Б.Тулга: Өндөр албан тушаалтай хүний хажууд байсан учраас нэлээд их зүйлийн зах зухаас мэднэ

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Та Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдад намаасаа нэр дэвшлээ. Дэд сайд болбол энэ салбарт юу хийе гэж бодож байгаа вэ?
-Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд тулгамдаж байна. Манайд уул уурхайн хөгжлийн тухай сүүлийн үед их ярьж байна. Эдийн засгийн хөгжилд түлхүү анхаарсан учраас байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого нэлээд алдагдсан гэж харж байгаа. Дээрээс нь дэлхийн уур амьсгал дулаарч байна. Тиймээс Монголын байгалийн онгон дагшин дүр төрх алдагдах хандлагатай боллоо. Гэх мэтчилэнгийн олон асуудал тулгараад байгаа, ийм үед энэ салбарын дэд сайдаар ажиллахаар нэр дэвшиж байна.
-Ямар бодлогоор ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Дэлхийн ан амьтныг хамгаалах сан гэж бий. Хятадад сөнөж байгаа хулсны баавгайг энэ байгууллагаа логогоо болгон явж байна. Тийм ч учраас энэ амьтныг аврах том хөдөлгөөн өрнүүлсэн. Үүнээс санаа авч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тухайлбал, манайд нэн ховордсон мазаалай байна. Энэ амьтны тоо толгойн хорогдлыг төрийн хэмжээний асуудал болгож тавихгүй бол устлаа шүү дээ. Гэх жишээгээр олон ан, амьтныг нэрлэж болно. Уул уурхайг ашиглах хэт дайралтаас болоод байгаль орчноо сөнөөх тийшээ явж байна. Тиймээс хариуцлагатай уул уурхайг бий болгож, байгалиа хамгаалах талаар тусгай бодлого гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэ бүх асуудал зөвхөн нэг яам, нэг сайдын шийдэх асуудал биш. Ард иргэд нийтээрээ эдгээр тулгамдсан асуудлын төлөө сэтгэл нэгтэй ажиллах ёстой.
-Ногоон хөгжлийн сайд ИЗНН-ын дарга С.Оюун байгаа. Та хоёр хэр гар нийлж ажиллах бол?
-Эвслийн Засгийн газар угаасаа гурван субъектээс бүрдэж байгаа шүү дээ. ИЗНН энэ удаагийн Засгийн газар Ногоон хөгжлийн яамыг авч явахаар болсон. Энэ яам шинэчлэлийн Засгийн газрын бодлогын яам байхаар төлөвлөгдсөн. С.Оюун сайд бид хоёрын хувьд эртнээс хамтарч ажиллаж үзсэн. Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байхад С.Оюун сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байлаа. Тэр үед гадаад, дотоод руу төрийн айлчлал дагаж явдаг байсан. Тэгэхээр бидэнд санал зөрөлдөх зүйл гарахгүй болов уу.
-Дэд сайдын суудлыг авах сонирхол танд үнэхээр байсан учраас намынхан чинь дэвшүүлэв үү?
-Засгийн газар бүтцээ бүрдүүлсний дараа өдрөөс дэд сайд нарын асуудлыг ярьж эхэлсэн. Хэвлэлээр элдэв таамаг явж байлаа. Яаж мэдсэн юм, МАХН-аас нэр дэвшүүлэх дэд сайд нарын дунд бидний нэрийг бичээд байсан. Надад заавал дэд сайд болох туйлын сонирхол байгаагүй. Нам өөрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, төрд зүтгэх үүргийг надад өгч, дэд сайдад нэр дэвшүүлсэн байгаа.
-Дэд сайд нарын асуудлаар Н.Энхбаяр даргатай санал солилцсон уу?
-Бид хоёрын хооронд энэ талаар ямар ч яриа өрнөөгүй.
-Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамгийн ойр байсан хүн нь та. Тиймээс түүний алдаа, амжилт гаргаж байсан бүх үед хамт байсан байх…
-Энхбаяр даргын дэргэд 2004 оноос хойш баруун гар нь болж ажилласан. Энхбаяр дарга Монгол Улсыг улс шиг улс болгохын тулд өөрийгөө, гэр бүлээ, хажуудаа байгаа хүнээ хайрлахгүйгээр зүтгэдэг байлаа. Тэрээр “Хүн өдөр болгон шинээр төрөх ёстой юм байна. Өөрөө өөртөө сэтгэл ханавал тэр хүн бүхнээс хоцордог. Хөгжил гэдэг бол Монгол дотроо өрсөлдөж, талцах явдал биш юм байна. Монгол Улс дотроо эвтэй байж бусад улстай өрсөлдөнө” гэж байнга хэлдэг байлаа. Энхбаяр даргыг анх Англид оюутан болоод очиход гааль дээр шалгасан гэдэг юм. Тэгээд түүний Монгол Улсын иргэний паспортыг нь хараад “Монгол гэж ямар улс байдаг юм. Худлаа ярьж хил нэвтэрсэн байна” гээд саатуулсан тухай дурсамж бий. Энэ үеэс Энхбаяр дарга Монгол гэдэг нэрийг гаргаж, Монгол Улсаа аль ч улсаас дутаахгүйн төлөө ажиллахыг эрмэлзсэн гэдэг. Ер нь дэлхийн зарим улс Н.Энхбаяр даргаар Монголыг төсөөлдөг шүү дээ. Ийм л том улстөрчийн нэг.
-Гэхдээ Монголд авлигыг цэцэглүүлж, өнөөгийн энэ бохир улс төрийг бий болгосон хүн гэх юм?
-Албан тушаалтай байхад нэг зовлон бий. Хүн бүхэн өөрийн эрх ашгийнхаа асуудлыг зохицуулахаар албан тушаалтанд ханддаг. Ажилтай, албан тушаалтай болгоод өгөөч гэж гуйна. Тэр бүгдийн хүслийг гүйцэлдүүлээд байж чадахгүй шүү дээ. Энэ нь түүнийг олон хүнд дайсан болгон харагдуулсан. Тиймээс наагуур цаагуур нь элдвээр ярьж гүтгэсэн. Ийм байдал нь эцэстээ Н.Энхбаяр даргыг хэлмэгдэлтэд өртүүллээ. Монголын төрд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш үнэн түүхийг мэдье гэвэл Н.Энхбаяр даргыг амьдрал, ажлыг сайтар судлах хэрэгтэй. Дэргэд нь ажиллаж байсны хувьд энэ хүнийг учиргүй мөнгө идээд, улсын хөрөнгийг хувьдаа завшаад, авлигыг цэцэглүүлээд явсныг нь мэдэхгүй.
-Та хаана сургууль төгссөн бэ. Яаж яваад Н.Энхбаяр даргын баруун “гар” болчихов?
-Дархан хотын дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн математик, компьютерийн сургуулийг дүүргээд Дархан дээд сургуульд нэг жил багшилсан. Ингээд Улаанбаатар хотод ирчихээд санаандгүй явж байгаад одоогийн МАН, хуучин МАХН-ын намын удирдах аппаратад мэдээллийн технологийн инженерийн ажилд орсон юм. Тэнд хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Тухайн үед МАХН-ын вэб сайт, мэдээллийн технологи, дотоод сүлжээ, телевиз, радиогийн сүлжээг гардаж хийсэн. Тэгэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр байлаа. Тэрээр миний хийсэн ажлыг үнэлээд өөрийнхөө туслахаар ажиллахыг санал болгосон юм. “Ийм том даргын туслахыг мань мэтийн юм хийж болдог юм уу” гэж тухайн үедээ сандарч байлаа. Гэвч “Зүгээр ээ. Чамайг нэг жил гаруй хугацаанд судалсан” гэж хэлсэн.
-Та нэг нутаг ус биш юм уу?
-Хүмүүс намайг түүний хамаатан садан, нутаг усных нь хүн байх гэж ярьдаг байсан. Гэтэл би Ховд нутгаас гаралтай хүн шүү дээ.
-Түүний туслах болсноор улс төрийн халуун тогоонд оров уу?
-Тэгсэн. Хүссэн хүсээгүй улс төрийн бүх үйл ажиллагаанд татагдан орсон доо. МАХН-аас сонгуульд нэр дэвшигчидтэй ажилладаг байлаа. Улс төрийн шийдэл, сонгууль, тэмцэл гэж юу байдгийг ойлгож эхэлсэн. 2004-2008 онд иргэний хөдөлгөөнүүд хүчээ авч байсан үе. Уул уурхайн талаар гаргасан бодлогыг тэд шүүмжилнэ, түүнийг нь төрийн зүгээс бодолцож асуудалд уян хатан ханддаг байлаа. Гэтэл МАНАН-гийн Засгийн газар сүүлд энэ асуудлыг үл ойшоож, Оюу толгойн гэрээг Монголд ашиггүйгээр хийлээ. Иймэрхүү маягаар том ордуудаа гадныханд найр тавьж өгөөд нүгэл үйлдсэн шүү дээ.
-Та түүнийг төрийн гурван өндөр албан тушаалд очиход хамт байсан. Энэ үед томчуудын дунд яригдаж, болж байсан нууцаас их мэднэ биз…
-Азтай хувь тохиол гэх үү. Өндөр албан тушаалд байгаа хүний хажууд тус болж явсан учраас нэлээд их зүйлийн зах зухаас мэднэ. Монголын төрд зүтгэж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ, ямар ашиг сонирхолтой билээ гэдгийг гадарлана. Хэн нь юу ярьж явдаг байсан. Одоо яриа нь яаж өөрчлөгдчихөөд байгаа вэ гэдгийг мэднэ. Тэд ч намайг мэдэж байгаа. Мэдээж төрийн хар хайрцаг гэж зүйл байхгүй шүү дээ. М.Энхсайхан дарга нэг удаа “Төрийн хар хайрцаг гэдэг бол төрийн удирдагчдын хоорондын яриаг хэлдэг” гэж хэлсэн юм. Төрийг тухайн үед удирдаж байсан хүн дараагийнхаа удирдагчид улс орны асуудлаар хэнтэй юу ярьсан, манай улс ямар байр суурь илэрхийлсэн, гадны аль улстай яриа өрнүүлсэн, тэд ямар санаа бодолтой байсныг нь уламжилж, мэдээлдэг. Үүнийг л төрийн хар хайрцаг гэдэг юм. Үнэндээ Н.Энхбаяр даргыг шоронд аваачиж хорьсон нь төрийн хар хайрцагны бодлогыг эвдэж байгаа хэрэг. Монголын төрийн гурван том албан тушаалд очсон хүн Н.Энхбаяр даргаас өөр байхгүй. Тэр Монгол Улсын төрийн хар хайрцаг. Тиймээс түүнийг шоронд хорих биш хамгаалах ёстой гэж үздэг.
-Мэддэг зүйлээсээ одоо дэлгэж болохгүй юм уу?
-Барим тавим баримт бол хэцүү шүү дээ. Хэн нэгнийг гүтгэсэн болж хувирах биз. Хэзээ нэгэн цагт бүх зүйл үнэнд гүйцэгдэх байх. Би хоёр хүүхэдтэй залуу хүн. Тиймээс үр хүүхдээ эх орондоо нүүр бардам амьдруулахын төлөө улс төрийг цэвэрлэхийн тулд зүтгэж байна.
-Танай ах Хуягийн нэр дээрх компанид “Өргөө” зочид буудлыг хувьчилсан гэдэг асуудал бий. Үүнийг энд хөндөхгүй өнгөрч болохгүй нь…
-Тийм. “Хар дун” гэдэг компани манай ахынх мөн. Гэхдээ энэ Батшугарын компани гэдэг нь худлаа. Шугар, Хуяг хоёр энэ компанийг хамт байгуулъя гэж ярьдаг байсныг мэдэхгүй. Манай ах бол сургууль төгссөнөөсөө хойш бизнес хийж яваа залуу. Гэтэл түүнийг хийж бүтээгээд, уналтад орж байсан газрыг босгоод ирснийх нь төлөө буруутгаж байна. Үүгээр далимдуулж, Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүллээ. Монгол Улсын аль ч иргэн компани байгуулаад явах эрхтэй. Тэр эрхээ л эдэлсэн. Гэтэл Хуяг “Хар дун” компанийг байгуулсан учраас дүү Тулгыг нь барьж хорино гэдэг зарчмыг ерөөсөө ойлгоогүй. Хэн нэгэн хүний хийсэн үйлийг нөгөө хүнд ногдуулбал тэр хэлмэгдүүлэлт болно шүү дээ. Ийм хэлмэгдүүлэлт 1937 онд болж байсан. Аав нь хэрэгт холбогдсон бол хүүхдүүд нь сургуульд явах ёсгүй, ээж нь ажил хийх ёсгүй гэдэг зарчмаар хэлмэгдүүлдэг байлаа. Ийм явдал бидэнд тохиолдлоо шүү дээ.
-Өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй болсон хүн ойр тойрныхондоо тусалдаг байх. Энэ л зарчмаар туслахынхаа ахын компанид “Өргөө” зочид буудлыг хууль бусаар аваад өгчихсөн байх л даа. Эсвэл Н.Энхбаяр дарга өөрийнхөө компанийг танай ахын нэр дээр бүртгүүлсэн юм уу?
-”Өргөө” зочид буудлыг авсан юм уу хувьчилсан юм биш шүү дээ. Энэ асуудлаас болоод намайг 14 хоног баривчилсан. Тэр үед л энэ асуудлыг анхаарч судалсан л даа.
-Үүнээс өмнө нь юу ч мэддэггүй байсан гэж үү?
-Миний ах бол надаас тусдаа амьдралтай хүн. “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан компани байгуулж хөрөнгө оруулалтын ажил хийсэн юм билээ. Энэ газраас олсон ашгаас нийслэлийн захиргаа хувь хүртээд явж байгаа. Ийм л зүйл болсон шүү дээ. Үүнийг улстөржүүлээд Нямдорж олон юм ярьсныг гайхсан. Үнэндээ би Нямдоржийн золиос болчихоод сууж байна шүү дээ.
-Та одоогийн МАН-ын гишүүн байсан уу?
-Тийм. Залуучуудын холбооных нь удирдах зөвлөлд ажиллаж байсан.
-Тэгээд намаас хэзээ гарав?
-Намайг эзгүй хойгуур олон үйл явдал өрнөсөн байсан. Би 2009 онд АНУ руу сургуульд явсан. Нью-Йорк хотын нэг сургуульд улс төр судлалын чиглэлээр сурахаар явсан. Ингээд ноднин эх орондоо ирсэн. Монголдоо ирээд пиарын чиглэлийн компани байгуулаад явна гэдэг зорилготой ирсэн. Гэтэл Н.Энхбаяр дарга улс төрийн үйл ажиллагаа явуулж байлаа. Тэнд боловсон хүчний орон тоо байв. Тиймээс “Би тантай ажиллая” гээд очсон доо.
-Сургуульд ямар шугамаар явсан бэ?
-Төрөөс дэмжлэг аваагүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмжлэгээр явсан юм уу?
-Төрийн сангийн зээллэг хөөцөлдвөл цаг алдах гээд байсан. Тэгээд ч би маш олон танилтай. Тэднээсээ тусламж хүсч, мөнгө босгоод сургуульд явсан. АНУ-д гэр бүлтэйгээ очоод суралцахын хажуугаар ажил хийж байлаа. Түргэн хоолны газар зөөгч хийж байсан.
-Жирийн залуучууд АНУ-д суралцахад хэцүү байх. Та чухам яаж сургуульд элсч байв?
-Би эхлээд Колумбын их сургуульд сурахаар явсан юм. Хамгийн эхлээд өргөдөл бичээд апликейшн бөглөөд тодорхойлолтоо өгдөг. Тэнд хамгийн гол зүйл нь тухайн суралцагчийг хамгийн сайн мэддэг багшийнх нь дэмжлэгтэй захидлыг харгалздаг. Ажил хийж байсан хүн бол ажил олгогчийнх нь захидлыг үздэг. Тиймээс намайг АНУ-д суралцахад яах аргагүй их дэмжлэг үзүүлсэн хүн бол Н.Энхбаяр дарга. Тэр хүн намайг дэмжих захиаг бичиж өгч байлаа. Улс орныг удирдаж байсан хүний хажууд ажиллаж байсан гэдгийг минь хараад тэр сургууль элсүүлсэн байж болох. Ингээд Колумбын их сургуульд орж байлаа. Харамсалтай нь тэр сургуулийн төлбөрийг дийлээгүй учраас гурван сар сураад өөр сургуульд шилжсэн. Ингээд Фордумын их сургуулийг төгссөн.
-Намын дарга нь шоронд сууж байхад намынхан нь, туслах нь төрийн өндөр албанд очлоо, хүн чанаргүй юм гэдэг шүүмжлэл хөвөрч байна. Гэвч нөгөө талд тэр хүнийг шоронд орлоо гээд дагаад үхэлтэй биш, өөрийгөө бодоод урагшаа явсан нь дээр гэж үүнийг зөвтгөмөөр ч юм шиг. Та юу гэж бодож байна…
-Шударга ёсыг тогтоохын тулд манай эвсэл явж байна. “Шударга ёс” эвслийг босгож, үүний төлөө явахын тулд Н.Энхбаяр дарга улс төрийн үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Үүнийхээ төлөө хэлмэгдчихээд байна. Би анх “Н.Энхбаяр дарга хэлмэгдчихээд байхад Засгийн газарт орох ёсгүй ” гэж бодож байлаа. Гэвч бид гудманд тэмцээд намаа унагаах юм бол Н.Энхбаяр даргын зорьж тэмүүлж байсан зүйлийг нураана. Манай эвслийнхний зорьж байсан нэг зүйл нь МАНАН-гийн Засгийн газрыг нураах байсан юм. Гэтэл бид Засгийн газарт ороогүй бол МАНАН-гийн Засгийн газар эргээд бий болох байлаа. Нямдорж эргээд Хууль зүйн сайд болох байсан. Тиймээс үүний эсрэг ажиллахын тулд Засгийн газарт орох нь зөв гэж үзсэн.
-Ер нь таныг улс төрд хүмүүжүүлсэн хүн нь Н.Энхбаяр дарга юм байна…
-Тэгж хэлж болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг дээ. Энэ хүний хажууд байснаар жижиг амбицтай байж, аливааг жижгээр харах ёсгүй юм байна гэж үзсэн.
-Дэд сайдаар ажиллавал түүний арга барилаар төрд ажиллана гэсэн үг үү. Түүнийг дагадаг байсан шүүмжлэл танд ирэх юм биш биз дээ?
-Цаг хугацаал харуулах байх. Улс орныхоо төлөө өөрийгөө дайчилж, аль болох бага шүүмжлүүлж ажиллахыг хичээнэ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
URL:







