Оройн зугаалга

Ги де Мопассаны нэгэн өгүүллэгийг орчуулснаа илгээлээ.

Т.Дашбалдан, Невада мужаас.

Ги Де Мопассан

Оройн зугаалга

Лабусегийн компаниудын охин компаны нэг бяцхан хуулийн салбарт нягтлан бодогч ажилтай Лерас ажлынхаа өрөөнөөс гарч ирээд шингэж буй нарны хурц гэрэлд алмайран хэсэгхэн зогсов.Тэрээр шүүхийн байшингийн нарийхан урт хонгилын хамгийн мухрын өрөөнд хийн дэнлүүний бүгт шар гэрэлд өдөржингөө толгой өөд татахгүй ажиллаад гарч ирж буй нь энэ юм.Түүний амьдралынхаа дөчин жилийг өнгөрөөсөн тэр уйтан өрөө цаг үргэлжид,тэр ч байтугай зуны дунд сард ч харанхуй байх бөгөөд хийн халаагуураа арван нэгэн цагаас гурав хүртэл асааж дулаацахчаа аядана.

 

Цонх маягийн нүхнүүдээр гаднаас гэрэл орж ирмэр болох боловч хөгц,муу усны үнэр дагуулах нь хэцүү. Лерас энэхүү “шорон”-доо өглөө бүр яг найман цагт ирж оройн долоо хүртэл данс бичигтэй ноцолддог үнэнч шударга албат юм.Тэрээр ажилд орохдоо жилд мянга таван зуун франк хуримтлуулдаг байсан бол одоо жилд гурван мянган франк хураадаг болжээ.Тэр эхнэр авахыг дэмий зүйл гэж боддог болохоор өнөө хүртэл гэрлэсэнгүй.Тэрээр баяр хөөр болж байсан удаагүй,угаас баярламаар юм түүнд таараагүй гэсэн үг.Цагийн цагт нэг хэмийн үргэлжилсэн,уйтгартай ажил хийж ядардаг ч “хэрвээ би таван мянган ливрийн орлоготой болвол миний амьдрал ч бас болоод явчих юм шүү “гэж хошигнодог байв.Сарын цалин буухаас өөр сонирхолтой зүйл түүнд таараагүй болохоор түүний амьдрал аливаа нэг учрал тохиол,сэтгэл хөдлөл,тэр ч байтугай хүсэл горьдлогогүй өнгөрчээ.Бусдын адил тушаал ахиж,өсөж дэвжихийг бодож явсангүй.Хорин нэгтэйдээ тэр өрөөнд орж ирсэн,тэгээд өвөөг хүртэл тэндээ л байж байгаа гэсэн үг.

1856 онд эцэг нь,1859 онд ээж нь өөд болжээ.Тэр цагаас хойш байрных нь эзэн түрээсээ нэмснээс болж нэг удаа нүүдэл хийснийг эс тооцвол түүний амьдралд сургамж болохоор,санан дурсахаар юм үлдсэнгүй.Өглөө болгон яг зургаан цагт цагны сэрүүлэг гэгч аймшигт дарангуйлагч орноос нь хөөж босгоно.Харин хоёр удаа,1866,1874 онд сайхь гайхал дуугараагүй удаа тааралдаж байсан боловч чухам яагаад вэ гэдгийг ойлгоогүй өнгөрчээ.Тэр өглөө хувцаслаад,ороо хурааж,өрөөгөө шүүрдэн түшлэгт сандал болон шүүгээнийхээ тоосыг арчих бөгөөд тэр болгонд цаг хагас зарцуулагдана.Ингээд гадагшаа гарч Лаксур нэртэй талхчины газраас ганц ороомог талх худалдаж аваад ажил руугаа явах замдаа иднэ.Түүний бүх амьдрал бас нэгэн хэвийн хээтэй ханын цаас бүхий өрөөнд өнгөрсөн нь сонин.Тэр цагтаа залуухан ажилтан, ноён Бурмент гэгчийн туслахаар энд орж түүний орыг залган суусаар өдий хүрсэн хэрэг.Энэ ажлыыг авсанаар ер нь ч цаашид хүсэх тэмүүлэх юмгүй болсон гэсэн үг.Бусад хүмүүсийн намтарт байдаг гэнэтийн учрал тохиол,амттай,эсвэл эмгэнэлтэй хайр сэтгэлийн паян,аян замын адал явдлууд ,ер нь сул задгай,аз туршсан юм болгон түүнд тун ч хахь хөндий,байж болшгүй зуйл мэт ойлгогдоно.Түүний амьдралаа өнгөрөөсөн өдөр,долоо хоног,сар,тэгээд улирал,жилүүд ав адилхан.Өдөр болгон ижил цагт босч,гэрээсээ гарч,ажил дээрээ ирж,гарч үдийн хоол идэж,ажлаа үргэлжүүлэн хийж,орой нь гэртээ харьж,адилхан үйлдэл,үйл хэрэг,бас адилхан бодолтой он жилүүдийг үджээ. Тэрээр аав,ээжээсээ өвлөж авч үлдсэн хонгор шаргал сахал,буржгар үсээ жижиг дугираг толиндоо өмнө нь байнга хардаг байлаа.Одоо ч гэсэн өглөө гарахаасаа өмнө цагаан болсон сахал,халзан толгойгоо сайхь толиндоо харсан хэвээр.Аав,ээжийнх нь бие барснаас хойш урсаж өнгөрсөн дөчин жил урт атлаа түргэн,бас дээр нь дурсан санах сайн,муу юм юу ч үгүй,нойр хулжиж хоносон нэг урт шөнө адил гунигтай санагдах болжээ

 

Тийнхүү Лерас гудамжны аман дээр шингэх нарны туяанд алмайран хэсэг зогссоноо гэртээ харихын оронд жилд сайндаа л орой хоол идэхийнхээ өмнө дөрөв,таван удаа гадуур гардаг заншлаараа салхинд жаахан явахаар шийдлээ.Явсаар байгаад дөнгөж цэцэглэж эхэлж буй моддын доогуур хүмүүс холхин зөрөлдөх өргөн чөлөө орж явчихлаа.Хүмүүний сэтгэл зүрх гижигдсэн хаврын нэг тийм зөөлхөн анир амьсгаа бүхий дулаахан үдэш болж байв. Лерас настай хүний цэмцгэнэсэн гоёмсог атлаа зөөлхөн алхаагаар алхаж явахдаа үгээр илэрхийлэхийн аргагүй ер бусын баяр баясгалан агаар салхиар дамжин өөрт нь мэдрэгдэж буйг анзаарч явлаа.

Ийнхүү явсаар  Елесейн гудамж хүрэхийн цагт сэвшээ салхиар хөллөж ирсэн залуу насны эрч хүч өөрийг нь сэргээж буйг мэдрэв.Орчлон бүхэлдээ цэлмэн туяарч Ялалтын хаалга шингэж буй наранд тэнгэрийн хаяаны наана ямар нэг гал түймэртэй тэмцэж буй аварга биетүүд шиг харагдана.Тийнхүү нас дээр гарсан нягтлан бодогч Алдарын цогцолборын ойролцоо хүрч ирээд өлсөж буйгаа мэдэрч ойролцоох дарсны мухлаг руу зүглэлээ.Өвгөнийг мухлагийн үйлчлэгч байшингийн өмнө этгээдэд явган замын хажуу талд байх задгай хоолны газарт суулгаж хонины ялз чанасан шийр,чанаж болгосон цоо шинэ буурцагт ногоогоор хачирласан шанцайгаар үйлчилсэн нь Лерасын хувьд идэж үзээгүй хамгийн тансаг чамин зүйлс байлаа.Тэрээр Брие бяслагийг жижиг шилтэй сайн чанарын Бордеокс дарсаар дэвтээн байж идэж үзэв.Тэр болгон бас кофее уугаад байдаггүй болохоор дараа нь аяга кофее ууж хойноос нь бас зүгээр байсангүй нэг жижиг аягаар архи татчихлаа.Төлбөрөө хийж байхдаа ер бусын сэргэлэн цовоо,нэг тийм омог бардам сэтгэл төрж буйгаа мэдрээд явчихав.Мухлагаас гараад явж  байхдаа “алхсаар байгаад Бойс Боулогнегийн өргөн чөлөө орох юм шүү,явган явах миний эрүүл мэндэд сайн даа” гэж бодож явав.Ийнхүү алхаж явахдаа хөршүүдийнх нь олон жилийн өмнө дуулдаг байсан дууны нэг бадаг гэнэтхэн санаанд нь орж ирэв.

Цэцэрлэг ногоорон сэргэхэд

Цэнгэг агаар амьсгалахаар

Надтай хамт яваач хонгор минь гэж

Миний зоригт амраг хэлдэгсэн..

Тэрээр дуугаа амандаа зөөлөн аялж эхэлснээ хэд дахин давтаатхав.Салхи ч үгүй туйлын амгалан нэг сайхан шөнө Парисыг нөмөрлөө.

Лерас Боулегнегийн өргөн чөлөө даган алхаж явахдаа хажуугаараа өнгөрөх морин тэрэгнүүдийг харж явлаа.Хойно,хойноосоо цувран өнгөрөх тэдгээр сүйх тэрэгнүүд дээр хурц гэрэлтэй дэнлүү асаасан байх бөгөөд нэг тэргэн дээр тэврэлдэн яваа хосын бүсгүй нь гэрэлтсэн цагаан,харин эрэгтэй нь хар өнгийн хувцастай байхыг хальт хараад өнгөрөөв.Ажиглаад байхнээ тэрхүү од түгсэн шөнийн тэнгэр доор цувран өнгөрөх морин тэрэгнүүд болгон дээр тийм хосууд суусан байх аж.Тэрэгнүүд өнгөрсөөр л.Тэргэн дээр сууж өнгөрөх хосууд түшлэгт сандлаа налан чимээгүйхүн тэврэлдэн сууцгааж,хийсвэр ертөнцийн их дайдад төөрөн, сэтгэлийн цэнгэл эдэлж,хөөр баярын туйлд ойртон очсон нь мэдрэгдэх аж.

Хайрынх нь галд салхи жавар ч сульдаж сулармаар тийм нэг үдэш бүхэлдээ тэрхүү хосуудын үнсэлтэд умбаж буйг өвгөн харж явлаа.Тэврэлдэн өнгөрч буй тэдгээр хосууд бие биендээ галзуурсан мэт шунан тэмүүлж буй нь Лераст мэдрэгдэж байв.

Сүйх тэргэн дээр тэврэлдэн яваа тэдгээр хосууд ив ижилхэн хүсэл тэмүүлэл,санаа бодолдоо хөлчүүрхэн,тэрхүү хөлчүүрхэлээсээ болж халуурсан мэт санагдана.Тэрэг,тэргээр өнгөрч буй хайр энхрийлэл нарны цацраг мэт сэтгэлийн сүв болгоноор нэвчин орох нь гайхалтай ажээ.Лерас явдалдаа жаахан ядарч нэгэн модон сандал дээр түр сууж сайхь хайрын сүйх тэрэгнүүдийг үргэлжлүүлэн хармаар санагдав.Гэтэл яг хажууд нь нэг эмэгтэй ирээд суучихлаа.Тэгснээ тэр,”Залуу минь чамд үдшийн мэнд хүргэе”гэв.Лерас дуугарсангүй.Нөгөө бүсгүй “Чамд хайртай бүсгүй хэрэггүй юу?”гэв.”Та нэг л хүн андуураад байх шиг байна аа даа,хатагтай”.Бүсгүй Лерасын гарыг бариад авлаа.”Наашаа болооч дээ,юунд нь зэнзийрхээд байгаа юм бэ,Би чамд…”Лерас ухасхийн босч сайхь бүсгүйгээс холдсон боловч саяны явдалд сэтгэл нь давчдан зүрх нь эвгүйрхэх аж.Бухимджээ. Цаашаа зуу алхав уу,үгүй юү өөр нэг бүсгүй замыг нь хэрлээ.

”Надтай цуг жаахан суугаач дээ,хөвүүн минь,тэгэх үү?”

“Та хартал буруу зам руу орж эвдэрсэн хүн шиг байна шүү.”

“ Бурханы нэрийг барьж тангараглъя,би үргэлж ингэж явдаг хүн биш.”

“Тэгвэл чи яагаад намайг ийнхүү оролддог билээ?” гэж Лерас зөөлөн дуугаар асуув.”Амьдрал шүү дээ” гэж бүсгүй хэлээд ямар нэгэн дуу аялж холдон одох нь тэр ээ.Лерас бүр гайхаж хоцров.Хажуугаар нь өнгөрч буй бүсгүй болгон өөрийг нь өдөж оролдох аж.Ямар нэг харанхуй хар юм өөрийнх нь зүрх тархинд орж ирээд суучихсан юм шиг санагдав.Тэр хэд алхсанаа дахиад нэг вандан сандал дээр суугаад авлаа.Сүйх тэрэгнүүд цувж өнгөрсөөр л.”Буруу юм хийчихэв үү дээ,би.Энд ер нь дэмий ирлээ дээ” гэж тэрхэн зуур бодоотхов.Тэгснээ энэ үдшийн үзэж харсан юмс,хайр хийгээд үнсэлт,дурлал хийгээд урвалт,мод болоод түүний мөчир нүднийх нь өмнүүр урсан өнгөрөх мэт сэтгэгдэл төрөв.Хайр дурлал гээч юмны тухайд тэр төсөөлөхөөс цаашгүй явсан аж.Тэр амьдралдаа хэзээ ч хоёр юмуу гурван амраг хайрттай байж болох тухай төсөөлж байсан удаагүй,угаасаа ч тийм байх нь байтугай тийнхүү төсөөлөх  нь ёс бусын хэрэг гэж бодох байсан биз.Энэ тухай боджээ суухад амьдрал нь бүхэлдээ түнэр харанхуй,туйлын баргар,даанч мөлгөр,бас хов хоосон явж ирсэн мэт бодогдоотхов.Аз ивээсэн өдөр амьдралд нь нэг ч тохиосонгүй.Өнгөрсөн амьдралаа дүгнэн бодсон шиг ийнхүү сууж байхад амьдралынх нь бүхэл агшин тун ч хөөрхийлөлтэй,өнгөрсөн нь ч,одоо нь ч,бас ирээдүй нь ч тийм байсан,байгаа,байх болно гэдгийг ухаарч байв.Амьдралынх нь өдөр хоногууд хоорондоо ав адилхан,ард нь ч,өмнө нь ч,орчинд нь ч,бас зүрх сэтгэлд нь ч,ер хаана нь ч ,юу  ч байхгүй хоосныг мэдрэх нь аймшигтай байлаа.Сүйх тэрэгнүүд түрүүчийн адил өнгөрсөөр байх бөгөөд хажуугаар өнгөрөх бүрт нь онгорхой цонхных нь жоохон нүхээр тэврэлдэн яваа хосуудыг хальт харж байв.Энэ нь түүний хувьд хүн төрөлхтнийг бүхлээр нь сэтгэл ханамж,баяр баясгалан,аз жаргалтай нь цуг хөндлөнгөөс харж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Маргааш ч ганцаараа,цаашид ч ганцаараа,ер нь түүн шиг эгнэгт ганцаараа байх хүн өөр байхгүй мэт санагдана.Тэрээр босоод хэд алхсан боловч зөндөө хол явсан юм шиг ядраад дараачийн сандал дээр очоод суучихлаа.Амьдралд нь түүнийг хэн нэг хүн хүлээж байсан удаа бий бил үү?Түүнд өөрт нь ямар нэг хүсэл горьдлого байсан удаа бий бил үү?Үгүй дээ.Хүүхдүүд нь шуугиж шулагнасан гэртээ харих нас ахисан хүнд ямар сайхан байдаг бол гэж тэр бодлоо.Гэртээ оруут ач,зээ нар нь тойрч шулганалдаад  халуун дулаан уур амьсгал зүрхийг нь дулаацуулдаг байж таарна даа гэж төсөөлөв.Тэгснээ эмх цэгцтэй атлаа уйтгартай,ер ажынх нь муу хавчиг өрөөнөөс ч уйтгартай өөрөөс нь өөр хэн ч ордоггүй хөндий хоосон өрөөгөө саяхны нь бодож төсөөлсөн өнөр өтгөн өмьдралтай харьцуулан бодоод сэтгэл зүрх нь хөндүүрлэн шаналав.Тэр сууж байсан сандал дээрээ хэсэг суулаа.Түнийг сууж байхад тэр сандал дээр хэн ч ирсэнгүй,бас хэн ч түрүүчийн адил түүнтэй ярих гэсэнгүй.Яагаад ч юм бэ,хүмүүсийн яриа өөрт нь сонсомдмооргүй нам гүм нөмөрсөн байв.Хүмүүсийн амьдардаг ертөнц ,тэдний нүүр царай,хэл яриа,ер юм болгоныг тусгаарласан хана хэрэм босгочихсон мэт.Өнөр өтгөн ам бүлийн амьдрал  ямар ч асуудалтай байлаа гэсэн ганцаардмал,гунигт амьдралаас илүү аз жаргалтай байж таарна гэдгийг өвөө жаахан ойлгожээ. Гэтэл түүний гэр өөрийнх нь дурсан санах юм юу ч үгүй амьдрал шиг хов хоосон байдаг.Тэр,хоосон өрөөндөө гав ганцаар унтаж босоод мөн л улиг болсон ав адилхан өдрүүдтэйгээ золгоно,гэртээ ч,ажил дээрээ ч ав адилхан юм хийнэ,тэр болгон нь Лераст анх удаагаа аймшигтай санагдаад ирэв.Тэрээр гунигт гэр орноосоо нэг их хол явчихаад буцах гэж байгаа юм шиг босоод цэцэрлэгийн дундуур хэд алхан өмнө нь явж байсан замаа олж шигүү ургасан моддын дундах зүлгэн дээр суугаад авлаа.Өгөнийг тийнхүү сууж байхад эргэн тойронд нь,бас дээр нь,хол,ойр,ер нь хаа сайгүй тийм гэж тоймлох аргагүй,учир нь олдомгүй дуу чимээ гарч,тэрхүү чимээний бүгтхэн нүргээнээр Парис хот бүхэлдээ амьсгалж байх шиг санагдав.

 

Дээр хөөрсөн нарны  туяа Бологнегийн гудамжийг бүхэлд нь илч гэрлээрээ гийгүүлж байлаа.Сүйх тэрэгний түрүүч явж эхлээд,морьтнууд хөөр хөгжөөн болон цуглаж байсан цагсан.Алсладсан тахир замаар явж байсан нэгэн хосын бүсгүй нь модны мөчир дээрх нэг бор юмыг гэнэт олж хараад гайхан алмайрах нь тэр ээ.

” Тэр юу вэ?”

Ийн хэлүүтээ сайхь эмэгтэй чарлан найз залуугийнхаа гар дээр унасныг газарт хэвтүүлэв.Харуулын хүмүүс ч тэр дорхноо цуглан ирцгээж өмдний мөрөвчөөр хоолойг нь боож модны мөчрөөс дүүжилсэн өвгөнийг газарт буулгав.Тэд түүнийг урд үдэш нь өөрөө өөрийнхөө амийг егүүтгэсэн байна гэж санал нэгтэйгээр оношилцгоов.Түүний биед байсан бичиг баримтыг үндэслэн түүнийг Лабусегийн компаниудын нэгэн салбарт нягтлан бодогч ажилтай Лерас гэгч болохыг танив.Харин тэд чухам ямар шалтгаанаар өөрийгөө тийнхүү егүүтгэх болсныг тогтоож чадаагүй юм.Магадгүй мэдрэл нь гэнэт муудсан ч юм бил үү…

 

 

Орчуулсан Т.Дашбалдан


URL:

Сэтгэгдэл бичих