнийг нэмж өндөр үнэ тогтоогоод авах санаатай байгаагаа нуулгүй шивнэлдээд авлаа. Өдрийн хоолоо залгуулах гэж хилийн чанадаас гахай чирдэг энэ хэдэн хүүхнүүдийг харааж ерөөх аргагүй. Гэхдээ ийм явцуу бодолтой байгаа нь харамсалтай.

 

Өөрсдийг нь дуурайж хэчнээн лангуу үнээ нэмдгийг, салхинд нь тогтдог жижиг дэлгүүрүүд дагаж дэрвэн яаж дураараа авиралдгийг тэд мэдэхгүй. Хаанаас энэ их үнийн хөөрөгдөл гараад байна вэ. Мэдээж үнийн  хяналт­гүй худалдаа болоод худал­дан авалтаас. Манайхан ч авсан бараа­ны­хаа үнийг бусдад гурав нугалж хэлдэг улс. Үнэтэй юм өмсч, зүүж, идэж, ууж байвал сайхан харагдаж чанартай амьдарч байна гэж үзнэ. Чанарын үнэлгээг үйлдвэрлэлт үйлчилгээнээс хардаг учиртай. Гэтэл хэн нэгний хэлсэн “Үнэ дагаж чанар” хэмээх утгагүй үгнээс болж хүмүүс үнэтэй бүхэн рүү сарвайдаг болчихож. Хэрвээ ингэж дураараа үнэ тогтоогоод байвал хэдэн бор төгрөгний цалинтай ард түмэн бус хил дотор нь багтдаг худалдаачид өөрсдөө ч дийлэхээ болих цаг тун ойрхон байна. Мөнгөний үнэ цэнэ ард түмний гараар үнэгүйдэж эхлэхэд төр засгийн хяналт ч оройтсон байх болно. Уг нь дэлхийн орнууд баяр ёслол ойртох тусам хямдрал зарлаж, хөнгөлөлт урамшууллаар бэлэг барьдаг байхад, манай улс л баярын өдрүүдэд үнээ нэмнэ гэж сэтгэлийн дарамтаар булж байх юм. Хэзээнээс манай эдийн засагчид ард түмний мөнгөн тэмдэгтийг барьж, ямар ч хяналтгүй болсон эдийн засгийн уналтыг мэдрэх вэ. Удахгүй та бид нэг талх авахын тулд нэлээн хэдэн мянгат сарвайх цаг ирэх вий. Тэр үед намар дөхүүлж шинэ хувцас авдаг байсан сайхан дурсамж л үлдэнэ.

Ц.Хан-Хөхий
undesten.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих