Төрийн албаныханд баярлалаа

Ардчилсан засаг бүрдэж, нийслэлийн Засаг дарга ажлаа хүлээж авснаас хойш хүнд суртлын уул уурхай болсон төрийн албыг цэгцэлж эхэлж байх шиг байна. Юуны өмнө яам, тамгын газрын үүдний зогсоолыг ард иргэдэд чөлөөлж өгөхийг төрийн албаныханаас хүсэв. Эхнээсээ хүсэлт ёсоор болж, зарим төрийн байгууллагын зогсоол шингэрсэн харагдана билээ.

Ард түмнээ хүндлэх сэтгэл гаргаж, журмын дагуу ч болов автомашиныхаа зогсоолыг чөлөөлсөн төрийн албаныханд баярлалаа. Энэ юу ч биш, яамдын тоог нэмж, үүргийг салгахын зэрэгцээ хэрэгтэй, хэрэггүй агентлагуудыг татан буулгаж байх шиг байна.

Албаны хүмүүсийн тооцоогоор 300 орчим төрийн албан хаагч ажилгүй болох юм байх. Эрхэм дарга нар хамаатан садандаа ажил олгох гэж байгуулсан хэрэггүй агентлагууд татан буугдаж байгаа нь сайшаалтай. Тэгээд ч үүнийгээ ухамсарлаад, жагсч тэмцэхээ больж, дараагийн ажлаа бодохоор болж байгаа төрийн албаныханд дахин баярлалаа.

Ойрноос төрийн албан хаагчдын компьютерийг интернэтээс нь салгаж, хязгаарлаж байгаа сурагтай. Харин бүх төрийн байгууллагууд хоорондоо дотоод сүлжээгээр холбогдож, хэрэгтэй мэдээллээ солилцож байх юм гэсэн. Тэр зохицуулалт нь ч яах вэ, маньд ямар хамаатай биш. Харин төрийн албаныхан мессенжердэж суухгүй амар болсон нь сайхан байна. Хаа газар очоод үйлчлүүлэх гэхээр нэг л их завгүй мэргэжилтнүүд бөгсөө даахгүй, үгээ зөөж ядаад, мессенжэрдээд, фэйсбүүкний тетрис “нүдэж”, өөрийгөө зугаацуулаад сууж байдаг байсан.

Аль ч төрийн байгууллагаас ийм байдал ажиглагддаг байсан нь маргашгүй үнэн. Бүх ажилчид нь тэгдэг гэсэн юм биш. Тийм хүнд сурталтай хүмүүс олонхи нь байгаа юм. Харин одоо тэд интернэт хэсч, шалдан хүүхний зураг үзэхгүй, мессенжэрээр шалиглахгүй болохоор завтай байх нь мэдээж. Бүр тодруулбал, заваараа ажлаа хийдэг байсан бол одоо ихэнх цагаа ажилдаа зарцуулна. Цаашлаад иргэдтэй уулзах ч завтай болж байгаа юм.

Ингэж ажлын төлөө тэмцэж, иргэдтэй уулзах завтай болж байгаа төрийн албаныханд баярлалаа. Одоо нэг зүйл нэммээр байна. Төрийн албаныхныг жинхэнэ үйлчлэгч нар болгох хэрэгтэй. Цайны цагаас хойш 5-10 минут хоцорч орж ирвэл, иргэдийг үл тоож, хүнд суртал гаргавал, хэл амаар доромжилбол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Ийм шийдвэр гаргаад, журмаа баталчихвал Засгийн газар, хотын даргадаа баярлах байна.

Н.Болд


URL:

Сэтгэгдэл бичих