Таван аймгаас хорт хавдартай 44 хүн илрүүлжээ
Хавдрын эмч, мэргэжилтнүүдийн баг орон нутагт ажиллахаар өнгөрсөн даваа гаригт замд гарлаа. Хавдар судлалын үндэсний төв, ХААН банктай хамтарч “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буйд орон нутгийнхан ам сайтай байна. Нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн жил нийслэл болон 21 аймагт ажилласан бол энэ удаа хавдрын өвчлөл өндөртэй 12 аймгийг сонгон ажиллахаар болсон.
Тэд өнгөрсөн хавар Өмнөговь, Дундговь, Увс, Говь-Алтай, Завхан аймагт ажиллаад түр завсарласан. “Харин энэ долоо хоногоос Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт ажиллана.
Мэс заслын эмч, хавдар судлаач, эмэгтэйчүүдийн эмч, эс судлаач, дүрс, дуран оношлогооны эмч, сувилахуйн сургагч багшийн бүрэлдэхүүнтэй дөрвөн баг замд гарсан бөгөөд нэг аймагт тав хоног ажиллана” гэж тус төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар ярилаа.
Хавдрын эмч нар өнгөрсөн тавдугаар сард таван аймагт ажиллахдаа 7780 хүн үзэж, хорт хавдартай 44, хоргүй хавдартай 586, хавдрын урьтал өвчтэй 872 хүнийг илрүүлжээ. Ингэснээр найман хүнд орон нутагт нь мэс засал хийж, шаардлагатай хүмүүсийг нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх, эмчилгээнд оруулах зэргээр шуурхай арга хэмжээ авчээ.
URL:




