Жанжны талбай, хятад ханз, монгол ёс

Жанжин Д.Сүхбаатарын талбайд баруун хойд өнцгөөр нь алхаж орж ирээд зүүн зүгт халиаж явтал нэг зүйл нүднээ туйлын содон тусав.

Дуурийн театрын хойд этгээдэд, замын хаяанаа баруун тийш харуулан босгосон час улаан өнгийн томоо самбар дээр хятад ханз үсгээр ямар нэгэн зүйлийг томруун гэгч бичсэн нь нийслэлийн төв талбайн хаанаас ч харсан нүдэнд шууд тусах ажээ, Луу, гал, од мичдийн дүрслэлээр чимэглэж сүр оруулсан тэдгээр ханзат самбарыг харахад Хятадын хотуудад таардаг гудамжны нүсэр зарлалууд эрхгүй санагдана.

Хятад хэлээр, ханз үсгээр юмаа сурталчилдаг болоо юу хэмээн айх гайхах зэрэгцээд дөтлөн очвол учир нь олдов. Улаанбаатарт өнгөрсөн 30-нд эхлээд үргэлжилж буй Хятадын соёлын сарын хүрээнд болох хоёр орны оддын тоглолтын зарлал аж. Үүнийг тайлбарлан бичсэн монгол үгс дэргэд нь очихоос нааш харагдаж уншигдахгүй, учир нь том том хятад ханзны доод талд хавьгүй жижиг хэмжээтэйгээр бичжээ.

Монгол хүн бол ойртож байж уншиж ойлгоно, харин хятад хэлтэй хүн энэ самбар ямар учиртайг лав л төв талбайн хаанаас нь ч хараад өлхөн ухчихаар юм.

Ханз үсэгний хэлбэрийн онцлогийг ойлгож болно, гэхдээ ямар ч онцлогтой байгаад энэ тохиолдолд монгол, хятад (монгол, орос; монгол, англи; монгол, бангладеш… аль нь ч байсан) үг үсгийг ямар харьцаатай хэрэглэх ёстой, тэр зарчим мөрдөгдсөн эсэхэд эргэлзээ төрнө. Хятадад нэг ийм арга хэмжээ болоход самбарыг нь монгол үсгээр эзлүүлээд, хятад бичигтээ өчүүхэн зай олгосон байвал (ийм зүйл амьдрал дээр тохиолдох нь туйлын эргэлзээтэй. ч) хятад хүнд ямар нэг бодол төрж, реакци үүсэхтэй адилаар маньд ямар нэг эргэлзээ төрж байна.

Хятад том нь үнэн, манай хоёр найрамдалтай нь үнэн, найрамдалтай тул нэгнээ хүндлэх нь үнэн, гэхдээ ”ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж үг бий. Хятадад тийм л байгаа, харин Монголын нийслэлийн зүрхэнд тиймгүй байна биш үү?

Б.Амгалан

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих